УИХ-ын Хууль зүй, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр товлогдож, Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй учир хуралдаан хойшилсон билээ. Харин энэ нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийг Хөгжлийн банкны асуудлаар хийсэн мэдэгдэлтэй холбоотой гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна. Тус намын бүлгээс Засгийн газраас гарсан Ажлын хэсгийн Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг мэргэжлийн бус хэмээн үзэж, хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн билээ. Түүнчлэн Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүгнэлтэд дурдагдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байгааг онцолсон юм. Тэгвэл Ардчилсан намын бүлэг Хөгжлийн банканд хийсэн дүгнэлтийг хэрхэн “дүгнэсэн”-ийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газраас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцээд нэгдүгээрт мэргэжлийн бус дүгнэлт гаргасан гэж үзэж байна.
Баримт 2. Хоёрдугаарт өнөөдөр дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байна.
Баримт 3. Өнгөрсөн парламентын үед Д.Дэмбэрэл дарга ахлаж байхад гарсан шийдвэр тогтоолууд, Сү.Батболдын үед гарч байсан Засгийн газрын тогтоол шийдвэрийг АН-ын үед гаргасан мэтээр мушгин гуйвуулж оруулж ирлээ.
Баримт 4. 2017 онд эргэн төлөгдөх 1,6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1,3 их наяд орчим нь Сү.Батболдын үед авсан евробондын зээл байгаа. Энэ мэт зөрүүтэй дүгнэлт гарсан байна.
Баримт 5. Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэгийг гаргасан дүгнэлтийг хэлэлэцэх, хүлээн авах боломжгүй. Харин мэргэжлийн хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалтыг хийлгэх нь зүйтэй гэж үзсэн.
Баримт 6. УИХ дахь АН-ын бүлгийн Хуулийн зөвлөх Д.Оросоо: Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг 2008-2012 онд МАН олонхи байх үед баталсан УИХ-ын тогтоолыг буруутгаж эхэлсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоол нь Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг Ажлын хэсэг хийсэн. Энэ дүгнэлтээр Ажлын хэсэг УИХ-ыг буруутгаж эхэлж байна гэсэн үг.
Баримт 7. УИХ-ын тогтоолыг УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Дэмбэрэл тэргүүтэй МАН олонхи байх үедээ баталсан. 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилт хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээвэрт баримтлах бодлого, Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт тухайн үеийн УИХ-ын гаргаж байсан тогтоолтой холбоотой шийдвэрүүд баталгаажсан байдаг.
Баримт 8. Тухайн үеийн УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байхад нөгөө талаасаа Хөгжлийн банкыг буруутгах хуульзүйн үндэслэл байхгүй гэж харж байна.
Баримт 9. УИХ, Засгийн газрын тогтоол хууль бус юм бол тухайн үеийн хүмүүстээ асуудлаа ярих ёстой. Нэгдүгээрт, Дээд шатны тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй.
Баримт 10. Хоёрдугаарт, Ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа өнөөдөр хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгож дүгнэлт гаргасан байна. Ажлын хэсэг дүгнэлтэндээ Засгийн газрын гишүүдийн баталсан Хөгжлийн банкны үйл ажиллагаанд холбогдох журмууд нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батласан Захиргааны хэм хэмжээг тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг хийсэн.
Баримт 11. Засгийн газрын 2016 оны 86 дугаар тогтоолоор энэ Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгочихсон. Хүчингүй болчихсон тогтоолыг үндэслэж Хөгжлийн банкыг буруутгах үндэслэл байхгүй.
Баримт 12. Гуравдугаарт, Чингис бондын хөрөнгө Монгол банк, Сангийн яамнаас Хөгжлийн банкинд монгол төгрөгөөр шилжиж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Чингис бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулаагүйгээс 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан мөн хүүгийн эрсдэл учирсан.
Баримт 13. 2013 оны тавдугаар сарын 6-наас 2014 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр Чингис бондын мөнгө монгол төгрөгөөр Хөгжлийн банкинд шилжжээ.
Баримт 14. Валютын ханшийн эрсдэл ярих юм бол Хөгжлийн банк валютын ханшийн эрсдэлд орсоны дараа тус банк мөнгөө шилжүүлж авсан байна. Үүнээс өмнөх хариуцлагыг тухайн үеийн Монгол банк, Сангийн яам, Засгийн газар хүлээх ёстой юм.
Баримт 15. УИХ, Засгийн газрын алдаатай шийдвэрийг Хөгжлийн банкинд хариуцуулах гээд байна.
Баримт 16. Чингис бондын мөнгө 2017 оны төсөвт ачаа учруулж буй мэтээр буруу тайлбарыг хийж байна. Гэтэл 2017 оны гуравдугаар сараас эхлээд манай улс бондын өр төлж эхэлнэ. Энэ нь Монгол Ардын намын Засгийн газар буюу Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад авсан 580 сая долларын евробондын өр юм. Үүнд Чингис бондын мөнгө ямар ч хамаагүй. Чингис бондын өр 2018 оны зургадугаар сараас эхлэн төлөгдөнө.
Баримт 17. Чингис бонын мөнгийг Засгийн газрын тогтоол, УИХ-ын зөвшөөрөлгүйгээр зарцуулсан гэх тайлбарыг Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг тайлбарлажээ. Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллыг Засгийн газрын тогтоолгүйгээр гаргасан мэтээр тайлбарлаж байгаа. Гэвч УИХ-ын тогтоолоор уг ажлыг эхлүүлсэн. Асуудлыг ингэж мушгин гуйвуулж болохгүй.
Баримт 18. Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг мэргэжлийн агуулгаас илүү улс төрийн дүгнэлтүүдийг гаргасан байна.
Баримт 19. Энэ дүгнэлт дээр үндэслэн өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийсэн 2000 гаруй аж, ахуй нэгжийг хуулийн байгууллагаар хэлмэгдүүлэн шалгах эх суурийг тавьж байна.
Баримт 20. УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны барьсан байшингийн хоёр давхарыг худалдаж авсан хулгай, луйвар гарлаа гэж Ардын намынхан бахиралдаад гүйгээд байгаа. Үүнийг шалгаж үзлээ. Гэтэл тэр 28 тэрбум төгрөгийг гаргасан этгээд нь хоёр жилийн өмнө Сангийн сайд байсан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байна.
Баримт 21. Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад энэ хулгай, луйвар хийгдсэн байна.
Баримт 22. Оюутолгой холбоотой бүлгийн зөвлөхүүдийн асуудлаар хоёр тэрбум долларыг илүү бичсэн хуурамч зардлыг хүлээн зөвшөөрсөн этгээд нь мөн л Ж.Эрдэнэбат болж таарч байна.
Баримт 23. Хоёр жилийн өмнө Худалдаа хөгжлийн банкинд 500 сая долларын бонд гаргах эрхийг олгосон хүн нь мөн Ж.Эрдэнэбат байна.
Баримт 24. Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг хувьчилсан хүн нь явж явж Ардын намынхан болж таарлаа. Тиймээс бид Ардын намын хулгай, луйварыг шалгах болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)