Хөгжлийн банкны асуудал хэдийнэ олны анхаарлын төвд орж, үүнийг хэрхэн шийдвэрлэхийг жирийн иргэдээс эхлээд улс төрийн хүрээнийхэн бүгд анхааралтай ажиглаж байгаа. Тэгвэл эрх барьж буй намууд энэ асуудалд өөр өөр байр суурьтай байгаа нь бүр анхаарал татаж байна. Хууль зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг УИХ-ын түвшинд хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, шалгалтын дүнг Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн билээ. Харин Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авснаар хойшилж ийнхүү хэлэлцсэн юм. Хамгийн ноцтой нь тус банкинд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар Ардчилсан нам болон Монгол Ардын намынхан тэс өөр дүгнэлт, мэдэгдлийг хийж буй юм. Тэгвэл Хөгжлийн банкны асуудлаар хэн юу хэлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. ХЗДХ-ийн дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр: Хөгжлийн банк ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдэг нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Гэтэл 2012-2016 онд УИХ-аас тогтоол гараагүй. Засгийн газар, яамд нэр бүхий сайд нар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-ын шийдвэрээс гадуур санхүүжүүлэх төслийг заримд нь нэр мөнгөн дүн заахгүйгээр баталж ирсэн.
Баримт 2. ХЗДХ-ийн дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр: Хөгжлийн банкны хяналтын удирдлага бүхэлдээ алдагдсан гэж үзэж байгаа.
Баримт 3. Сангийн яамны СХШХ-ийн дарга Ж.Цогтбаяр: Хөгжлийн банкны эх үүсвэрийг 4 төрлийн валютаар төвлөрүүлсэн. Хөгжлийн банк бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үйл ажиллагааг баталдаггүй. Гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулалтгүй шууд томилсон нь мэргэжлийн бус, туршлагагүй. Дотоодын хяналтыг огт ажиллуулаагүй.
Баримт 4. Сангийн яамны СХШХ-ийн дарга Ж.Цогтбаяр: Үндсэн нэгж үйл ажиллагааны зардал нэмэгдсэн. 2.5 тэрбумыг олон нийтэд мэдээлэл түгээхэд зарцуулсан. Гадаад томилолтыг нэг хүний 1.2-2.9 сая төгрөгөөр тооцсон.“Блүүмберг” телевизтэй 1.8 тэрбумаар гэрээ байгуулсан. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат гурван жилийн дотор 3.8 тэрбум төгрөгөөр гадаадад айлчилсан.
Баримт 5. Сангийн яамны СХШХ-ийн дарга Ж.Цогтбаяр: Яармаг, Хөрөнгийн биржид их хэмжээний хууль бус санхүүжилт олгосон. Төсөвт өртөг маш их нэмэгдсэн.
Баримт 6. Монгол банкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч М.Адилбиш: 373 зээлээс 93-ийнх нь хугацааг сунгасан. 2016 оноос огт төлөгдөхгүй байна.
Баримт 7. Монгол банкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч М.Адилбиш: Нийт активын 79.6 хувь зээл, 5.6 хувь үнэт цаас, 7.7 хувийг гадаад дотоодын арилжааны банкуудад байршуулсан харилцах хадгаламж, 6.6 хувийг бусад хөрөнгө эзэлж байсан. Чанаргүй зээл энэ 368.5 тэрбум төгрөг, 2017 оны эхний улиралд 42.9 тэрбум төгрөгөөр төлөгдөх хуваарьтай байгаа. Ирэх оны эхний улиралд төлөгдөх 1.2 тэрбум төгрөгийн зээл төлөгдөхгүй байх эрсдэл маш өндөр байна.
Баримт 8. Монгол банкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч М.Адилбиш: Нийт 155.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
Баримт 9. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:МАН хөгжлийн банкинд шалгалт хийхдээ мэргэжлийн бус хэтэрхий нэг талыг барьсан улс төрийн шалтгаанаар хандлаа. Шалгалтын дүн санхүүгийн системийг цочирдуулж, эдийн засгийн эрсдлийг би болгохоор байна.Шалгалтын тоо баримт зөрчилтэй, ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.
Баримт 10. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 300 сая төгрөгийн өртгийн гэрээтэй зам 1.3 тэрбум болж өссөн, 440 сая төгрөгийн өртөгтэй замыг Монроуд компани 1.8 тэрбумаар хийсэн.Жилдээ 373 сая төгрөгийн цалинтай баталж байсан алба дөрвөн тэрбум төгрөг болж өссөн. Тансаглал хэр хэмжээнээс хэтэрсэн байна.
Баримт 11. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ирэх гурван сард төлөгдөх евро бондын 580 сая долларын зээлийн зарцуулалтад шалгалт хийсэн үү. Бид евро бондыг дөрөв орчим их наядын өр авлагатай хүлээж авсан.
Баримт 12. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Засгийн газрын тогтоолыг АН-ынхан зассан нь гэмт хэрэг шүү. “Фортуна” Н.Батбаяр өөрөө журам гаргаад санхүүжилт хийсэн нь зөрчил биш үү.
