Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хотын ирэх оны төсвийг хэлэлцэн батлаад байгаа билээ. НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс ирэх жилийн нийслэлийн төсвийг иргэдээ биш дарга, албан тушаалтнуудаа мөнгөөр угжсан, тэвчиж болох урсгал зардлыг нэмэгдүүлсэн хэтэрхий үрэлгэн төсөв болсон байна хэмээн үзжээ. Түүнчлэн нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан 2017 оны Нийслэлийн төсвийн төслийг төсвийн орлого нэмэгдүүлэх боломжоо бүрэн дайчлаагүй, нийслэлийн олон мянган иргэд, сонгогчдын тулгамдсан асуудлыг орхигдуулан, Сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтаасаа ухарсан үйлдэл боллоо хэмээн тэд дүгнэсэн байна. Тэгвэл нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төсвийг НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс хэлэлцээд гаргасан санал, дүгнэлтийг 24 баримтаар хүргэж байна.
ОРЛОГО НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
Баримт 1. Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан Нийслэлийн 2017 оны төсвийн төсөлд Татварын орлогыг өнгөрсөн оны татварын орлогоос 47,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт төсвийн орлогын 85.1 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Баримт 2. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад татварын дарамт үүсгэх, бизнесийн орчныг боомилох нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж тус намын бүлэг үзсэн байна.
Баримт 3. Нийслэлийн 2017 оны төсвийн төсөлд Авто худалдааны цогцолбор ОНӨҮГ, Улаанбаатар бизнес хөгжлийн корпорациас төвлөрүүлэх орлогыг огт тусгаагүй аж.
Баримт 4. Энэ нь дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого чиглэл нь одоо болтол тодорхойгүй байгааг харуулж байгаа хэмээн үзжээ. Иймд Нийслэлийн өмчийн байр, талбайн түрээсийн орлогыг нэмэгдүүлэх, авлагаа барагдуулах, ус ашигласны төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой тухай Мэргэшсэн байгууллага болох Нийслэлийн аудитын газрын дүгнэлттэй намын бүлэг санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.
Баримт 5. Авто замын хөгжлийн газраас бүрдүүлэх орлогыг 237,6 сая төгрөгөөр төсөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оны орлогоос бууруулсан орлого аж.
Баримт 6. Энэхүү орлогыг нэмэгдүүлэх, бусад ОНӨҮГ-уудын менежментийг сайжруулах, өөрчлөх замаар татварын бус орлогыг нэмэгдүүлж ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.
ТӨСВИЙН ЗАРЛАГА БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Баримт 7. Нийслэлийн төсвийн 2017 оны нийт зарлагыг 541,0 тэрбум төгрөг байхаар тооцжээ.
Баримт 8. Хотын шуудын төсвийн урсгал зардлыг 295 тэрбум 788 сая төгрөгөөр төлөвлөсөн нь 2016 оны урсгал зардлын тодотгосон төлөвлөгөөнөөс 3 тэрбум 867 сая төгрөгөөр нэмэгдүүлж өсгөсөн тоо аж.
Баримт 9. 2017 оны төсвийн урсгал зардалд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зардлыг 2016 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 27,6 хувь буюу 6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Баримт 10. Мөн захирагчийн ажлын албаны зардлыг 18,6 хувь буюу 5 тэрбум 367 сая төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөсөн нь иргэдээ биш дарга, албан тушаалтнуудаа мөнгөөр угжсан, тэвчиж болох урсгал зардлыг нэмэгдүүлсэн хэтэрхий үрэлгэн төсөв болсон байна.
Баримт 11. НИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн МАН-ын бүлгийг нийслэлд засаглаж эхэлмэгцээ дарга нарын зардлыг тэрбум тэрбумаар нь өсгөн нэмэгдүүлж байгааг дуугүй хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэдгээ ийнхүү илэрхийлэв.
Баримт 12. Мөн нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт үүсгэхээр байгаа хэрнээ дарга нарын төсөв, зардлыг нэмэгдүүлж байгаа нь шударга ёсонд, нийслэлчүүдийн эрх ашигт үл нийцнэ гэж тус санал дүгнэлтэд тусгажээ.
Баримт 13. Тэвчиж болох урсгал зардлыг хасаж, чиг үүрэг нь давхардсан болон зураг төсөв, төлөвлөгөөгүй, үр ашиггүй 13,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудын төсвийг өөрчилж сургууль, цэцэрлэг барих, багш эмч нарын ажлыг индексээр тооцож урамшуулах, ахмадын орон сууц, түрээсийн орон сууц, зорилтот бүлэг рүү чиглэсэн орон сууцны хөтөлбөр, бодит ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулах нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзжээ.
