Энэ сарын эхээр Шангри-ла моллд “ZD” эрдэнийн гоёлын дэлгүүр нээлтээ хийсэн. Уг дэлгүүрийг Зава Дамдин ренбүүчи буюу жинхэнэ нэр нь Осгонбаяр ламтан нээсэн нь олны анхаарлыг татаж, басхүү шүүмжлэл дагуулсан билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр Олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт орж, үнэт эрдэнийн дэлгүүр нээсэн талаараа болон үнэхээр олон нийт, лам нар дэлгүүр нээснийг дургүйцаад байгаа бол нударгаараа үзэлцэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн юм. Зава Дамдин ренбүүчи юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Би эдийн засгийн тодорхой хэмжээний эрх чөлөөтэй байж тодорхой хэмжээний боловсрол эзэмшинэ.
Баримт 2. Лам хүн гэдэг нийгмээс гадуур зүйл биш. Би монгол лам, монгол хүн.
Баримт 3. Би нийгэмд маш олон зүйл хийсэн. Гэхдээ би нийгэмд таалагдах гэж энэ замбуу тивд төрөөгүй. Энэ насандаа төрж, мэдээ орсон цагаасаа хойш уурын зуухны хажуугаар явахдаа тэр дотор ажиллаж байгаа хүмүүсийг хараад тэр хүмүүсээс яавал илүү зүйл хийх вэ гэж байнга боддог байсан.
Баримт 4. Би хуулиа судлаж үзсэн чинь лам хүн бизнес хийж болохгүй гэсэн зүйл байхгүй юм билээ.
Монголын бурхан шашинтны тэргүүн Д.Чойжамцыг хэн тэргүүн гээд томилсон юм. Би болон миний өвгөн багш нар томилоогүй. Ер нь Далай ламыг ч гэсэн хэн тэргүүн гээд томилсон юм. Монголчуудын тархийг л угаадаг болохоор шүтээд байна.
Баримт 5. Лам хүн бизнес хийж болохгүй гэж байгаа лам нар номоо сайн сураагүй бол зүгээр л номоо сайхан хураад, чимээгүй л сууж байх хэрэгтэй. Мэдэхгүй зүйлийнхээ тухай ярих хэрэггүй. Лам нар намайг буруутгаж байгаа бол өшөө сайн ном үзэж, над шиг багшийгаа сайн шүтээд явах хэрэгтэй.
Баримт 6. Бурханы шашин гэдэг маш ардчилсан шашин. Монгол оронд бурханы шашин эрт дээр үеэс дэлгэрсэн. Монгол ламыг заавал өөр орны лам нартай харьцуулах гээд байх хэрэггүй.
Баримт 7. Очир хөлгөнд суусан лам хааны гөрөөсний газрын гэсэн гурван явдлаар явдаг. Хэрэв очирт хөлгөнд суугаагүй бол тэр хүмүүсийг оролдох хэрэггүй.
Баримт 8. Би бол хааны явдлаар явж байна. “ZD” гэдэг дэлгүүр бол орчлонд байгаа хүн төрлөхтний замбуу тив дээр байгаа бүх сайхан эрдэнийн чулуугаар хийсэн зүйлс худалдаалдаг. Тэндээс олсон ашиг орлогыг юундаа зарцуулахыг би өөрөө мэднэ.
Баримт 9. Би өнөөдөр тэр дэлгүүрээс олсон орлогоор хорт хавдартай хүүхдүүдэд тусална гээд байх шаардлага байна уу. Би энд тайлан тавих шаардлагагүй. Ер нь бол нийгэмд юм хийх хийхгүй нь миний өөрийн шийдвэр.
Баримт 10. Хамгийн гол нь хуульд харш зүйл байгаа бол намайг шүүхдэж болно. Зарим үед төрийн, нийгмийн, хуулийн өмнө би өөрийн гэсэн шийдвэр гаргах эрх нь надад байна.
Баримт 11. Миний хийсэн сайн сайхан зүйлийг яагаад тэр лам гээд байгаа нөхдүүд олж харахгүй байгаа юм.
Баримт 12. Би “ZD” дэлгүүрийг чигчий хуруугаараа хийж байгаа. Ер нь бол би түүнийг өөрөө хийх шаардлагагүй. Зүгээр л чигчий хуруугаараа зааварлаж байгаа зүйл.