Баримт 13. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хөгжлийн банкинд төвлөрүүлэхээр нийтдээ 6 их наядын бонд босгосон. Үүнээс үр дүнгээ өгч, бүтээн байгуулалт өгсөн төсөл бий. Харин зарим төсөл тодорхойгүй явагдсан. 6 их наяд мөнгөний зарцуулалтыг гаргачихмаар байгаа юм. Зээл нь хууль ёсны дагуу зарцуулагдсан уу, эрсдэлтэй юу гэдгийг л хууль ёсны дагуу шалган тогтоох хэрэгтэй.
Баримт 14. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Гудамж” төслөөр хийгдсэн ажил төсөвт өртгөөсөө хэд дахин нэмэгдсэн гэсэн. Гэтэл бүхэлд нь 2000 аж ахуй нэгжийг зээл авсан, буруутайд хамааруулаад байна. Хөгжлийн банк гэхээр бие, биенийгээ гүтгэдэг боллоо.Шалгаж үнэн, зөвийг нь тогтоомоор байна.
Баримт 15. УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат: Хөгжлийн банкнаас 130 аж ахуйн нэгж зээл авсан. Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 210, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг 710 аж ахуйн нэгж зээл авсан. Олон жил тавьж чадаагүй 2450 км замыг хоёр, гуравхан жилийн хугацаанд тавьсан, “Гудамж” төслөөр 116 км зам барьсан, 70 мянган өрх орон сууцтай болсон.
Баримт 16. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: Шалгаж тогтоох юм нэлээн байгаа байх.Жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг. Хөгжлийн банк чухал банк шүү. Хөгжлийн банкны хуулийг шуурхай өргөн баримаар байна.
Баримт 18. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Манай улсын төсвийн жилийн орлого таван их наяд төгрөг. Харин Хөгжлийн банк таван их наяд төгрөгийн зээл олгссон. Үүнийг 60 хувь нь буцаан төлөгдөх боломжгүй болсон. 70 хувь нь найдваргүй зээл.
Баримт 19. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 1.5 их наяд төгрөг эдийн засагт орж ирснээр хямралыг даван туулахад ач холбогдолтой. Тухайлбал хэсэг бүлэг хүмүүс зээл аваад алга болчихсон, нэг компани 400 сая төгрөг өгөөд тендерт ороод хоёр тэрбум болгоод гарсан баримт маш их гарсан.
Баримт 20. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ажлын хэсгийн дүгнэлтээр бол 1.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан байна. Дээрх зөрчлөөс гадна гэрээ байгуулаад, гүйцэтгэлээ хийгээд мөнгөө авахдаа төсөвт өртгийг нь 3-4 дахин нэмж авсан олон компани байна. Энэ нь шалгалтаар илэрсэн. Түүнчлэн ямар нэгэн тендергүйгээр төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулж байж. Энэ мэт зөрчил илэрсэн.
Баримт 21. УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Хөгжлийн банкнаас тараагдсан материалд Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкинд 420 тэрбум төгрөг байршуулсан байгаа. Зам тавих, үйлдвэр барихад зарцуулагдах ёстой зээл нэг эзэнтэй хоёр банкинд байршуулсан байна. Бас л ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарын нэр явж байна. Ямар ч тэнэг хүн харсан Хөгжлийн банкны хөрөнгөөр туйлчихсан юм биш үү.
Баримт 22. ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр: Хөгжлийн банкны хувьд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2014 оноос шилжсэн. Хөгжлийн банкны авсан 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан гэх байр нь Сангийн сайдтай хамааралгүй. Хөгжлийн банкны ТУЗ-ийн тогтоолоор гэрээ байгуулахыг гүйцэтгэх удирдлага Н.Мөнхбатад зөвшөөрсүгэй гэсэн шийдвэрийг ТУЗ-ийн дарга Ц.Шинэбаатар гаргасан байдаг. Тухайн үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан.
Баримт 23. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:МАН-ынхан нотлогдоогүй зүйлээр бизнесийн нэр хүндэд халдаж байна. Эдийн засгийн ямар ч мэдлэггүй Б.Энхбаяраар ажлын хэсгийг ахлуулж улс төржсөн дүгнэлт оруулж ирлээ.
Баримт 24. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Одоо энэ банкийг шалгаж үзээд дампуурч байна гэдгийг зарлах юм байна. Хөгжлийн банкны хөрөнгийг идэж уугаад дууссан учраас одоо хувьчил гэдэг юм оруулж ирнэ. Энэ банкны хөрөнгийг төсөвт нэтгтгэснээр юу болов, төсвийн алдагдлыг 10 хувь руу оруулаад олон улсын зах зээл дэх Монголын зээлжих зэрэглэлийг бууруулснаар хэн хожив. Ардын нам Засгийн эрхийг авангуутаа Хөгжлийн банк, төсвөөс тусдаа явсныг буруу гээд төсөв рүү нэгтгэж, буруу зам руу оруулсан.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)