МУИС-ийн багш, доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэ “Ерөнхийлөгчийн сонгууль, Олигарх төлөвлөгөө, Авторитари дэглэмийн аюул” нийтлэлээрээ улстөрийн хоёр дахь хүчин болох Ардчилсан намын дотоод эв нэгдлийг хагалж, хүчгүйдүүлэх бодлого, нам дамнасан бүлэглэлийн эрх мэдлийн төлөөх тэмцэл зэрэг хөшигний ард өрнөж буй “Ардчилалгүй” асуудлуудын талаар хөндсөн. Тухайлбал, АН-ын нэвтрүүлсэн дотоод сонгууль, сунгаа нь Монголын ард түмэнд нэр дэвших, дэвшүүлэх эрхээ олж авч иргэний туйлын, хагацагдашгүй эрх болох сонгох, сонгогдох эрхээ бүрэн дүүрэн эдэлж эх орондоо эзэн суух боломжийг нээж өгөөд байсан бол өдгөө уг боломж хаагдах бодит аюул нүүрлээд байгааг өгүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор эрх баригчдын зүгээс эдүгээ өрнүүлж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэдэг үйл ажиллагаа, түүний ард нуугдаж буй тэдний төрийн эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх, сонгогчдын Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураах, магадгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцлах, улмаар Сингапурын маягийн авторитари дэглэм тогтоох санаархал юм. Түүний нийтлэлээс 24 баримтыг онцолж байна.
1. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд ирж АН дотооддоо сонгууль, сунгаа нэвтрүүлсний буянаар Н. Алтанхуяг, Р. Амаржаргал, Б. Батбаяр (Баабар), Х. Баттулга, Э. Бат-Үүл, Г. Батхүү, Лу. Болд, Д. Дорлигжав нар “их сунгаанд” биесээ сойж, 180 мянган гишүүд нь бооцоогоо тавьж, 1 сая 900 мянган Монголчууд наадахаар догдолцгоож байх шиг.
2. Харамсалтай нь ард олныг хөгжөөж, “ах” намын “албатуудын” атаархлыг хөдөлгөж, “даргын” жөтөөрхөлийг өдөөсөн АН-ын “их сунгаа” ардчиллын их баяр наадмыг 1) АН-ын “аюултай шинэчлэл”, 2) “ах” нам дахь халдвар, 3) Н.Алтанхуяг, Н. Энхбаяр хоёр, 4) ард түмний сонголтooс айсан “ах” намын “дарга” тэргүүтэй хэсэг олигархууд таслан, бүрмөсөн цуцалж ч магадгүй байна. Ард түмний сонгох эрхийг хураах, ардчиллыг боомилох, аливаа шаардлагатай эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх тэдний төлөвлөгөө нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэдэг нэртэй юм.
3. Тэд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх эхний алхмуудаа аль эрт хийж энэ оны 2 сарын 9-нд тусгайлан хууль гаргаж уг хуулийнхаа дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар Зөвлөлдөх санал асуулга явуулах гэдэг үйл ажиллагааг энэ 4 сарын 29-30-нд зохион байгуулахаар шийдвэрлэж Зөвлөлдөх Зөвлөл гэгчийг байгуулж Зөвлөлдөх уулзалт гэгчийг зохион байгуулж хүссэн зөвлөмжөө гаргуулж авахаар аль эрт зэхчхээд байна.
4. Энэхүү Зөвлөлдөх санал асуулга гэгчийг 1) Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард түмний зөвлөмж гэдэг УИХ-ыг дарамтлах зэвсэгтэй болох; 2) ард түмнээс Ерөнхийлөгчөө сонгох эрхийг нь хурааж, бүх эрх мэдлийг өөрсдийн гарт төвлөрүүлж буйгаа ард түмний нэрээр хийх, зөвтгөх; 3) ирж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хөрс сууриа бэлдэх гэсэн үндсэн 3 зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Олигархууд тусгай хууль гаргаж Зөвлөлдөх санал асуулга гэгчийг үйлдвэрлэж учир үл мэдэх ардыг уран гоё үгээр хошигруулж, Хамба тэргүүтэй хүндтэй ахмадуудаар ятган мунхруулж хүссэн зөвлөмжөө гаргуулж түүгээрээ УИХ-ыг дарамтлах оролдлого хийх санаатай юм.
