Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын Хурц Арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 224 бөхийн барилдаан болно. Барилдаан энэ сарын 11-ний өдрийн 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм. Г.Дэмүүл арслан бол говь нутгаас төрсөн алдртай цөөхөн бөхийн нэг юм. Тэрээр нуруугаар өндөр биш боловч хүч ихтэй, цэрвүү барьцнаас сөөлжин татаж эсрэг бөхийнхөө зүүн хонгонд хүчтэй алгадаж түлхэх, хав золгосон хүнийг дагуулж хавирах зэрэг гол мэхийг хийдэг манай хүчтэй, буурьтай арслангийн нэг байсан юм. Түүхэн мөнхрөн үлдсэн Г.Дэмүүл арслангийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Г.Дэмүүл 1935 оны модон гахай жил Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг “Хярын гурван Алтгана” гэдэг газар эцэг Гомбо-Аюуш, эх С.Чинжээ нарын гурав дахь хүү болон төржээ.
Баримт 2. Аав нь сум орон нутагтаа шаггүй барилдчихдаг, ээж нь бие жижиг боловч их бяртай хүн байсан байна.
Баримт 3. Г.Дэмүүл багаасаа үе тэнгийнхэнтэйгээ ноцолдож гутал хувцсаа тэсгээдэггүй нэлээд дэггүй хүүхэд байсан гэдэг.
Баримт 4. Тэрээр 21 настайдаа сумандаа барилдан түрүүлж, сумын заан цол хүртэж байсан аж.
Баримт 5. 1957 онд Дундговь аймгийн баяр наадамд очиж барилдаад “Дэнж нь булгичихгүй бол Дэмүүл хүү хазайхгүй ээ” хэмээн аархан барилдаж Ш.Доржтовуу начинг орхин түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ.
Баримт 6. Г.Дэмүүл аймгийнхаа баяр наадамд 1958, 1961, 1963, 1968, 1982 онд түрүүлж байв.
Баримт 7. Тэрээр 1961 оны бүх ард түмний анхдугаар спартикиад болоход аймгаасаа шалгарсан оролцож, аймаг, нийгэмлэгүүдээс шалгарсан шигшмэл 28 бөх тойргийн журмаар барилдахад 24 давсан амжилтаар тавдугаар байр эзэлж Монгол Улсын заан цол хүртжээ.
Баримт 8. Тэр тухайн жилээ Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадамд хэдхэн хоногийн өмнө адилхан заан цол авсан Архангайн Т.Зундуйтай тавын даваанд тунаж өвдөг шороодож байв.
Баримт 9. 1963 оны улсын баяр наадамд тав давж улам нэмэх чимэг цол хүрсэн аж.
Баримт 10. Мөн онд Монгол бүх ард түмний хоёрдугаар спартaкиадаар аймаг, нийгэмлэгээс шалгарсан 29 бөх тойргийн журмаар барилдахад 22 давж зургадугаар байр эзэлж үнэн хүчит чимэг, 1964 оны улсын баяр наадамд тав давж хурц шаламгай чимэг, 1965 онд зургаа давж бат хүчит чимэг, 1968 онд тав давж үнэн итгэлт чимэг, 1969 онд найм давж түүнтэй барилдах байсан Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар хоёр цаг 18 минут барилдсан учир хасагдахад Г.Дэмүүлийг түрүүлсэн гэж тооцож 34 насандаа Монгол Улсын арслан цол авчээ.
Баримт 11. 1970 онд долоо давж чин зоригт чимэг, 1971 онд тав давж бат суурьт чимэг, 1973 онд зургаа давж тод сонин чимэг, 1978 онд тав давж хурц идэр чимэг цол хүртсэн аж.
Баримт 12. Г.Дэмүүл 1979-1982 он хүртэл биеийн эрүүл мэндийн байдлаас болж улсын баяр наадамд барилдаж чадаагүй гэнэ.
Баримт 13. 1974, 1976, 1977, 1983 онуудын баяр наадамд дөрөв давж аймгийн арслан О.Пүрэв, Д.Шоовдор, Г.Жалаа, Д.Багахүү нарыг амлан авч улсын цолны босго алхуулжээ.
Баримт 14. 1962 онд гурав давжээ. Мөн 1984, 1991 онд хоёр давж залуу бөх Б.Жавхлантөгс, Ш.Лхагвасүрэн нарт унажээ. Мөн 1972 онд нэг даваад өвдөг шорооджээ. 1975, 1985-1990 онуудын баяр наадамд мөн л биеийн эрүүл мэндээс шалтгаалж барилдаагүй юм билээ.
Баримт 15. Г.Дэмүүл арслан хөл, гар шуундаа их тэнхээтэй бөх байсан гэдэг. Тэрээр хар багаасаа бяр чадал сууж хөл гарын булчин бусдаас өвөрмөц хөгжсөн төдийгүй гэдсэндээ ч чадалтай нэгэн байжээ.
Баримт 16. Г.Дэмүүл арслан бол аатай, бас шударга бөх байжээ. Тэрээр өөрийнхөө санаж бодсон зүйлээ шуудхан хэлчихдэг шударга нэгэн байв.
Баримт 17. Бас нэлээд сайн идчихдэг, архи уугаад барагтай бол согтдоггүй байсан тухай домог мэт яриа элбэг байдаг.
Баримт 18. Тэрээр нэг удаа айлд ороод айраг өгөхгүй болохоор яриа өдөж ам гарсан айлын 200 орчим литр айрагтай ширэн хөхүүрийг нь нэг км гаруй газар амралгүй авч явж машиндаа аваачиж тавьчихаад мөрийгөө авч байсан гэдэг.
Баримт 19. Арслан үндэсний бөхөөс гадна самбо барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль авч, 1975 оны Монголын бүх ард түмний тавдугаар спартикиадын дараахан спортын мастер болжээ.
Баримт 20. Мөн гүйлтийн тэмцээнд оролцож 100 метрийн зайд хоёрдугаар зэрэгтэй тамирчин болж байв.
Баримт 21. Г.Дэмүүл арслан шогч алиа зантай шударга байдлыг эрхэмлэдэг хүн байлаа.
Баримт 22. Түүний ууган охин Д.Соёл, хүү Д.Энхтүвшин нар бөхийн галбир төрх сайтай аавтайгаа маш адилхан ч барилдаж байгаагүй талаар бөх судлаач З.Жанжаадорж бичсэн бий.
Баримт 23. Охин Соёл, түүний нөхрийн санаачилгаар 2000 онд арслангийн хөшөөг Өмнөговь аймгийн төвд босгосон.
Баримт 24. Манлай сумын уугуул, суугуул иргэдийн санаачилга, хандиваар арслангийн хөшөөг сумандаа босгож хүндэтгэл үзүүлжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)