Хэдхэн хоногийн дараа шинэ он айлчилан ирж, хуучин оноо үднэ. Улиран өнгөрч буй 2016 онд улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, спортын хүрээнд олон үйл явдал болж, түүхийн шарласан хуудаснаа мөнхрөн үлдэж байна. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг үг байдаг. Тэгвэл энэ онд болсон үйл явдлыг өгүүлэх онцлох 24 гэрэл зургийг хүргэж байна.
1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жилийн улсын баяр наадмаар есөн хөлт цагаан тугаа дэвж тойрсон нь гэрэл зурагт ийнхүү мөнхрөн үлджээ.
2. Энэ жилийн улсын баяр наадмын барилдааны наймын даваанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын начин Р.Пүрэвдагва нар учраа тааран барилдсан билээ. Тэдний барилдаан нэлээд маргаантай болж өнгөрсөн гэгддэг. Тиймээс ч П.Бүрэнтөгс арслан засуул, хөлийн цэцэд гомдсондоо зүлэг ногоон дэвжээнээ сунаж унан, эхэр татан уйлсан нь олон хүний зүрхийг шимширүүлж байсан юм.
3. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт амжилттай болов.
4. Рио 2016 Олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг жингийн тэмцээний анхны мөнгөн мөнгөн медалийг МУГТ Д.Сумъяа эх орондоо авчирлаа.
5. Рио 2016: Чөлөөт бөхийн тамирчийн Г.Мандахнаран Олимпийн хүрэл медалын төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой барилдаж тэмцээн дууссаны дараа шүүгч нарын өгсөн торгуулийн оноогоор ялагдсан билээ. Үүнийг чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаатар болон туслах дасгалжуулагч Б.Баяраа нар эсэргүүцэж дэвжээн дээр хувцсаа тайлж, нүцгэлэв.
6. Чөлөөтийн дасгалжуулалч нар тамирчнаа өмөөрөн эсэргүүцлээ илэрхийлсэн ч тэдний үйлдлийг буруутгасан МЧБХ ард түмнээсээ уучлалт гуйв.
7. Японы мэргэжлийн сүмод Монгол бөхчүүдийг түүчээлэн барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням 24 жилийн дараа зодог тайллаа. Түүний зодог тайлах ёслолд 8,000 гаруй хүн оролцож гэр бүл найз нөхөд, сүмочид, урлаг, спортын соёлынхон гээд 420 хүн дэвжээнд гарч түүний гэзэгт гар хүрсэн юм.
8. Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам найм дахь удаагаа Монголд айлчлав. Түүнийг Х богдыг тодруулахаар ирсэн хэмээн шуугиж байсан ч тэрбээр Х богдыг балчир байгаа тул нийтэд зарлахгүй хэмээгээд мөрдсөн. Тэгвэл эхнээсээ асуудал дагуулсан айлчлал хоёр улсын үл ойлголцлоор өндөрлөсөн билээ.
9. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг жил гаруй хугацаанд Төв аймгийн цагдан хорих төвд хорьж байгаад өнгөрсөн есдүгээр сард сулласан билээ. Харин тэрбээр суллагдсныхаа дараа Төрийн ордонд ирж, нэр бүхий гишүүдтэй уулзав.
10. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа болж, түүнийг хөнөөсөн гэгдэж буй шүүгдэгч нар олон нийтэд ил болов.
11. Хятадын тэрбумтан, интернэт худалдааны “Алибаба” сайтыг үүсгэн байгуулагч Жек Ма их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн урилгаар манай улсад зочилсон билээ. Харин энэ үеэр их аварга Д.Дагвадоржын тэрбумтан найздаа массаж хийж байгаа зураг нь Монголын төдийгүй Хятадын цахим орчинд шуугиан тарив.
12. 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудал авав. Тэд ялалтын мэдээгээ олон нийтэд дуулгаж буй үйл явдал.
13. 2016 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүд тангараг өргөх үеэр С.Жавхлан Төрийн ордонд монгол дээл өмсөж, морь унаж ирэв.
14. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тамгаа гардаж авлаа. Ерөнхий сайдын тамгыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар гардуулж өглөө.
15. “Монголын эдийн засгийн чуулган 2016” чуулга уулзалтын хаалтын үеэр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Л.Наранбаатар намынхаа даргын өөдөөс оймс шидэж дуулиан тарив.
16. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд архи ууж, тамхи татаж буй бичлэг цацагдав. Түүнийг сонгуульд ялалт байгуулж чадаагүй шалтгааны нэг нь эл үйл явдал болсон гэдгийг хэлэх хүн олон.
17. Зам тээврийн сайд асан М.Зоригт “Шүүдэр дундуур” киноныхоо нээлтийг нижгэр хийж, хүрэлцэн ирсэн зочиддоо бүтэн үхэр шарж өгсөн нь олны дургүйцлыг хүргэж, цахим ертөнцийг доргиогоод амжив.
18. "Дэлхийн мисс-2016" тэмцээнд Монгол Улсын мисс А.Баярцэцэг шилдэг 11 дүгээр байрт шалгарч түүхэн амжилт гаргалаа.
19. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхсон. Энэ үеэр Ерөнхийлөгчийн гоёл АСЕМ-ын зочдыг "алмайруулав".
20. Баян-Өлгий аймагт үер бууж, 80 гаруй айлын хашаа байшин нурж, ой гурван сартай хүүхэд амиа алдсан байгалийн гамшигт үзэгдэл болов.
21. Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гээд нимгэн даавуунд ороочихсон явж байна” гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацагдаж, тэрхүү хүүхдээ зарах гээд явж байгаа гэх өвөөг үзэн ядах давалгаа цахим ертөнцөд хүчтэй өрнөсөн. Харин энэхүү үйл явдлын дараа тухайн зурагт байгаа гэр бүлийнхээ мэдээлэл хийж, анх зураг тараасан хүнийг шүүхэд өгч, гэр бүлийнхээ нэр төрийг сэргээлгэнэ гэдгээ мэдэгдэв.
22. Залуучуудын өвлийн олимпоос Б.Сумъяа Монгол Улсын анхны алтан медалийг авч ирлээ.
23. АН-ын даргын сунгаа эдгээр өдрүүдэд эхлээд байгаа. Тэгвэл нэр дэвшигчдийг эвтэй байж, багцалсан таван сум шиг бат нягт, шударгаар өрсөлдөхийг ерөөж, АН-ын дарга З.Энхболд, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар багцалсан таван сум гардуулан өгсөн.
24. Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат УИХ-ын сонгуулийн өмнө “Хар жагсаалтад орсон этгээдэд санал биш салаавч шүү” хэмээх энэхүү зургийг нийтэлсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй Залуучуудын холбоог А.Мөнхбатаас салгах нь зүйтэй гэсэн шүүмжлэлд өртсөн юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)