Сар шинэ дөхөж байгаа энэ үед айл болгон цагаан сарынхаа бэлэгний “эрэлд” гарцгааж байна. Тиймээс монголчуудын бэлэг өгөх, авах ёсны талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. Зочлох, хүндлэх, бэлэг сэлт барих заншлаар Монголчууд эртнээсээ алдартай. Монголын ёс заншлын уламжлалд эрхэм бэлэг нь есөн цагаан (8 цагаан морь, 1 цагаан тэмээ) болон торго, алт, мөнгөн эдлэл, ном бичгийн хэрэгсэл зэрэг багтдаг байжээ.
2. Үүнийг тодруулан үзвэл бод, бог мал, торго дурдан, хувцас хунар, алт мөнгө хийгээд хавтага, аяга, алчуур, хадаг (хожуу үеэс бэлэглэдэг болсон), цай болон цагаан идээ, чихэр, боов, мөнгийг бэлгэнд барих нь элбэг байжээ. Хонины шүүс (бүтэн мах), архи дарстай ирэхийг их бэлэгтэйд үздэг.
3.Бага насны хүүхдэд тоглоом, халуун хошуутай мал, аав нь хүүдээ, ах нь дүүдэ сайн хүлэг морь, багаж зэвсэг бэлэглэдэг.
4.Анд нөхөд бие биедээ нум сум, агт морь, хэрэглэж байсан эд юмсаа бэлэглэх буюу солилцдог уламжлалтай.
5.Монголчууд “Эдийн дээд хадаг, Идээний дээд архи” гэдэг.
6.Монголчуудын нэг хүндэтгэлтэй бэлэг нь хадаг юм. Хүнд хадаг өгөхөд учиртай ханддаг. Ногоон хадагаа багшдаа, шар хадагаа лам багшдаа, улаан хадагаа эцэг эхдээ өргөх ба цэнхэр хадагаар амар мэндээ мэдэлцдэг байжээ.
7.Монголчуудын хамгийн их бэлэг солилцдог баяр нь сар шинийн баяр юм. Дээр үед торго, даалимба, еэвэн, хэвийн боов, бал бурам зэргийг бэлэглэдэг байжээ.
8.Цагаан сараар цагаан идээгээр бэлэг барихаас гадна цагаан өнгийн дөрвөлжин торгыг их бэлэглэдэг байжээ. Үүнийг алчуур гэдэг. Бэлгийн алчуур ч гэж нэрлэдэг.
9.Хүүхдэд насных нь эрэмбээр янз бүрийн тоглоом бэлэглэдэг. Өгөх бэлэгний өнгө, тоог анхаардаг. Сондгой тоог эрхэмлэдэг. Учир нь юм жаргалаар эхэлж, жаргалаар дуусдаг гэж үздэгтэй холбоотой.
10.Нэг тоотой юмыг хүнд өгдөггүй, заавал хоёр болгож өгдөг. Энэ нь монголчуудын хувьд бэлэгдлийн ёсонтой шууд холбоотой.
11.Монголчууд бяцхан хүүхдүүд, төрөл садандаа мал зүслэн зааж өгдөг. Адуу, хонь, үхэр гурвыг халуун хошуутай хэмээн эрхэмлэдэг. Харин тэмээ, ямаа хоёрыг хүйтэн хошуутай хэмээн хүнд зүсэлдэггүй. Мал зүсэлж хүүхдэд өгөх нь тэднийг малд хайртай болгох, хүмүүжлийн ач холбогдолтой.
12.Монголын охид, бүсгүйчүүд хайртай хүндээ ур ухаанаа шингээн оёсон аяганы уут, хөөрөгний даалинг бэлэглэсээр иржээ. Энэ нь нэг ёсны хайр сэтгэлийн бэлэгдэл юм.
13.Монгол хүмүүс анд бололцохдоо бүс, морио солилцдог.
14.Монголчууд дөнгөж амаржсан нялх биетэй эх дээр очихдоо гар хоосон очдоггүй. Эхэд нь цагаан идээ, амттан, хүүхдэд нь баривч, хувцас бэлэглэдэг.
15.Нялх хүүхдийн цахиур (шүд) цухуйхад анх харсан хүн нь хундан цагаан хонь өгдөг ёстой байжээ.
16.Түрүүлсэн бөхийг морь, даагаар байлдаг (шагнадаг). Иймээс ч “Ногтоо ганзаглаж ирнэ” гэсэн үг гарсан болов уу.
17.Хуримлаад долоо хоносны дараа зарим нутагт бэр төрхөмдөө айлчлан очдог ба үүнийг айлчин гэдэг. Айлчин явахдаа цагаан идээ, мах, бал бурам зэрэг бэлэг сэлтийгавч очдог заншилтай.
18.Эцэг эх нь охиндоо сүүтэй үнээний удамтай тугал, бяруу, хүүдээ унага даага нэрлэж зүслээд өгдөг.
19.Тэрчлэн бас нэгэн эрхэм ёсон гэвэл Монголын баатар эрс илд бамбай, өмсгөл бүсээ дурсгалын журмаар солилцох, дархан хүн багажаа, бөх хүн зодог шуудгаа, эрдэмтэн бичгийн хүмүүс ном, судраа өөрийн шавьдаа буюу өөрийгөө залгамжлах найдвартай гэж бодсон аль нэг залуу хүнд бэлэглэж өгнө. Энэ нь тэр хүнд асар их итгэл хүлээлгэж, урам зориг хайрлаж буй иргэний хүмүүжлийн нандин уламжлал юм.
20.Монгол бөхчүүд “Зодог тайлах”, баатар, сайн эрчүүд “Саадаг шилжүүлэх” ёслол гэсэн тусгай зан үйл байжээ.
21.Монголчууд мал, эд юмс, хувцас зэргийг хүнд бэлэглэхдээ цагаан ба цайварт багтах өнгийг эрхэмлэж ирсэн уламжлалтай.
22.Хэдийгээр бэлгийн зүйлийн үнэ өртөгөндөө, төрөл зүйл нийгмийн хөгжлөөр байнга өөрчлөгдөж байдаг ч Монголчууд бидний хувьд хадаг, цай, аяга (мөнгөн) нь хүндтэй бэлэг одоо ч хэвээрээ байгаа. Бэлэгний төрөл дотор ихэнхдээ гоёл чимэглэлийн зүйл багтдаг. Монголчууд бэлэг өгөх, авахдаа нарийн дэг журамтай явж иржээ.
23.Зочинд бэлэг өгөхдөө эхлээд ахмад хүнд, гэр бүлээрээ ирсэн зочдын бол эр хүнд нь эхэлж бэлгээ өгдөг.
24.Хүнд доошоо харсан буюу малгай зэрэг зүйлийг бэлэглэдэггүй. Харин дээшээ харсан аяга зэргийг ихэд бэлэгшээдэг заншилтай. Бэлгийг настай хүнд хоёр гардан хүндэтгэлтэй өргөдөг.
Бэлэг өгөх, авахад цээрлэдэг зүйл
Малгай хүнд өгөхийг машид цээрлэнэ
Бэлгийг гарын салаагаар өгөх
Бэлгийг нь өгсөн эзний нь хажууд задлаж үзэх
Бэлгийг голох үг яриа гаргахыг цээрлэдэг