УИХ-ын дарга асан З.Энхболд өчигдөр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож нийгэмд хүээлэлт үүсгээд байсан олон асуудлуудад хариу өгсөн. Тэрбээр Ардчилсан намын гишүүн С.Баярцогтын оффор дансны асуудал, 2016 оны УИХ-ын сонгууль, Тавантолгойн орд газрыг тойрсон асуудал, Хууль хяналтын байгууллагуудын эргэн тойронд өрнөж байгаа цаг үеийн асуудлаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. УИХ-ын дарга асан З.Энхболдын "Цензургүй яриа"-наас 24 баримтыг онцлоё.
1. Надад эрх нь байсан бол би С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байсан. Гэтэл С.Баярцогт “Чи намайг дэвшүүлэхгүй бол чиний ҮЗХ-г ирцгүй болгоод Ардчилсан нам ерөөсөө сонгуульд оролцохгүй болно шүү гэж айлгасан. ҮЗХ-д С.Баярцогтыг дагадаг фракц байдаг. Тэд гараад явчих юм бол Ардчилсан нам сонгуульд оролцохгүй байх аюултай байсан.
2. Яагаад С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй байх яриа гарсан бэ гэвэл оффшорчдын тоогоороо МАН хамаагүй илүү байсан. Харин манайд ганцхан С.Баярцогт байсан. Тэгээд бид С.Баярцогттой тохироод “Чи нэр дэвшихээ больчих” гэсэн чинь “Тэгье” гэж байсан юм. С.Баярцогт хэлсэн үгэндээ байсан бол бид ялах байсан.
3. Бүх тойрогт манай намын санал доошоо орсон нь оффшортой холбоотой.
4. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн С.Баярцогтод “Чи оффшороо боль” гэж хэлж байсан.
5. Тавантолгойн уурхайд ямар ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Монголчууд өөрсдөө хөдөлгөөд байж чадна.
6. 2012 оны сонгуульд Ардчилсан нам орохдоо” Тавантолгойгоо ард түмэндээ өгнө” гэж хэлсэн. С.Баярцогт, М.Энхсайхан 2 болохоор “Тавантолгойг MCS, Шиньхуа хоёрт бэлэглэчихэе. Шиньхуа гэдэг мундаг төрийн өмчийн компани байна. Монголын Төрийн өмчийн компани ерөөсөө бүтэхгүй юм байна” гэж хэлсэн.
7. Цаад утгаараа С.Баярцогт, М.Энхсайхан хоёр юу гэж хэлж байна гээч. “Хятад улс бол мундаг юм байна. Хятадын төр сайн юм байна. Монголын төр бол авах юмгүй байна” гэсэн.
8. М.Энхсайхан бол Тавантолгойг Шинхуад өгөөд шагналаа аваад л явах гэж байгаа хүн.
9. Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг би мэдэгдэл хийсний дараа мэдсэн. Энэ бол Ардчилсан намыг сонгуульд унагаах гүтгэлэг байсан юм.
10. “Хишиг-Арвин”-тай би ямар ч холбоо байхгүй. Тэр компанийг би “Мэдэгдэл гарга” гэж хэлсэн. Харин надад Хишиг гэж нэртэй дүү байна. Гэхдээ тэр уул уурхайтай ямар ч холбоо байхгүй.
11. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед нь эхэлсэн мөрдлөг одоо дуусахгүй байна гэхээр байцаан шийтгэх хууль зөрчөөд байна. Хамгийн гол шалгадаг асуудал нь хугацаатай байх ёстой.
12. Хуулийн байгууллага даргын үгээр явдаг байж болохгүй.
13. Манай хуулийн байгууллага хариуцлагатай байх ёстой. Шалгаж шалгаж “Өө хэрэг биш байна”, эсвэл баахан мөнгө идчихсэн гээд байдаг нөгөөх нь шүүх дээр нотлогддоггүй. Тэгээд л “Уучлаарай” гэдэг. Хуулийн байгууллагын ажил “Барак” байж болохгүй.
14. Өвөрхангайд хуц авчирсан залууг шалгаад байна гэсэн. Чи 100 саяасаа З.Энхболдод хэдийг нь өгсөн гэж...
15. Ардчилсан нам Чингис бондыг оруулж ирээгүй бол долларын ханш 10 мянга хүрчихсэн, улсаараа балрах байсан. Харин ч бид нар хатуу газардах ёстой байсан эдийн засгийг зөөлөн газардуулж, хасах биш өсөлттэйгээр хүлээлгэж өгсөн.
16. Одоо түүхий эдийн үнэ өсөж байна Ардын намынхаан. Тэр нүүрсээ зараад ард түмэнд ногдол ашгийг нь тараа гэж хэлэх байна.
17. Зөвхөн түүхий нүүрс зараад байвал улс хөгжихгүй.
18. Бид боловсруулалтын түвшинг дээшлүүлэхгүй бол үргэлж хямралд өртөнө.
19. Улс орны ирээдүйн зорилго манай олигархиудад бол “Түй чёрт” байна.
20. Намын даргад заавал мөнгөтэй хүн өрсөлд гээгүй. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг 20 тэрбум төгрөгийн зардал гардаг. Улс даяар. Энэ мөнгийг хэнээс гаргах вэ гэхээр даргад өрсөлдөгч нар л гарга гэсэн. Намд угаасаа мөнгө байхгүй.
21. Намын даргын хүч нөлөө гэж байхгүй. Намын дүрэмд юу гэж заасан байна тэрний дагуу л хөтлөгдөнө. Ардчилсан нам ингэж үзэж байна гэдгийг л дамжуулна.
22. Хэн нэгэн хүнийг УИХ-д нэр дэвшүүлье гэвэл аймгийн намын хороо л шийдэж байгаа.
23. Миний Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхийг хэн ч хориглоогүй байгаа.
24. Трамп бол БНН-ын хүсээгүй нэр дэвшигч. Ганц Ерөнхийлөгч гарч ирээд АНУ-ын бүх бодлогыг 180 градус өөрчлөөд явж болохгүй.
24tsag.mn
Сэтгэгдэл (81)