2016 оны УИХ-ын намрын чуулган завсарлаад хэд хонож байна. Намрын чуулганы нэгдсэн үеэр гишүүд нийт 34 удаа 166 цагийн хугацаатай хуралджээ. Энэ хугацаанд 85 хуулийн төсөл баталж, 190 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан аж. УИХ-ын гишүүдийн намрын чуулганы хугацаан дахь ажлын идэвхийг дүгнэсэн баримт мэдээллийг УИХ-ын Тамгын газраас гаргадаг билээ. Тэгвэл энэхүү мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр гишүүдийг тодорсон хамгийн хамгийнийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Хуралдаа хамгийн сайн ирцтэй оролцсон гишүүдээр Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Х.Баделхан, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ нар тодорчээ.
Баримт 2. Чуулганы хуралдаа хамгийн ирц муу суусан гишүүнээр Б.Наранхүү сүүл мушгиж байна. Тэрбээр нийт хуралдааныхаа ердөө 16 хувьд суусан аж.
Баримт 3. Түүний араас хамгийн залуу гишүүд болох Д.Гантулга, Б.Жавхлан нар удаалав. Залуу гишүүн хурал тасалсан шалтгаанаа “Оюутнуудад лекц уншидаг байсан” хэмээн тайлбарлажээ.
Баримт 4. Тэдний араас О.Содбилэг, Ж.Бат-Эрдэнэ нар удаалж, айргийн тавд орсон байна.
Баримт 5. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хамгийн их үг хэлж асуулт асуусан гишүүнээр тэргүүлжээ. Тэрбээр нийт 74 удаа үг хэлэхдээ 289 минутыг зарцуулжээ.
Баримт 6. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой хамгийн их асуулт асуусан гишүүн нь мен л О.Баасанхүү тодорчээ. Тэрбээр 112 удаа асуулт асуусан байна.
Баримт 7. Дараагийн идэвхтэй гишүүн бол УИХ-ын гишүүн Г.Занданшатар түүний араас Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар орж байна.
Баримт 8. Чуулганы хуралдаанд оролцохдоо огт үг хэлж, асуулт асуугаагүй гишүүдийн нэрс ч мөн хөвөрчээ. Тодруулбал чуулганы хуралдаанд ямар ч санал дүгнэлтээ хэлээгүй гишүүд бол Сү.Батболд, Д.Мурат, Н.Номтойбаяр, Г.Солтан нар байна.
Баримт 9. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын 76 гишүүнээс 53 нь гадаад томилолтоор явсан байна.
Баримт 10. Гадаад томилолтод нийтдээ улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг зарцуулагджээ.
Баримт 11. Хамгийн олон удаа гадаад явсан гишүүнээр Б.Жавхлан, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд тодорчээ.
Баримт 12. Харин гадаад томилолтоор яваагүй гишүүдээр О.Батнасан, С.Жавхлан, Н.Амарзаяа, Х.Нямбаатар нарын 23 гишүүн багтсан аж.
Баримт 13. УИХ-ын гишүүн С.Жавхлан гишүүн хуралдааны үеэр хамгийн их “инээд хүргэм” үгийг хэлсэн гишүүдийг манлайлж байна. Тэрбээр хууль батлагдсаны дараа “Саналаа хэлье. Эсвэл завсарлага авъя аа” гэж ангийнхныхаа дунд инээдэм болсон.
Баримт 14. Намрын чуулганы үеэр олны дургүйцлийг хамгийн их хүргэсэн үг хэлсэн эрхмээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тодорч байна. Тэрбээр “Хамтын тэтгэвэрийн тухай хууль”-ийг хэлэлцэх үеэр “Хууль яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэсэн хачирхалтай тайлбар хийж, олныг ”ангайлгасан”.
Баримт 15. Харин түүний араас Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлсэн “Ахмадууд талийгаачийнхаа өмнөөс тэтгэвэр авмааргүй байна гэсэн” үг олны нийтийн дургүйцлийг ихээр төрүүлсэн.