ТӨСВИЙН ХӨРӨНГИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
Баримт 14. Нийслэлийн 2017 оны төсвийн төсөлд 174,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 165,7 тэрбум, концессын гэрээний эргэн төлөлтөөр 8,7 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ.
Баримт 15. Мэдээлэл технологийн салбарт 17,1 тэрбум төгрөгийн Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг тусгасан нь өнгөрсөн оны төлөвлөгөөнөөс 6,3 дахин их төсөв болсон байна.
Баримт 16. Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан төсөлд чиг үүрэг нь давхардсан, Зураг төсөвгүй, техникийн нөхцөл бүрдээгүй, холбогдох асуудлыг шийдвэрлээгүй зарим төсөл арга хэмжээг тооцоо судалгаагүй төлөвлөж, Хөрөнгө оруулалтыг нэн шаардлагатайгаас нь эхэлж судлан, эрэмбэлж тооцохгүйгээр хөрөнгө оруулалтын бус урсгал зардлын шинжтэй төсөл арга хэмжээг тусгасан нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах эрсдэлтэй байна.
Баримт 17. Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 5 сарын хугацаа өнгөрч байгаа боловч нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын Удирдах зөвлөлийг одоо хүртэл шийдвэрлээгүй байгаа нь нийслэлийн өмчийг эзэнгүйдүүлж, нийслэлийн төсөв, хөрөнгийг үр ашиггүй, хараа хяналтгүй зарцуулах нөхцөл байдал үүсгэж байна.
Баримт 18. Иймд төсвийн хөрөнгө оруулалтыг заавар журмын дагуу зөв төлөвлөж, гүйцэтгэх, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын Удирдах зөвлөлийг яаралтай тодорхой болгох нэн шаардлагатай байна.
НИТХ-ЫН АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ЮУГ ТУСГУУЛАХААР САНАЛ БОЛГОВ
Баримт 19. Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардалд тусгасан 3 тэрбум төгрөгийн зардлаас 1 тэрбум төгрөгийг хасаж Нийслэлийн Багш, эмч нарыг индексээр тооцож урамшуулах тогтолцоог хэрэгжүүлж санхүүжүүлэх
Баримт 20. АХБ-ны төслөөр хэрэгжиж буй газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээлийн санг өргөжүүлж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх -3 тэрбум 959 сая төгрөгийн төсөл арга хэмжээ нь өнгөрсөн онуудад хийгдсэн тул 3 тэрбум 959 сая төгрөгийн төсвийг Иргэдэд бодит ажлын байр нэмэгдүүлэх, бичил бизнес, гарааны бизнес дэмжих хөтөлбөрт нэмж тусгах
Баримт 21. Геодези М1:2000-ийн зураглал үйлдэж, зохих журам стандартын дагуу орон зайн мэдээллийг бүрдүүлэх 8 тэрбум 644 сая төгрөгийн төсвийг Ахмадын орон сууц, түрээсийн орон сууц, зорилтот бүлэг рүү чиглэсэн орон сууцны хөтөлбөрт зарцуулах
Баримт 22. Угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн төслийг Олон улсын хөрөнгө оруулалтын сан болон төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх
Баримт 23. Аялал жуулчлалын авто замын шинэчлэлт 2,05 км авто замын ажилд 2 тэрбум 957 сая төгрөг тусгасныг чухал ач холбогдолгүй, хойшлуулж болох ажил тул төсөвлөсөн 2 тэрбум 957 сая төгрөгийг Орон сууцны болон Гэр хорооллын дундах замыг нэмэгдүүлэх ажилд тусгах саналуудыг гаргажээ.
Баримт 24. "Цаашид, Төсвийн орлого, зарлага санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулахад онцгой анхаарах, Төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, Шилэн дансны тухай хуулийг хэлбэрэлтгүй мөрдөж ажиллах, Нийслэл хотод тулгамдаж буй замын түгжрэл, агаарын бохирдол болон бусад асуудлуудад ажил хэрэгч хандаж, хэдхэн сарын өмнөх амлалтаасаа дахиж ухрахгүйгээр санаачлагатай, шуурхай, хариуцлагатай ажиллахыг Нийслэлийн Засаг дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нарт Нийслэлийн мянга мянган иргэд, олон нийтийн өмнөөс сануулж байна" хэмээн уг санал дүгнэлтэд дурджээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (13)