Ардчилсан намын долдугаар их хурал өчигдөр болж өндөрлөлөө. 180 гаруй мянган гишүүний төлөөлөл болсон 2900 орчим төлөөлөгч “Улаанбаатар палас”-т чуулж, шинэхэн намын даргаа батламжиллаа. Мөн хурлаар намын дүрмийн төслийг хэлэлцэн батлав. Тэгвэл тус хурлын эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Ардчилсан намын VII их хуралд 180 гаруй мянган гишүүний төлөөлөл болсон 2900 орчим төлөөлөгч оролцов.
Баримт 2. 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан нам VI их хурлаа хуралдуулж, тодорхой шийдвэрүүд гаргаж байсан. Тус хуралд нийт 1206 төлөөлөгч оролцож байсан аж.
Баримт 3. Их хурлыг Ардчилсан намын гишүүн Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Туваан ахалсан юм.
Баримт 4. Ардчилсан намын VII их хуралд санал өгөх эрхтэй 2854 гишүүн оролцов. Тэднээс 40-өөс дээш насныхан 1000 гаруй, 25-40 насныхан 800 гаруй, бусад нь 24-18 насныхан байв.
Баримт 5. Ардчилсан намын VII Их хуралд оролцсон төлөөлөгчид Ардчилсан намын дарга З.Энхболд чөлөөлөгдөж, Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батламжиллаа.
Баримт 6. Ингэснээр Шинэ даргын нэрийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх даалгаврыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгов.
Баримт 7. Ардчилсан намын тамгыг шинэ дарга С.Эрдэнэд гардуулахад нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар биечлэн оролцлоо.
Баримт 8. Ардчилсан намын дарга З.Энхболд тамгаа шилжүүлж өгөхийнхөө өмнө “Ардчилсан хувьсгалын тугийг өргөж явсан, ардчилал эрх чөлөө шударга ёсыг эрхэмлэгч журмын нөхөддөө баяр хүргэе. Ардчиллын төлөө тууштай тэмцэж, шинэчлэлийг хөгжүүлж чадсан мянга, мянган гишүүд, их хуралдаа ирсэн гишүүддээ талархаж байна” гэв.
Баримт 9. Мөн тэрбээр Ардчилсан нам УИХ сонгуульд цөөнх болсон хэдий ч алдаа дутагдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, өөрчлөлт, шинэчлэлийг хийж байна. Олигарх, оффшорчдоосоо салж чадсан Ардчилсан намын гишүүддээ талархал илэрхийлье. Ардчилсан намыг дахин эрх баригч хүчин болгохын төлөө З.Энхболд миний бие хамтран зүтгэх болно. Ардчилсан намын дарга С.Эрдэнийг 2020 оны УИХ-ын сонгуульд амжилт үзүүлэхийг ерөөе” гэлээ.
Баримт 10. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хурлын үеэр “С.Эрдэнээд өмнөх намын даргаас илүү эрх мэдэл, итгэл найдвар очиж байгаа. Монголд хэзээ ч урьд өмнө ийм олон гишүүдийнхээ саналаар намын дарга болсон жишиг байхгүй, С.Эрдэнэ анхдагч нь. Монголд ийм сунгаа хийж чаддаг нам хаана ч байхгүй. Коммунист нам байснаа нууж явдаг МАН хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Компанийн нам болж байсан нам хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Бүс нутагт ч ийм нам байхгүй гэдгийг бардам хэлж чадна” хэмээв.
Баримт 11. Мөн тэрбээр “Бидний өмнө улс төрийн том зорилго тавигдсан. Олигархийн тогтолцоог халах том тэмцлийн өмнө зогсож байна. Тийм учраас амаргүй бэрх зорилт байгаа. Гэхдээ ард нь 180 мянган гишүүд жагсаж байхад ялагдана гэж байхгүй” гэлээ.
Баримт 12. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Нээлттэй нам болох шинэчлэлийг та бид бүгдээрээ эхлүүлж чадлаа. Одоо сэтгэлгээний шинэчлэл рүү явах цаг нь болсон. Бид Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө зөв хүмүүжилтэй, зөв боловсролтой, хөдөлмөрийг танхин шүтдэг хүмүүсээ манлайлах ёстой юм. Цаашдаа сэтгэлгээний шинэчлэлийн төлөө явцгаая”.
Баримт 13. С.Эрдэнэ тамгаа гардахдаа “Энэ цаг үе бол Монголын Ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж амжилттай хэрэгжүүлсэн Ардчилсан Нам дахин шинэчлэгдэж, эдийн засаг, нийгэм, улс төрийн бүхий л хүрээнд дараагийн шатны хувьсгалыг эхлүүлэх ёстой тийм цаг үе юм” хэмээсэн.
Баримт 14. Харин С.Эрдэнэ тамгаа гардаж авсныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Энэ үеэр тэрбээр “Ардчилсан намыг нэг цул болгохын төлөө ажиллана. Нам фракц, бүлэглэлд хуваагдсан, хэрүүл талцалтай, хуваагдсан байдлаас салж, улс орны тэргүүлэгч хүчин болгохын төлөө ажиллана” гэсэн юм.
Баримт 15. Мөн “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу намаас нэр дэвшигчийг тавдугаар сарын 1-7-ны хооронд тодруулах ёстой. Бид энэ хугацаанд бүх гишүүдээс санал авах замаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна. Бүх гишүүдээс хамгийн олон санал авсан хоёр хүнийг намын VIII их хурлаар нууц санал хураалтаар тодруулна. Өөрөөр хэлбэл, хоёр үе шаттайгаар нэр дэвшигчийг тодруулахаар төлөвлөж байна” гэлээ.
Баримт 16. Ардчилсан намын VII Их хурлаараа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болголоо. Үндэсний бодлогын хороо нь 380 төлөөлөгчтэй.
Баримт 17. Уг нь шинэхэн намын дарга тухайн өдөртөө багтаж, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно гэж мэдэгдэж байсан ч тодруулж чадалгүй хурал өндөрлөсөн байна.
Баримт 18. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад Ц.Туваан томилогдох магадлал өндөр байгаа аж.
Баримт 19. Түүнийг шинэхэн намын дарга болох С.Эрдэнэ зүтгүүлж, байгаа гэх.
Баримт 20. Ц.Туваан нь Ардчилсан намын энэ удаагийн их хурлыг зохион байгуулах ажлыг хэсгийг ахалсан юм.
Баримт 21. Түүний хувьд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан. Мөн С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад тус яаманд Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байжээ.
Баримт 22. Өчигдөр болсон долдугаар их хурлын хаалтын өмнө Ц.Тувааныг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Баримт 23. Ардчилсан намын дпарга С.Эрдэнэ ирэх долоо хоногтоо багтан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох аж.
Баримт 24. МоАХ-аас Г.Байгальмаа, О.Магнай нар нэр дэвших хэлэлцээг эхлүүлсэн ч намын даргын сүрд дарагдаж байгаа бололтой.
24tsag.mn
Сэтгэгдэл (55)