Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал анх удаа энэ сарын 14-нд хорих 461 дүгээр ангид болсон юм. Гэвч Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтээр Шүүх хурлыг долоо хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргасан. Шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Хорих 461-р ангид болно. 18 жил илрээгүй энэ хэргийн эргэн тойронд сүүлийн үед болж буй үйл явдлууд урьдын адил таамаг эргэлзээ дагуулсаар байна. Шүүгдэгчийн ар гэрийнхний хэлж буй үг, энэ хэргийг хянасан прокуроруудын хэргийг зүйлчилсэн байдал, талийгаачийн эхнэр Б.Булган болон хохирогч С.Оюун нар шүүх хуралд яагаад ирээгүй вэ гэх мэт олон зүйл анхаарал татсан хэвээр байгаа юм. Ингээд С.Зориг агсны хэрэгтэй холбоотой сүүлийн үед болж буй үйл явдлыг 24 баримтаар хүргэе.
Баримт 1. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан байдаг. Ингэснээр шүүх хурал нь анх удаа энэ сарын 14-нд Хорих 461 дүгээр ангид болсон юм.
Баримт 2. Хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтаар шүүнэ. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь бусдын амь насыг санаатайгаар хохироох гэсэн зүйл анги юм.
Баримт 3. Шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 55 сэтгүүлч сурвалжлахаар хүсэлт гаргасан. Улсын нууцтай холбоотой “Маш нууц” зэрэглэлтэй хэрэг учраас шүүх бүрэлдэхүүн хурлыг хаалттай хийхээр шийдвэрлэсэн байдаг.
Баримт 4. Энэ тухай УЕПГ-ын прокурор тайлбарлахдаа “Нууц хэрэг гэж байдаггүй. Харин тухайн хэрэгт авагдсан материал нь “нууц”-ын зэрэглэлд хамаарах баримт гэж шинжээч дүгнэлт гаргасан учир “нууц”-ын зэрэглэлд орно гэв.
Баримт 5. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг тухайн үед захиалгат аллага хэмээн дүгнэлт гарч байсан. Эцэс сүүлд нь хүн амины хэрэгтэн, малчин, тогооч гэсэн гурван хүнийг сэжигтнээр татаж ахуйн хүрээний гэмт хэрэг болохыг прокурорууд дүгнэсэн.
Баримт 6. С.Зориг агсны хэрэгт нийтдээ 20 гаруй хүнийг сэжиглэн, цагдан хорьсон байдаг.
Баримт 7. Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ “Б.Содномдаржаа гадаа хүн харж байсан, Т.Чимгээтэй хамт С.Зоригийн гэрт орж түүнийг хөнөөсөн” гэжээ.
Баримт 8. Сэжигтнүүд нэр бүхий улс төрч агсны малчид болохыг хутгаар нь нотолсон гэж буй. Мөн С.Зориг агсны малыг хариулдаг эмэгтэйн үс хэргийн газраас олдсон тул баривчлан хорьсон гэдэг. Үсийг нь Япон улсад шинжлүүлсний дүнд ДНК нь бүрэн нийлж байгааг баталсан гэх мэдээлэл байна.
Баримт 9. 2016.12.14-н шүүх хурал 11:26 цагт эхэлсэн. Харин 12:06 минутад Шүүх хурлыг даргалагч М.Алдар шүүгдэгчдийн холбогдсон хэргийн зүйл ангийг уншиж танилцуулснаар шүүх хурал эхэлж, цааш хаалттай үргэлжилсэн юм. Хурлыг эхлүүлсний дараа хэвлэл мэдээллийнхнийг шүүх хурлын танхимаас гаргаж, ар гэрийнхнийг нь оролцуулаагүй. Хэргийг улсын нууцтай холбоотой гэж үзсэн.
Баримт 10. Шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчөөр хэн гэдэг, ямар ажиллаж байгаа нь одоо хүртэл тодорхой бус байна. Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан нар өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцож байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй .
Баримт 11. Б.Содномдаржаа эхнэр гурван хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг нэгэн аж. Одоо 42 настай бөгөөд хэрэг гардаг 1998 онд 24 настай байжээ. Б.Содномдаржааг энэ хэрэгт гүтгүүлсэн хэмээн ар гэрийнхэн нь албан ёсоор мэдэгдээд байгаа.
Баримт 12. Ц.Амгаланбаатарын эгч Ц.Гансүрэн “Ц.Амгаланбаатар 1998 онд 16 настай Улаанбаатар ч орж үзээгүй хүүхэд байсан. Харин 2007 онд Орхон аймагт хүн амины хэрэгт холбогдоод 25 жилийн хорих ял авсан юм. Энэ ялаа Чойр дахь чанга дэглэмтэй хорих ангид эдэлж байсан. Гэтэл 2015 оны наймдугаар сарын 31-нд энэ хэрэгт Ц.Амгаланбаатараас гадна миний төрсөн дүүгийн эхнэр Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг буруутгаж тагнуулынхан ирж баривчилсан. Түүнээс хойш жил дөрвөн сарын хугацаа өнгөрч байна” гэсэн юм.
Баримт 13. Т.Чимгээгийн хувьд нийтийн хоолны тогооч мэргэжилтэй эмэгтэй. Энэ хэрэг гарах үед буюу 1998 онд 22 настай байсан аж.
Баримт 14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх хэргийн хохирогч гэх С.Оюун “Би мөнхийн хохирогч, энэ хэргийг шийдэхэд би оролцохгүй” гэжээ.
Баримт 15. Тэрбээр шүүх хурлыг хаалттай явуулахад нь дургүй байсан гэх мэдээлэл байна.
Баримт 16. Шүүх хурлын үеэр С.Зориг агсны эхнэр Б.Булган ирээгүй нь шүүгдэгчдийн ар гэрээс шүүмжлэл дагуулсан юм. Түүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь Б.Булганд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзжээ.
Баримт 16. Өмгөөлөгчид Шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахдаа "Хавтастай хэрэгтэй нэмж танилцах шаардлагатай байгаа" гэж тайлбарласан байна. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчид нэр бүхий хүмүүсийг Шүүх хуралд гэрчээр оруулах санал гаргаад байгаа.
Баримт 17. Нэр бүхий гэрчүүдийг өнөөдөр болох шүүх хуралд дуудан оролцуулж магадгүй гэнэ. Тухайлбал, Д.Булган, Э.Бат-Үүл нар гэрчээр дуудагдаж магадгүй гэдгийг зарим эх сурвалжууд онцолсон байна.
Баримт 18. Монгол Улс цаазын ялгүй орон болсон учраас Ц.Амгаланбаатарт 25 жилийн ял болжээ.
Баримт 19. С.Зоригийг хөнөөсөн хэргийн хувьд "Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир "маш нууц"-д хамаарчээ.
Баримт 20. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс хойш энэ хэрэгт нийт 450 гаруй хүнийг сэжиглэн цагдан хорьж байсан.
Баримт 21. Түүнчлэн хэргийн газрын анхны үзлэг хангалтгүй хийгдэж, талийгаачийн амь тавьсан хивсэнцрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй гээд олон зүйлийг тухайн үеийн ажлын хэсгийнхэн шинжлэн тогтоосон байдаг.
Баримт 22. Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойр байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон гэх мэдээлэл гарч байгаа.
Баримт 23. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат “С.Зоригийг алсан хэргийн гол буруутанг илрүүлэх сонирхол улс төрчид болоод хуулийнхны хэнд ч байхгүй. Хамгийн гол нь хэргийг хэн нэгэнд үүрүүлж, хаах сонирхол байна. Тиймдээ ч хэрцгий алуурчин болох Амгаланбаатарын үгээр гэм зэмгүй хоёр хүнийг хилс хэрэгт гүтгэж байна” гэсэн байдаг.
Баримт 24. Яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаж гаргасан өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа өөр хэрэгт мөн гүтгэж буй тухай өгүүлсэн байдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (71)