Баримт 16. Намрын чуулганы хугацаанд хамгийн дуулиан тарьсан, асуудал дагуулсан сэдэв Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал байв. Удтал хэлэлцсэн энэхүү хувьчлалыг төр буруутгаж, 49 хувийг төрийн мэдэлд аваар болсон.
Баримт 17. Мөн Монгол Улсын “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль” мөн л хамгийн их шүүмжлэл дагуулсан, халуухан сэдэв байсан. Удтал хэлэлцсэн энэхүү хуулийн МАН-ынхан өөрсдөө буцааж, олон хүний магнайг тэнийлгэсэн. Тус хуулийг МАН өөрсөддөө ашигтай байхаар батлуулахаар зүтгэж байна гэх шүүмжлэлийг дагуулаад байсан билээ.
Баримт 18. Намрын чуулганы хугацаанд хамгийн зоригтой, шийдэмгий үг хэлсэн гишүүнээр Ж.Энхбаяр тодорч байна. Тэрбээр “Б.Чойжилсүрэн сайдыг Тагнуулын Ерөнхий Газар шалга...Төрийг сульдуулах зорилготой...” гэдгийг хэлсэн бол цэвэрлэх байгууламжийг шинэчилж чадахгүй бол Д.Оюунхорол, Г.Мөнхбаяр, С.Батболд нарыг огцруулна гэдгийг мэдэгдээд байгаа.
Баримт 19. Өнгөрсөн хугацаанд эмэйгтэй гишүүд хамгийн их шүүмжлэлд өртсөн.
Баримт 20. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гялгар ууттай боорцог идсэнээр шүүмжлэл дагуулсан. Тэрээр энэ тухайгаа “Заримдаа бид гарч чадахгүй хуралдаж байна. Гарсан хоорондуур санал хураалт болоод. буруу зөрүү кноп дарчих вий гэх болгоомжлол төрдөг. Гэхдээ би камерын өмнө соёлтой хүн болж харагдаад камер енгерөнгүүт кофе цайгаа уух ёстой юм байна гэдгээ ойлгосон” гэж тайлбарласан.
Баримт 21. УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн бохь зажилж байсан үйлдэл ч мөн л шүүмжлэл дагуулсан. Тэрбээр “Бохь зажилсан үйлдэлдээ сэтгэл их эмзэглэсэн. Алдах эрх байхгүй юм байна гэдгийг ойлгосон’’ гэсэн тайлбар хийсэн.
Баримт 22. УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын гитар тоглож буй зураг цахим ертөнцөд дуулиан тарьсан. Энэ талаар гишүүн мөн л тайлбар хийж харагдсан. Ингэхдээ “Охиныхоо өрөөнд, сонгуулийн өмнө амралтынхаа цагаар очсон үеийн зураг байсан. Согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Битгий зураг дар гээд гараараа хаасан байсныг харсан байх. Би ядарсан үедээ гитар тоглодог” хэмээсэн.
Баримт 23. УИХ-ын гишүүн Б.Ундармааг чуулганы хуралдааны үеэр согтуу явж байсан гэх бичлэг мөн л олны анхаарлыг татсан. Энэ талаар гишүүн мөн л тайлбар хийсэн. Тэрбээр “Би архи дарс огт уудаггүй. Уусан ч найз нөхдийн хүрээнд дарс л ууна уу гэхээс бус хатуу зүйл хэрэглэдэггүй. Тухайн үед Амарзаяа гишүүн надаас юм асуух гээд “Ийшээ суучих” гэсэн юм. Бид хоёр хэдэн үг солиод босохын төдийх агшныг олон нийтийн сүлжээгээр цацсан байна лээ” хэмээн тайлбар хийсэн байдаг.
Баримт 24. Эмэгтэй гишүүдийн энэ бүх шүүмжлэлээс гадна эрэгтэй гишүүд ч шүүмжлэлийн гадна үлдээгүй. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Европт албан ажиллаар явж гадны нэртэй дипломатчидтай удаа дараа зургаа авахуулахдаа өмднийхеө халаасанд гараа хийсэн нь шүүмжлэл дагуулсан.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)