"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой халуухан яриа өрнөөд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын талаар өчигдөр нэлээд шүрүүхэн мэдээллүүдийг холбогдох албаны хүмүүс хийсэн билээ. Тодруулбал Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг ОХУ-аас "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан нь хууль бус болсон дүгнэлт гаргасан талаар мэдээлсэн. Харин үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан "Монголын Зэс Корпораци" болон "Худалдаа Хөгжлийн банк" хамтарсан мэдэгдэл хийж, Ажлын хэсгийн дүгнэлтийг хууль бус, хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан талаар олон нийтэд мэдээлэв. Энэхүү мэдээлэл нь тэдний Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авснаас хойшхи анхны байр суурь байсан тул олны анхаарлыг татсан юм. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан "Монголын Зэс Корпораци" болон "Худалдаа Хөгжлийн банк"-ныхан Ажлын хэсгийн дүгнэлт болон хувьчлалын талаар юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Монгол зэс корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар "Манай компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Ростех компаниас худалдаж авсан үйл ажиллагааг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт нэг талын байр суурийг хэтэрхий барьсан гарлаа.
Баримт 2. Манай компанийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлтийг 4 удаа гаргасан ч нэг ч удаа хариу өгсөнгүй. Мөн компанийн зүгээс шаардлагатай бүх мэдээллийг ажлын хэсэг өгч, асуусан асуултад хариулт өгсөн ч ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаагүйд харамсаж байна.
Баримт 3. Ажлын хэсгийн дүгнэлт дээр Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар дүгнэлт гарч, манай компанитай хийсэн гэрээ хэлэлцээрийг хүчингүй болгох тухай асуудал гарлаа. Ростех компанийг 49 хувийн хувьцаа эзэмшигч биш юм шигээр Ажлын хэгсийн дүгнэлт гарсан байна. УИХ болон Засгийн газар "Ростех" компани 49 хувийн хувьцаа эзэмшиж байгааг баталсан тогтоол нь хүртэл байдаг.
Баримт 4. ОХУ-ын 49 хувийг худалдаж авах гэрээ хэлэлцээрийг хүчингүй гэж үзвэл манай компанид байгаа 49 хувь ОХУ-ын талд очно.
Баримт 5. Хэрэв ийм зүйл болвол бид 49 хувийг худалдаж авсан 400 сая төгрөг болон ирээдүйд олох орлого, гэрээ хэлэлцээр хийхэд гарсан бүх зардлыг ЗГ-аас буцааж авах, гаргуулах шаардлага тавина.
Баримт 6. Худалдаа хөгжлийн банк Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна.
Баримт 7. Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон: Ажлын хэсгийн дүгнэлт хэт нэг талыг барьсан, өрөөсгөл, банкны нэр хүндэд халдсан байдлаар гарсан гэж үзэж байна.
Баримт 8. Худалдаа Хөгжлийн Банк Монгол Улсын хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Гэтэл мөнгө угаасан гэж мэдэгдэж байгаа нь харамсалтай байна.
Баримт 9. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн удаа дараа мэдэгдээд байгаа шиг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй.
Баримт 10. Бид иргэд ААН-үүдэд зээл олгохоос гадна төрийн олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар манайхаас "Монголын зэс" компанид 80 сая ам.долларын зээл олгосон байгаа. Энэ нь манай банкнаас зах зээлд гаргасан нийт зээл буюу 3 их наяд төгрөгийн багахан хэсэг нь юм.
Баримт 11. Бид хуулиа баримтлаад зээлээ олгож ажиллаж байгаа. Энэ бол ямар нэгэн мөнгө угаасан үйлдэл биш.
Баримт 12. Бид жилд хоёр удаа Монголбанкны шалгалтад ордог. Хууль ёсны байгууллагуудын гаргасан дүгнэлтээр ямар нэгэн алдаа зөрчил илрээгүй. Түүнээс бус УИХ-ын ажлын хэсэг банкны үйл ажиллагааг дүгнэдэг газар биш.
Баримт 13. Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээ: Өнөөдрийн Ажлын хэсгийн дүгнэлтийг нэг талыг баримталсан өрөөсгөл боллоо гэж үзэж байна.
Баримт 14. Өнөөдөр Худалдаа хөгжлийн банк үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Монголбанкнаас гаргасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллаж байгаа.
Баримт 15. Ажлын хэсэг банкны үйл ажиллагааг дүгнэдэггүй. Харин Монголбанкны шалгалтаар болон Олон Улсын Аудитын байгууллагын шалгуураар Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг дүгнэсэн байдаг.
Баримт 16. Гэрээний хүрээнд Монгол Улсаас хэн ч хохироогүй. ОХУ-ын талд байсан хувь л зарагдсан.
Баримт 17. Төрөөс төрдөг тэрбумтнууд, шахааны бизнес хийгчид хохирох гээд байгаа юм уу. Буцаасан тохиолдолд "Ростех"-т төлсөн 400 сая дээр 100 сая ам.доллар нэмж төлнө.
Баримт 18. "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Д.Ганболд: Сонгуулийн үеэр Эрдэнэттэй холбоотой мэдээллийг ашиглаж, сонгуульд нөлөөлсөн гэх үндэслэлтэй.
Баримт 19. Хэдхэн сарын дараа сонгууль болох гэж байгаа энэ үед тодорхой хүмүүс ямар нэгэн эрх ашгийн хүрээнд дуулиантай хэргүүдийг дэвэргэж ярьдаг. Хоёр Засгийн газрын төлөөлж байсан хяналт дээр "Монголын зэс" корпораци буюу хувийн компани ороод ирэхээр хяналт өөрчлөгдсөн байх.
Баримт 20. Хувьчлалын асуудал яригдаж байхад олон гадны өрсөлдөгч компаниуд орж ирж байсан. ОХУ-ын талаас Монголын хувийн компанид зарах сонирхол гарсныг үгүйсгэхгүй.
Баримт 21. Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаанд дүгнэлт хийхэд ямар нэгэн даргын нэрээр бараа шахах үйл ажиллагаа орж ирдэг нь асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дүргүйцсэн хүмүүс, байгууллага байгааг үгүйсгэхгүй.
Баримт 22. Сонгуульд ялсан утга нь гарахаа больсон. Намдаа юм уу хэн нэгэнд мөнгө төгрөг амлачихсан. Үүнээсээ болоод санхүүгийн хувьд хохирч шатаж байгаа хувь хүн компани байхыг үгүйсгэхгүй. Энэ хүмүүс өнөөдөр ажлын хэсгийн гишүүдэд ямар нэгэн дарамт шахалтыг үзүүлж, илэрхий ийм бүтэхгүй дүгнэлтийг гаргуулж байгаа нь өнөөдрийн Ажлын хэсгийн хийсэн хэвлэлийн хурлаас илэрхий харагдаж байна.
Баримт 23. М.Мөнхбаатар: Өнөөдрийн байдлаар манай компанийг ямар нэгэн хуулийн байгууллагаас манай үйл ажиллагаа, гэрээ хэлцлийг шалгасан зүйл байхгүй. Хэрэв тийм асуудал гарвал бид материалаа өгөхөд бэлэн байгаа.
Баримт 24. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 400 сая доллараар худалдаж авсан. Ямар нэгэн байдлаар гуравдагч эх үүсвэрт өгөх бол 100 сая долларыг монголын тал нэмж төлөх үүрэгтэй. Мөн манай талаас гарсан бүх зардал, ирээдүйд олох орлого зэргээ нэхэмжлэх болно. Гэхдээ гэрээг хүчингүй болгох асуудал гарахгүй байх гэж найдаж байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (53)