УИХ өчигдөр энэ намрын отгон чуулганаа хийж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэн авахыг дэмжсэн. Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. УИХ зөвшилцөж ярилцаж байж шийдвэр гаргадаг газар. Монголчууд бие биенийгээ дэмжиж урагшлах ёстой. Гэвч сүүлийн үед гарч байгаа задрал, хагарал үнэхээр хүнд байдалд оруулж байна.
Баримт 2. Би Эрдэнэтийн асуудлаар наадмын дараа байр сууриа илэрхийлж байсан. Энэ удаагийн УИХ, Засгийн газар Эрдэнэтийн асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэж ёстой, ингэснээр тодорхой хэмжээний ойлголцолд хүрэх байх гэж зөвлөсөн. Гэтэл 7 сарын дараа хэлэлцэж байна.
Баримт 3. Эрдэнэт үйлдвэр анх 1978 нээлтээ хийж байсан. Тухайн үед үйлдвэрийг бүрэн хүчин чадлаараа 30 жил ажиллана гэж тооцоолсон. Гэтэл өнөөдөр 39 дэх жилтэйгээ золгож байна.
Баримт 4. Эрдэнэт үйлдвэр тарган сайхан саалийн үнээ явсан үе бий. Одоо энэ үйлдвэрт ойролцоогоор хагас тэрбум гаруй долларын засвар хэрэгтэй байна. Эмчилгээ, тордолгоо хэрэгтэй байна.
Баримт 5. Эрдэнэт үйлдвэрийн дансыг Шилэн болгох хэрэгтэй.
Баримт 6. Гэтэл өнөөдөр нийт албан тушаалтнуудын 60 хувь нь Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Та нар хуулийг сонгож хэрэгжүүлж байна.
Баримт 7. Ядаж энэ үйлдвэрт жил болгон аудит оруулж ирэх ёстой. Цэс хайлуулах үйлдвэрийг нь байгуулах ёстой.
Баримт 8. Баялаг нь дуусаад ирэхэд дахин өөр нэг үйлдвэртэй болсон байх ёстой. Өнөөдөр бид энэ асуудлаар ярилцаж байх ёстой.
Баримт 9. Би монголынхоо төлөө санаа зовсондоо энэ чуулганд орж ирлээ. Өөрсдийгөө зөвтгөсөн олон сайхан зүйл та нар ярьж байна. Гэхдээ дэлхий дахин та бүгдийг хүлээж авахгүй шүү дээ.
Баримт 10. Хувийн өмчийг нийгэмчиллээ л гэж ярина. Хэдхэн хоногийн өмнө дэлхийн хэвлэлүүдээр Монгол улс өрөө дарахын тулд иргэд нь хандив цуглуулж эхэллээ гэсэн мэдээ гарсан. Гэтэл дэлхий дахин Монгол ийм болтлоо дорд орсон байна гэж бичиж байна.
Баримт 11. Та нарын гаргасан шийдвэрийг дэлхий дахин юу гэж хүлээж авах бол.
Баримт 12. Хүний нутагт явж байсан агтаа аваад иржээ. Гэтэл та нар булааж авч байгаа юмуу.
Баримт 13. Энэ чинь шууд эдийн засгийн хориг арга хэмжээ болж хувирна. Өөрийнхөө иргэдий бизнесийг булааж авч байгаа улс хүний бизнесийг яах вэ? Иргэнийхээ бизнесийг Эрээний ченжээс ч дорд үзэж байна шүү дээ.
Баримт 14. Нэг хүний толгойд буруу бодол орж ирж болно. Гэхдээ тэр нь Монгол Улсын бодлого байж хэрхэвч болохгүй.
Баримт 15. Яг үнэнийг хэлэхэд энэ бол Эрдэнэтийн 49 хувийн асуудал ч биш.
Баримт 16. Үүгээр дамжуулж Засгийн газарт оролцох хэсэг хүмүүсийн санаархал байна. Дов нь дээр суух гэж байна. Улс төрд олон жил явсны хувьд үүнийг харж байна.
Баримт 17. Энэ асуудлыг ард иргэдийн оролцоотойгоор шийдэж болно.
Баримт 18. 49 хувь нь ОХУ-д байх үед Хөрөнгийн бирж хувьцааг зарах боломжгүй байсан. Харин одоо ийм боломж байна.
Баримт 19. Хэрвээ Засгийн газар хууль зөрчсөн бол үүнийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх ёстой. УИХ хууль зөрчсөн эсэхийг шийддэг газар биш.
Баримт 20. Өмнө нь ийм асуудал яригдаж байсан. Гэхдээ УИХ хуулийн байгууллагыг орлож болохгүй гээд буцааж байсан удаатай.
Баримт 21. Монголоо бодсон, шударга ёсыг бодсон зүйл ганцхан ч алга.
Баримт 22. Хоёр улсын Засгийн газар хуйвалдана гэж байхгүй. Гэрээнийхээ дагуу л явсан.
Баримт 23. Үүнээс чинь болж монгол руу харах түншгүй болчих вий.
Баримт 24. Та нарын гаргасан шийдвэр Монгол Улсыг олон улсад ганцаардуулах болно. Үүнээс болж Монгол Улсын хөгжлийг боосон шийдвэр гарна. Цаашлаад Монголын сайн сайханд тавьсан хориг болно шүү.
Сэтгэгдэл (154)