УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Казиногийн хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд завсарласан билээ. Тэгвэл эрх баригчид Эдийн засгийн хүндэрлийг даван туулах, сэргээх хөтөлбөрийг батлахдаа казино байгуулах асуудлыг дахин хөндөж, ийнхүү өмнөх парламентын хэлэлцэхийг дэмжсэн Казиногийн тухай хуулийг судлах Ажлын хэсгийг байгуулав. Энэ нь Монгол Улсад казино байгуулах тав дахь тохиолдолд болж байгаа юм. Өмнөх хуулиуд бүгд тодорхой шалтгааны улмаас буюу манай улсад казино нь тохирохгүй, олон сөрөг нөлөөтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэх шалтаагаанаар унаж байсан. Тэгвэл энэ удаагийн Казино байгуулах хуулийн төсөлд тусгагдсан онцлох 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. “Казино” гэж энэ хуулиар тогтоосон журмын дагуу тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдээс зориулалтын байр, танхим бүхий мөрийтэй тоглоом тоглуулдаг газрыг хэлнэ.
Баримт 2. Улсын Их Хурал казиногийн үйл ажиллагаатай холбоотой төрийн бодлогыг тодорхойлох, хуульд заасан бусад эрхийг эдэлнэ.
Баримт 3. Засгийн газар казиногийн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, казиногийн үйл ажиллагаа явуулах 2 байршлыг тогтоож, тогтоосон байршилд 2 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгон шалгаруулах журам батлах, Зохицуулах хорооны саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах,Зохицуулах хорооны бүтэц, дүрэм, дарга, гишүүдийг томилж, чөлөөлөх журмыг батлах,Зохицуулах хороо байгуулах, гишүүдийг томилох, чөлөөлөх эрх эдэлнэ.
Баримт 4. Казиногийн үйл ажиллагааг Зохицуулах хороо нь казиногийн үйл ажиллагааг зохицуулах, хянах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн захиргааны байгууллага байна.
Баримт 5. Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх бүрэн эрхтэй.
Баримт 6. Зохицуулах хороо нь дарга, найман гишүүнтэй байх бөгөөд гишүүдийг зохицуулах хорооны даргын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө. Зохицуулах хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байх бөгөөд бүрэлдэхүүний тавин хувиас илүүгүй тооны гишүүнийг нэг удаа улираан томилж болно.
Баримт 7. Казиногийн үйл ажиллагааг Засгийн газраас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Тусгай зөвшөөрлийг өөр бусад этгээдэд шилжүүлэх, барьцаалах, худалдах, бэлэглэхийг хориглоно.
Баримт 8. Тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгож, мөн хугацаагаар сунгана.
Баримт 9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хууль болон Зохицуулах хорооноос баталсан нөхцөл шаардлагыг удаа дараа зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтны санал дүгнэлтийг үндэслэн Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж болно. Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уг зөвшөөрлийг Зохицуулах хороо сэргээнэ.
Баримт 10. Засгийн газар тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч 1 жилийн хугацаанд удаа дараа зөрчил гаргасан, Зохицуулах хорооноос цуцлах талаар санал ирүүлсэн,тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, бэлэглэсэн, худалдсан,татварын зөрчил гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална.
Баримт 11. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ажлын байр, техник хэрэгсэл, аюулгүй байдлын хангах үүднээс казиногийн үйл ажиллагаа эрхлэх байрны нийт талбайн 85 хувиас доошгүй нь казиногийн бус, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий аялал жуулчлал, амралт, соёл урлаг, бусад олон нийтийн үйлчилгээнд зориулагдсан, казиногийн үйл ажиллагаа эрхлэхэд зориулан тоноглосон дуу болон дүрс бичлэгийн төхөөрөмж суурилуулсан ажлын болон уулзалт, амралтын өрөөтэй байх шаардлагыг биелүүлэх ёстой аж.
Баримт 12. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хэмжээнд хүрсэн байна. Мөн Монгол Улсын арилжааны банкинд харилцах данстай байна.
Баримт 13. Казинод болон түүний орчинд галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис үйлдвэрлэх, худалдах, хадгалах, хэрэглэх, биеэ үнэлэх, садар самуун явдлыг зохион байгуулах, сурталчлах, үйлчлүүлэхийг хориглоно.
Баримт 14. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, казиногийн албан тушаалтан, ажилтан зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр тоглоомын төхөөрөмжийг засварлах, зөөвөрлөх, лацыг хөдөлгөх, тоглогчийг мэхлэх үүднээс тоглоомын үр дүнг өөрчлөх, тоглоомын төхөөрөмжийн эд ангийг өөрчлөх, солих, тоглоомын төхөөрөмж болон программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хожсон тоглогчид хожлын төлбөрийг төлөхөөс зайлсхийх, татгалзах, тоглогчийг үргэлжлүүлэн тоглохыг ятгахыг хориглоно.
Баримт 15. Казиногийн тоглогч нь гадаадын иргэн, харъяалалгүй хүн байна.
Баримт 16. Хуульд 21 насанд хүрээгүй этгээд, Монгол Улсын иргэн казино тоглохыг хориглоно хэмээн заажээ.
Баримт 17. Улсын байцаагч нь казиногийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг хянан шалгах явцад болон эцсийн шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр хүндэд харш аливаа мэдээ, мэдээллийг тараахыг хориглоно.
Баримт 18. Казиногийн тухай хууль тогтоомжийг зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч, Зохицуулах хороо зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан дараах захиргааны шийтгэл ногдуулна. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр казиногийн үйл ажиллагаа эрхэлсэн этгээдийн хууль бусаар олсон орлогыг хураан улсын орлого болгож, 500 сая төгрөгөөр торгоно.
Баримт 19. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай албан тушаалтныг 10 сая төгрөгөөр торгоно.
Баримт 20. Энэхүү хуультай холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Казиногийн тухай хууль зөрчиж зөвшөөрөлгүйгээр казиногийн үйл ажиллагаа эрхэлсэн, мөрийтэй тоглоом тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж өөрчилсүгэй хэмээн заажээ.
Баримт 21. Казино байгуулахаар тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай авахад 35 тэрбум төгрөг төлнө.
Баримт 22. Казиног хоёр байршилд байгуулна гэж хуулийн төсөлд заасан байна. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэгийг нь байгуулах санал явж байгаа аж.
Баримт 23. Казино байгуулагдсанаар аялал жуучлал нэг сая жуулчнаар, төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж урьдчилан тооцжээ.
Баримт 24. Онцгой албан татварыг ширээ болгоноос сард 5,5 сая төг авна.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)