Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр төрийн захиргааны төв болон захиргааны байгууллага, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн. Энэ үеэр түүний хийсэн мэдээллүүд олны нахаарлыг ихээр тасан юм. Түүний дотор Монгол Улс 2017 оны 3 дугаар сарын 21-ны өдөрт багтааж төлөх ёстой байсан 580 сая долларыг бүрэн төлж барагдуулсныг Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Тэгвэл энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Монгол Улс өнөөдөр хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа.
Баримт 2. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна.
Баримт 3. Өнгөрсөн хугацаанд хийснээ, амжуулсан ажлаа харвал манай танхим субботникийн Засгийн газар байлаа гэж би хувьдаа дүгнэж байгаа.
Баримт 4. Манай улс сүүлийн дөрвөн жилд таван өөр төсөвтэй явж ирснийг нэгтгэж нэг төсөвтэй, санхүүгийн нэг дүрэм, сахилга баттай болголоо.
Баримт 5. 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр даван биелж, алдагдалтай явсан гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай, гадаад валютын нөөц сүүлийн 4 жилд мөн анх удаа өсөлттэй гарсан.
Баримт 6. Сэтгэл, зүтгэл байгаад гар, сэтгэл нийлбэл богино хугацаанд бага ч гэлээ эерэг үр дүн гаргаж болдгийг бид харууллаа.
Баримт 7. Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана.
Баримт 8. Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна.
Баримт 9. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно.
Баримт 10. Манай Засгийн газрыг байгуулагдаж байх үед Тавантолгойн нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ одоо өсч байгаа нь үнэн. Гэхдээ нүүрсний үнэ өнөөдрийнхөөс ч өндөр байхад тонн нүүрсээ 33 ам. доллараар өгөөд сууж байсан 2 жилийн өмнөх алдааг давтах эрх бидэнд байгаагүй.
Баримт 11. Тавантолгойн ордын нүүрс борлуулах дуудлага худалдааг ил тод, нээлттэй явуулж, үр дүнд нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр буюу нэг тонн нүүрсээ 72.5 ам.доллараар борлууллаа. Энэ бол үнийн өсөлтөөс гадна зөв менежмент үр дүн юм. Цаашид ч өрсөлдөөний энэ зарчмаа баримтална.
Баримт 12. Улсаа автомашинтай, эдийн засгаа шатахуунтай нь зүйрлэбэл асаад удчихсан бензинийх нь шар гэрэл унтарсан. Гэхдээ манай улсын эдийн засаг эмнэлгийн сэхээнээс гарч, ердийн тасагт шилжсэнээс бус, хүнд үе нь дуусаагүй байна. Харин ч шийдвэрлэх олон алхмын өмнөх босгон дээр бид байна.
Баримт 13. Эдийн засгаа сэргээх, эргэлтийн үеийн хамгийн хүндийг үүрэх их ажил, төр өөрөө бүсээ чангалахаас, төрийн албаныхан та бид хэмнэхээс, төрийн тансаглалыг зогсоохоос эхэлнэ.
Баримт 14. Манай улс эдийн засгаа хямралаас гаргах ОУВС-ийн дэмжлэгтэй, хөтөлбөртэй, эдийн засгаа сэргээх, тогтворжуулах товлосон цаг хугацаатай болно.
Баримт 15. Монголын эдийн засаг өнөөдөр гүн хямралтай байгаа ч гэсэн бид эргээд хандив хүлээн авагч орон болтлоо уруудан доройтчихоогүй байна.
Баримт 16. Монгол Улс өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар бүх юм сэргээд, тэндээс бөөн мөнгө гэнэт цутгаад, төсвийн алдагдлыг нөхөөд явчих юм шиг санавал эндүүрэл болно.
Баримт 17. Хямрал, өрийн энэ ангалаас бид өөрсдийн чармайлт оролдлогоор гарч, эдийн засгаа эрүүлжүүлэх, улмаар эргүүлэн сэргээхэд ОУВС-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй.
Баримт 18. Манай танхим хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш, харин эрх ашгийг нь хамгаалдаг Засгийн газар байх болно.
Баримт 19. Газраа ухахын оронд боловсролоо хөгжүүлж, өндөр технологи нэвтрүүлж хөгжсөн нь дээрээ гэж зарим нь ярьдаг. Гэтэл иргэдээ боловсролтой болгоход их мөнгө, өндөр технологитой болгоход үлэмж их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Тийм хэмжээний мөнгийг өнөөгийн нөхцөлд ганц уул уурхайгаас л олно. Уул уурхай нь орчин цагийн технологи, хүчирхэг хамтрагч нэхэж байгаа.
Баримт 20. Бид олсноо үрээд, хуваагаад дууссан ба эцэст нь хоосорсон эдийн засаг, улстөржиж талцсан олон түмэн хоёр л үлдсэн. Бид шударга ёсны үнэлэмжгүй, санхүүгийн сахилга батгүй ийм л нийгэмд амьдарч байна. Одоо бүгдээрээ энэ бодит байдалтайгаа эвлэрцгээе, асуудлаа шийдэцгээе.
Баримт 21. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц.
Баримт 22. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Маргаашаас эхлээд, төрийн томилолтоор гадаадад болон дотоодод онгоцоор зорчих хүмүүс энгийн суудалд, хамгийн хямд тийзээр зорч.
Баримт 23. Төрийн байгууллага, төрийн хууль иргэддээ энэрэнгүй байх ёстой болохоос хууль зөрчсөн, хуулиас давсан эрх мэдэл эдэлсэн хувь хүн, үйлдэлд хатуу байх ёстойг санаж ажилла. Ард түмнээ харин бүсээ чангалах дэглэмд бус, хэрэглээний шинэ сахилга бат, хямгач сэтгэлгээнд суралцаж дадахыг уриалж байна.
Баримт 24. Манай намын эх орон, танай намын эх орон гэж байхгүйтэй адил манай, танай гэсэн талцал хуваагдал Монгол Улсад маань одоо хэрэггүй. Монголчууд бид нэг л эх оронтой, нэгдмэл ард түмэн. Эх орон, ард түмэн маань биднээс хамтын эв нэгдэл, хамтын ойлголцол, хамтын зүтгэл, тогтвортой байдлыг л хүсч байна.
24 баримт: Ж.Эрдэнэбат “Мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ” https://t.co/SdSWeFkuSR
— Компанийн засаглал (@governancemong1) March 21, 2017
24tsag.mn
Сэтгэгдэл (47)