Дэлгэцийн долоо дахь уран бүтээлээ өлгийдөн аваад буй кино найруулагч Мижиддалайн Энхдалайн талаарх 24 баримтыг дэлгэж байна.
Баримт 1. Тэрбээр 1985 оны 02дугаар сарын 15-нд төрсөн. Хумхын орд.
Баримт 2. Эцэг эхээс дөрвүүлээ бөгөөд айлын хоёр дахь хүүхэд.
Баримт 3. Багын нэр нь Энхүүш. Харин одоо найзууд нь түүнийг Далай гэж дууддаг бөгөөд Жэррард гэж хочилдог.
Баримт 4. М.Энхдалай дунд сургуулиа төгсөөд Москвагийн Эрчим хүчний их сургуульд элсэн орсон боловч цахилгааны инженер мэргэжил өөрт нь тохирохгүйг мэдрээд, сургуулиа орхисон байна.
Баримт 5. Тэрбээр тун санаандгүй байдлаар Кино урлагийн дээд сургуульд орсон гэдэг. М.Энхдалай энэ тухайгаа “Би гутлынхаа үдээсийг үдэж байгаад л амьдралынхаа хамгийн чухал хоёр зүйлтэй учирсан юм даа” хэмээн хошигнон ярьжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр тайлагдсан үдээсээ үдэж байгаад, КУДС-д оруулж, насан туршийнх нь мэргэжилтэй учруулах ачтантай тааралдсан аж.
Баримт 6. Түүний амьдралын хоёр дахь чухал зүйл бол хөлбөмбөг. Тэрбээр Liverpool-ийн улаан фэн бөгөөд Стивэн Жэррардыг зодог тайлахад сэтгэлээр ихэд унасан гэдэг. Мэдээж тэр мөнхийн шүтээнтэйгээ бас л тайлагдсан үдээсээ үдэж байгаад санаандгүй “танилцжээ”.
Баримт 7. М.Энхдалай компьютерийн ард суухаараа кино зохиолыг, зургийн талбайд гарахаараа кино группийнхнээ, харин ногоон талбайд гарахаараа хөлбөмбөгийг , гитар бариулчихвал оросын ЛЮБЭ хамтлагийн дуунуудыг ёстой л “хашраана”.
Баримт 8. Тэрбээр оюутан байхдаа “Их зохиолч Д.Нацагдорж” теле жүжигт найруулагч, зохиолч Д.Намдагийн дүрийг бүтээсэн нь хожим Д. Намдагийн тухай хийгдсэн “Цаг Төрийн Нугачаанд”-хэмээх Теле зохиомжийн гол дүр болох Д.Намдагийн дүрт тоглох шалтгаан болжээ.
Баримт 9. Түүнд тооны нэртэй дэлгэцийн бүтээл нэлээд хэд байгаа бөгөөд анхных нь “650” инээдмийн уран сайхны кино юм.
Баримт 10. Харин дэлгэцийн хоёр дахь бүтээлээрээ аймшгийн төрөл жанрыг сонгон авч, “03:30” киног бүтээжээ. Тэрбээр одоо ч “Бид гурвын болзоо”, “Хоёр гүүрний цаана” гээд тооны нэртэй кинонуудаа үзэгчдийн хүртээл болгосоор л байна.
Баримт 11. Тэрбээр архи, тамхи огт хэрэглэдэггүй бөгөөд “Шинэ ертөнц” продакшныхан баяр болгоныг сүү өргөн тэмдэглэдэг гэнэ.
Баримт 12. М.Энхдалай киноныхоо зохиолыг өөрөө бичдэг бөгөөд кино урлагийн шилдгийг шалгаруулах “Академи авардс” наадмын “Шилдэг залуу найруулагч” болон “Шилдэг зохиолч” шагналтай.
Баримт 13. Тэрбээр “Ерөнхийлөгчийн туслах” болон “Аав” киноны зохиолыг өөрийн амьдралаас сэдэвлэн бичжээ.
Баримт 14. Тэрбээр хүүтэйгээ хоёулаа амьдардаг.
Баримт 15. М.Энхдалайн хүү Тэнгис нь “Хөх тэнгэр минь, хөх тэнгэр минь надад туулайн бүжин хайрлаач” гэж чин сэтгэлээсээ 40-50-н удаа гуйхад өглөө дэрэн доор нь хоёр хөөрхөн бүжин мэндэлсэн байдаг гэдэгт одоо ч итгэдэг гэнэ.
Баримт 16. Оюутан байхдаа аав болсон бөгөөд аав, ээжээсээ хүүгээбүхэл бүтэн таван жилийн турш нуусан гэдэг.
Баримт 17. Түүний хэлэх дуртай үг нь:Цаг хугацааг хашраах хэрэгтэй. Үгүй бол тэр намайг хашраана.
Баримт 18. Тэрбээр хэзээ нэг өдөр эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан найруулагч, зохиолч болно гэж мөрөөддөг.
Баримт 19. М.Энхдалай согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй учир ямар нэгэн баяр тэмдэглэсний дараа найзуудыгаа гэрт нь хүргэж өгөх үүргээ өөрийн дураар маш сайн гүйцэтгэдэг гэнэ лээ.
Баримт 20. Тэрбээр кино найруулагч болоогүй бол ЭМЧ болох байжээ. Учир нь, Оюутны байранд байхдаа нэгэн эмч Ах хүүтэй цуг амьдарч байхдаа өвдсөн оюутнуудад нууцаар тариа хийж , дусал залгаж , ганц хуруудсан болон хатиг гарсан хүмүүсийн асуудлуудыг мэс заслын хутга, өмхий ногоон тос хоёроор хөнгөхөн шийдчихдэг байжээ.
Баримт 21. Кино урлагийнхны мөрөөддөг “Оскар” М.Энхдалайд бий. Учир нь, Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай түүнийг гэртээ урьж, бяцхан “Оскар” бэлэглэсэн аж. Мөн саяхан нээгдсэн шинэ киноных нь нээлтэнд уригдсан найз З.Батбилэг нь түүнд Алтаншагайгийнхаас ялигүй том бас нэгэн оскар бэлэглэжээ.
Баримт 22. Тэрбээр энэ жил уран бүтээлийн арвин олзтой байгаа бөгөөд “Одод болохын хүслэн” киноны зохиолыг бичиж, долоо дахь бүтээл болох “Хоёр гүүрний цаана” уран сайхны киногоо өнгөрсөн баасан гарагт бүх кинотеатруудад зэрэг нээжээ.
Баримт 23. Залуу бүсгүйчүүдэд гэж шивнэхэд, авьяаслаг найруулагч залуу найз бүсгүйгүй гэсэн шүү.
Баримт 24. Эцэст нь сануулахад, тэрбээр ирээдүйн ханиа өөрийг нь болон хүүг нь чин сэтгэлээсээ хайрлах бүсгүй байгаасай гэж хүсдэг гэнэ лээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)