5. Тиймээс Зөвлөлдөх санал асуулга нь 1) Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа, 2) УИХ-ыг дарамтлах зэвсэг, 3) Ард түмний сонголтын эрхийг хурааж, өөрсдийн гарт засгийн бүх эрх мэдлийг төвлөрүүлж буйгаа зөвтгөх хэрэгсэл юм. Хэдийгээр тэд өөрсдийн хүссэн зөвлөмжийг гаргуулж Үндсэн хуулийг хүссэнээрээ яаралтай өөрчлөн АН-ын сунгааг битгий хэл Ерөнхийлөгчийн сонгуулийг ч цуцлах санаархалтай ч тэдний энэ «цахилгаан дайны» төлөвлөгөөг УИХ тасалдуулах болов уу гэж найдаж байна.
6. Учир нь намын “дарга” Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад шаардагдах 51 саналыг “багцалж” чадахгүй байгаа нь илэрхий. Чухам тийм учраас л олигархууд тусгай хууль гаргаж Зөвлөлдөх санал асуулга гэгчийг үйлдвэрлэж учир үл мэдэх ардыг уран гоё үгээр хошигруулж, Хамба тэргүүтэй хүндтэй ахмадуудаар ятган мунхруулж хүссэн зөвлөмжөө гаргуулж түүгээрээ УИХ-ыг дарамтлах оролдлого хийх санаатай юм.
7. Энэ нь зүйрлэвэл 1919 онд жижиг Сүй зэвсгийн хүчээр далайлгаж шанзав Бадамдорж тэргүүтэй хэдэн «ихэс дээдсээр» Улсын доод хурлыг хүчиндэж Ар Монголын автономийг устгасан мөртлөө Монголчууд өөрсдөө сайн дураар гуйж автономио устган Хятадын муж болов гэсэнтэй агаар нэг юм.
8. Гэвч Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хаяанд тулчхаад байгаа энэ үед Үндсэн хууль өөрчилж, Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцалж, ард түмний Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураах нь дэндүү эрсдэлтэй төдийгүй УИХ-ын болон гишүүдийн өөрсдийн эрх мэдэлд ч ихээхэн сөрөг учир эрхбиш энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болох болов уу. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгууль эцсийн шийдвэрлэх тулаан болоод байна.
9. МАН-ын “дарга” тэргүүтэй олигархууд Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар 1) Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх, 2) АН-ын удирдлагыг гартаа авах боломжтой болох юм.
10. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тэд 1) шаардлагатай бүх эрх мэдлийг МАН-ын “даргын” гарт төвлөрүүлэх, 2) УИХ-ын эрх мэдлийг хасах танах, 3) иргэдийн Ерөнхийлөгчөө сонгох эрхийг хураан цуцлах юм. Нэгдүгээрийг биелүүлснээр тэд улс орны эдийн засагтай холбоотой асуудлууд, тухайлбал, Таван толгой, Эрдэнэт зэрэг орд газар, эрдэс баялгийн нөөцийг цэвэр өөрсдийн үзэмжээр шийдвэрлэх боломжтой болох юм. Хоёрдугаарыг хийснээр тэд хүссэнийгээ хийхэд нь, тухайлбал, Таван толгой, Эрдэнэт зэрэг дээр саад, гай болж ирсэн УИХ-ын амыг ч, амийг ч барих юм. Харин гуравдугаарыг хэрэгжүүлснээр тэд ард түмний сонголтоор хэн нэгэн Н.Энхбаяр, эсвэл Н.Алтанхуяг шиг “популист” гайнууд Трамп шиг гарч ирэх замыг бүрмөсөн хаах юм.
11. Ардчилсан намын удирдлагыг гартаа оруулснаар тэд З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын дайснуудаа улс төрөөс бүрмөсөн зайлуулахын дээр, намын дотоод сонгуулийг халах замаар өөрсдийн хуваарьгүй ноёрхлыг сэргээж, ардчиллыг, аливаа «популизмтай» хамт булшлах болно.
12. Гэхдээ АН-ыг гартаа оруулахын эцсийн зорилго нь “С.Баярыг эсвэл С.Баярцогтыг дугуйл” гэсэн олигарх «сонголтыг» ард түмэнд тулгаж ямагт өөрсдөө төр, засгийг эрх мэдлийг хянаж байх явдал юм.
13. Зорилгоо биелүүлэхийн тулд тэд Н. Энхбаярыг ялтай хугацаа нь дуусаагүй гэж хасахыг хичээнэ.
14. Харин АН-ын тухайд тэд хагалан бутаргах, магадгүй заргалдах, шүүхдэх ч арга хэрэглэж болох. Чухам ийм ч зорилгоор тэд Р. Амаржаргал, Б. Батбаяр (Баабар), Х. Баттулга, Э. Бат-Үүл, Г. Батхүү, Лу. Болд, Д. Дорлигжав нарыг дэвшүүлэхийг нь дэвшүүлж, дэвших байдалд хүрэхийг нь ч хүргээд байна.
