“Евровидение -2017” олон улсын дууны тэмцээнд Португалын оролцогч Сальвадор Собраль түрүүлээ. 1956 оноос зохион байгуулж эхэлсэн уг тэмцээнд португал хүн анх удаагаа түрүүлсэн нь энэ юм.
Өчигдөр Киев хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болсон төгсгөлийн шатны шалгаруулалтад хагас шигшээд ялсан 18 дуучнаас гадна уг тэмцээний үндсэн таван ивээн тэтгэгч орон болох Их Британи, Франц, Герман, Испани, Итали болон зохион байгуулагч Украины дуучид оролцжээ.
Португалын оролцогч “Евровидение -2017”-д эгчийнхээ зохиосон “Amar Pelos Dois” дууг дуулан 758 оноогоор түрүүлснээр болор микрофоны эзэн болсон бол Болгарын оролцогч 615, Молдавын оролцогч 374 оноогоор хоёр ба гуравдугаар байрт орсон байна. Харин зохион байгуулагч Украины оролцогч 36 оноогоор 24 дүгээр байрт оржээ.