Нийтлэлч Б.Баабарын “АН-ын гишүүд, дэмжигч нарт” хаягласан нийтлэл Ардчилсан намын эгэл жирийн гишүүд төдийгүй шударга сонгууль хийхийг уриалдаг иргэн бүрийн дэмжлэгийг авч, харин эрх баригчид хийгээд дараагийн Ерөнхийлөгч болохыг мөрөөдөн нам дамнан “улстөр” хийж буй хэсэг бүлэг нөхдүүдийн шүдэнд орсон мах болоод байгаа. Учир нь түүний нийтлэлд дурьдагдсан Төрийн эрхийг хуурч мэхлэх, луйвардан дээрэмдэх аргаар авч буй гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүдийг зайлуулах уриалга, өнөөгийн АН-д өрнөөд буй “Мөнгөний ажил”, иргэн бүр өөрийн сонгох сонгогдох чөлөөт эрхээ эдэлж чадаж байгаа эсэх, төр зайдагнаж байгаа луйварчдыг түүхийн хог руу шидэх ёстойг сануулсан олон өгүүлбэрүүд нам дамнасан бүлэглэлийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж байгаа гэдэгт эргэлзэх юун. Ардчилал гэсэн үгний ард арьсаа нуусан дарангуйлагчдын талаарх 24 баримтыг онцолж байна.
1. Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч болох учиртай “А” жил гаруйн өмнө тодорхой болсон.
2. Бид “Хорин хэдхэн жилийн дараа нэг толгойлогчийг тойрон хүрээлсэн бүлэглэлийн гарт намын эрх мэдэл бүрэн орно” гэж төсөөлөөгүй.
3. Бид тайван замаар дарангуйллийн дэглэмээс салсан шигээ тайван замаар дарангуйллын тогтоц руугаа буцаж явна.
4. Ерөнхийлөгчийн сонгуульд хүн дэвшүүлэхдээ эхлээд нам дотроо нийт намын гишүүдийн оролцоотой сунгаа явуулна гэсэн ам тангараг худлаа болсон нь хамгийн сүүлийн жишээ.
5. Сая намын дотоод сонгуулиар тодорсон 380 хүн одоо энэ шийдвэрийг гаргах болов уу.
6. Нам доторх нэр дэвшилт 5-р сарын 2-7 хооронд болох учиртай. Намын нэр дэвшүүлэлт будлиантай болбол эхлээд хэн нэг нь гомдол гаргах учиртай. Гэхдээ Цагдаагийн байгууллагад. Цагдаа ирж шалгаад үнэхээр хулхи болсон гэж үзвэл Шүүхэд шилжүүлнэ. Шүүх үнэхээр тийм байна гэж үзвэл хулхидагчид заргалдан дараагийн шатны шүүхэд гомдол гаргаж болно. Ийнхүү гурван шатны шүүх болоод цагдаагаар 14 хоногийн дотор гялалзуулаад анхлан нэхэмжлэл гаргагчид заргаа авч чадах юм бол нам дотрох нэр дэвшилтийг дахиж болно. Энэ хугацаандаа багтахгүй бол тэгээд хохь нь.
7. Бүх төрлийн сонгууль нэг талаасаа бизнес, нөгөө талаасаа луйвар болоод удаж байна.
8. Өнгөрсөн гучаад жилд энэ нь Далай ламын шившлэгтэй гэх шүдэнз тараахаас эхэлж байсан бол одоо эцсийн үр дүн нь эхнээсээ хуйвалдан тохирогчдод тодорхой байдаг өгч авалцдаг сүлжээний бизнис болтлоо төгөлдөршжээ.
Ардчилсан нам том сорилтын өмнө ирлээ. Бид өнөөдөр сонголтгүй шахам болсон мухардлын ирмэг дээр зогсож байна. Эндээс цааш уналт л байхаас сорилт гэж тулгарахгүй.
9. Одоо намаас Ерөнхийлөгчид хүн нэр дэвшүүлэхдээ яах вэ? Яаж ч магадгүй. Мөнгөөр шахах арга байна. Нэр дэвшвэл мөнгө өг. Ийм практик АН-д өнгөрсөн өвлөөс гэнэт нэвтэрсэн.
10. Толгойлогчдод таалагдаагүй хүмүүсийг гүтгэн шинэ шуугиан үүсгэж, ёс зүйд таарахгүй, эсвэл намын гишүүдээс дэмжлэг авахгүй нь нэгэнт тодорхой болсон гэх мэтээр урьдчилан хасч байна.
11. Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч болох учиртай “А” ( нэр нь битүүлэг нэгэн гэе) жил гаруйн өмнө тодорхой болсон гэдэг. Улстөр-бизнесийн хамгийн том бүлэглэлийн зөвшлөөс тодорсон хүний нэрийг бид мэдэж чадаа ч үгүй байна.
12. Зөвшилд хүрсэн үеийг нь бол барагцаалж болно. Учир нь түүнтэй өрсөлдөж болох нөлөө бүхий улс төрчдийг жил гаруйн өмнөөс шившиглэх ажил эхэлсэн.
13. Хамгийн түрүүнд АН-ын С.Баярцогт энэ цэвэрлэгээнд өртөн шившиглэгдсэн ба араас нь Э.Бат-үүлийг оруулсан. Улмаар МАН-ын лидерүүд болох С.Баяр, Сү.Батболд “түмний шившиг болов”. Саяхнаас Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын нэр шившигийн багананд хадагдлаа.
14. Хэнийг сонгох тухай ярихын оронд хэнийг сонгуулахгүй байхыг тодорхойлсон энэ ажлын хүрээнд АН-д хэнээр даргалуулах, дараа нь яаж шившиглэх ажил ч багтсан гэсэн дүгнэлт ч байгаа
15. Фракц бүлэглэлийн толгойлогчид “миний багцанд төдөн хүн байгаа” гэдгээрээ хоорондоо өрсөлдөнө.
16. АН-ын шинэ толгойлогч саяхан “Би ардчилсан намыг чанга гараар удирдана” гэж мэдэгдлээ. Юу вэ, энэ чинь шорон биш шүү дээ.
17. АН-д (Ер нь бусад улс төрийн нам, ялангуяа МАН, АН хоёрт) одоо энэ тогтчихоод байгаа бузрын механизм удаан наслахгүй гэж би боддог. Эрхбиш чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцоонд амьдраад бүтэн үе солигдохыг үзчихсэн, төрлөх зан чанараараа омог бардам эрх чөлөөсөг Монголын ард түмэн ийм тогтолцоог нурааж л таараа. Энэ бол би байсан ч байгаагүй ч заавал тохиох түүхэн процесс.
18. “Хар хайрцагны программыг нь Баабар зохиосон учир дүн нь яг таарч байна” гэж хардагдаж ч байсан.
19. Луйварчдын тоглоом болж буй энэ орны иргэдийг бушуухан тэднээс нь салгах хэрэгтэй байна.
20. Луйварчин, хулгайч нараар толгойлуулсан сүлжээний голлох идэвхитнүүдээс урьдчилан тохиролцсон нэгийг нь улс орныхоо Ерөнхийлөгчөөр сонговол тэртээ тэргүй алсдаа нурах боловч өнөөдөртөө ноёлж улс орныг хоролсоор буй мафи бүлэглэлийн насыг л уртасгана шүү.
21. Монголын ард түмэн бид ардчилал нэрийн дор бүлэгжсэн дээрэмчид төрийн эрхийг хууль бусаар авахад нь урьдаас найруулсан сонгуульд нь орж луйварт нь тусалдаг, тэрийг нь хэм хэмжээ болгож өгдөг, хууль ёсны болгож харагдуулдаг хүүхэлдэй болчихоод байна.
22. Бид үнэхээр шударгаар төрөө сонгож чадаж байна уу, бид эрх чөлөөт ард түмэн мөн үү, явж явж төрийн эрх ард түмний мэдэлд байна уу, манай нийгмийн баялаг бидний эрх өгсөн хүмүүсээр дамжин шударгаар хуваарлагдаж чадаж байна уу гэсэн өдгөө олонх хүнийг эргэлзээнд оруулчихаад байгаа асуултад дүн тавих болно.
23. Доороос дээш хүртэл нэр дэвшиж байгааагаас авахуулаад эцсийн дүн гартлах сонгуулийн бүх процесс хэрхэн явагдахыг сайтар ажиглаарай. Сонгууль нэрээр Төрийн эрхийг хуурч мэхлэх, луйвардан дээрэмдэх аргаар авч буй гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүдийг зайлуулж, хуульд заасны дагуу иргэн бүр өөрийн сонгох сонгогдох чөлөөт эрхээ эдэлцгээе. Чухам ингэж байж бид ардчилсан тогтолцоот, чөлөөт, бат бэх, шийдвэрлэг төр улсыг цогцлоож чадна.
24. Сонгууль бол ямар нам засгийн эрх барихыг сонгодог төдий зүйл биш. Ямар нам засгийн эрх барих хэрэггүйг хэлж өгдөг. Улмаар ямар нам байгаад ч нэмэргүйг тодорхойлж, түүхийн хог руу шиддэг гэдгийг л бид санах ёстой.
Сэтгэгдэл (17)