15. Тэдний нэр дэвшигчдийн эхний зорилго нь Н. Алтанхуягаас аль болох олон санал хөндийрүүлэх. Улмаар Р.Амаржаргалыг дэмжиж бусад нь бүгд нэрээ татах байдлаар Н.Алтанхуягийг унагах. Мэдээж Р.Амаржаргал Ц.Элбэгдоржид илүү таалагдах ч, алсдаа гай болно гэдгийг М.Энхболд хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс Р.Амаржаргалын гол үүрэг нь Н. Алтанхуягийг унагаж аюулгүй байдлыг хангах явдал боловч аз байвал юмыг яаж мэдэх вэ гэж тэр ч, Ц.Элбэгдорж ч горьдож байгаа.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Зөвлөлдөх зөвлөл гэгчийг байгуулах, Зөвлөлдөх санал асуулга гэдэг үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгт илтэд үзэгдэхүйцээр гүйгээд байгаа юм.
16. Х.Баттулга бие даасан тоглолт хийх өндөр магадлалтай ч түүнд боломж олдохгүй. Их сайндаа л Н. Алтанхуягийн саналыг хуваалцаж, Элбэгдорж ба Ко-д санаатай, эс санаатай ч тус, дэм болоод л өнгөрнө.
17. Гай болж Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрын нэг гарч ирвэл сонгуульд годройтуулахын тулд тэд бүх л боломжтой мэхээ хэрэглэнэ. Тэдгээрийн тоонд заргалдах, шүүхдэх ч орж байгаа.
18. Мэдээж нөгөө талд нь М. Энхболд «дарга» МАН-аас өөрийн зорилгод яв цав нийцэх, хамгийн ялах магадлалтай этгээдийг, туйлын зорилгодоо нийцсэн, ялалтын хөтөлбөртэй дэвшүүлнэ.
19. Тэр нэр дэвшигч нь Д. Лүндээжанцан мэт байх бөгөөд түүний ялалтын хөтөлбөр нь одоо ид өрнөж байгаа Зөвлөлдөх санал асуулга нэртэй ухуулга, сурталчилгаагаар хийгдэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байх юм. Мэдээж энэ нэрээ нуусан сонгуулийн сурталчилгаа 4 сарын 30-наар зогсохгүй, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх хүртэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэртэйгээр өрнөх болно.
20. Д.Лүндээжанцан гишүүн энэ өөрчлөлтөд гол үүрэгтэй этгээд болж тодорч, улмаар МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болон тодрох болно.
21. Тийм ч учраас тэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Зөвлөлдөх зөвлөл гэгчийг байгуулах, Зөвлөлдөх санал асуулга гэдэг үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгт илтэд үзэгдэхүйцээр гүйгээд байгаа юм.
22. Ц.Элбэгдорж шиг эрх мэдэл булаалдан, төр самарсан овилгогүй амьтны дараа харин ч ёстой нэг хувилгаан бурхан шиг дөлгөөн, нас бие тогтсон намбатай, жинхэнэ ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болсон буянтай Ерөнхийлөгчтэй болох нь гэсэн «бор шувуу» ч нисгэж болно, ард олныг ч «хошгоруулж» болно гэдгийг тэд тооцсон байгаа.
23. Ялангуяа, Н. Энхбаяр, болон Н. Алтанхуяг, Х. Баттулга хоёрын нэг нь гарч ирвэл олигархууд тэднийг ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байх нь битгий хэл, харин ч хувийн өш хонзонгоор ард түмний эв нэгдлийг хагалж, улс орныг сүйрүүлнэ гэж ард олныг ятгах болно.
24. Энэ дэвсгэр дээр нь Д. Лүндээжанцан улам бүр эв нэгдэл ярьж, үндэсний эв нэгдлээ бэхжүүлэхийн тулд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж өөрийн эрх мэдлээ хасуулна, дахиж дэвшихгүй гэж сонгогчдыг уяруулна. Энэ хэрээрээ Д. Лүндээжанцан үгнээсээ буцах аргагүй болж, эргэлт буцалтгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихэд хүрнэ гэдгийг ч олигархууд мэдэж байгаа. Улмаар түүнийг сонгогдсоны дараа УИХ хандан Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болго гэж Зөвлөлдөх санал асуулгын зөвлөмж болон, ард түмэнд өгсөн амлалтаа баримтлан шахамдуул гэж түүнд зааварлахаа ч тэд мэдэж байгаа.
Сэтгэгдэл (9)