Баримт 13. Намайг баячуудын лам гээд оноогоод хэлчихсэн байна. Баян лам гэвэл би та нарын ухаж ойлгож байгаагаас илүү баянаас баян лам.
Баримт 14. “ZD” дэлгүүрийн барааг энгийн хүмүүсийг худалдаж авахуулах гээгүй. Тэрийг захирдаг хүн байхгүй.
Баримт 15. Монголд өнөөдөр надаас баян хүн байхгүй байж магадгүй. Надад багш нар, өвөг дээдсээс өвлөж авсан эрдэм ном гэж зүйл байна.
Баримт 16. Тэр намайг дэлгүүр нээсэнд эгдүүцээд байгаа хүмүүс нэг бол надтай хүний ёсоор харьцах нөгөө бол зүгээр л эр хүний ёсоор ярьчихгүй. Тэгэж их хор шар нь буцлаад атаархаад байгаа бол нударгаараа үзэлцчихээч.
Баримт 17. Төр түмэн нүдтэй гэж боддог. Хэрэв намайг буруу зүйл хийсэн бол ямар нэгэн зүйл ярих л байсан байх.
Баримт 18. Миний өмсөж байгаа хувцасыг та нарын яриад байгаа тэрбумтангууд чинь авч дийлэхгүй. Би тийм л баян хүн. Миний сууж байгаа сэнтий нөгөө баячуудын унаж яваа унаанаас чинь хэд дахин үнэтэй.
Баримт 19. Бид ном уншаад сүсэгтэн олны өглөгөөр бүтээн байгуулалт хийж хэзээ ч чадахгүй. Тийм болохоор тодорхой хэмжээний эдийн засаг хэрэгтэй. Би “ZD-д хэзээ ч худалдагч болоод зогсохгүй. Харин тодорхой хэмжээний эдийн засаг босгохын төлөө ажиллаж байна. Угаасаа ажилласаар ч ирсэн.
Баримт 20. Миний хийж байгаа зүйл Монгол Улсад ирээдүйд хэрэгтэй. Өнөөдөр монгол лам нарын түвшин үнэндээ бүрэн бүтэн боловсон хүчин бэлдэж чадаагүй л явж байна. Гадны шашинтангуудын бодлогоор над руу дайраад байх шиг байна. Ер нь залуучууд намайг эр хүнийнх нь хувьд надаас суралцах хэрэгтэй.
Баримт 21. Би ард түмэн гэж ярих дургүй. Би ард түмэнд таалагдах гэж энд сууж байгаа зүйл ч биш. Нийгэм маш тайван байна.
Баримт 22. Би олон нийтэд ном тавиад 5 жил болж байна. Монгол лам надаас үлгэр жишээ авч байна. Өвгөн багш нарыг бурханы оронд одсны дараа өнөөдөр лам нар хуучин лам нар байгаагүй юм шиг аашлаж байна. Энэтхэгт хэдхэн жил ном үзэж ирчихээд урд нь монголд бурханы шашин байгаагүй юм шиг аашлаж байна. Өнөөдөр орчин үеийн лам их зүйлд суралцах хэрэгтэй байна. Бид бол элит лам нар. Лам болгон элит болж чадахгүй.
Баримт 23. Монголын бурхан шашинтны тэргүүн Д.Чойжамцыг хэн тэргүүн гээд томилсон юм. Би болон миний өвгөн багш нар томилоогүй. Ер нь Далай ламыг ч гэсэн хэн тэргүүн гээд томилсон юм. Монголчуудын тархийг л угаадаг болохоор шүтээд байна. Шашин номынхоо үйлийг зүгээр хийхгүй монгол лам нарыг нохойн хоол идүүлэх гээд байвал би хүлээн зөвшөөрөхгүй.
Баримт 24. Тэр нөхдүүд надтай ирж уулзана уу гэхээс би юу гэж тэд нартай очиж уулздаг юм. Яагаад гэвэл миний багш нар тэдний чинь багш. Гэтэл өнөөдөр монголын бурхан шашин монголынхоо шашинаар явахгүй байгаа хүмүүсийг би шүтэхгүй.
Б.Энхжин
Сэтгэгдэл (130)