Ардчилсан намын Их хурал өчигдөр болж өндөрлөсөн. Тус Их хурлаас намын гишүүд болон олон нийт нэлээд олон шинэчлэлийг хүлээж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй гэдгийг намын гишүүд хэлж буй. Тэгвэл тус хуралдааны үеэр намын гишүүд ямар байр суурьтай байсныг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. "МАН мөрийн хөтөлбөрийнхөө яг эсрэг ажиллаж байна. Давхар дээлээ тайл гээд талбай дээр жагсаал хийж байсан хүн өөрөө давхар дээл өмчихсөн байж байна.
Баримт 2. Өнөөдөр МАН-ынханы ах дүүс, хамаатан садангууд төрийн албаар дүүрлээ. Мөн өр ширийн асуудалд маш худал мэдээлэл тарааж байна.
Баримт 3. Мэргэжлийн гэх Засгийн газартай болсноос хойш долларын ханш өдөрт 100 төгрөгөөр нэмэгдэв. Эрх баригч нам Ардчилсан намын үед хийж байсан сайн гэх хөтөлбөр болгоныг зогсоосон.
Баримт 4. АН дүрэмдээ өөрчлөлт хийж, Ардчилсан намын шат шатны удирдлагыг тухай шатны нийт гишүүдийн саналаар сонгох нь намын шинэтгэлийн эхний бөгөөд хамгийн чухал алхам байх болно. Гишүүд нь шийддэг АН, нээлттэй АН, эв нэгдэлтэй АН болж чадах эсэхээс Ардчилсан намын шинэтгэлийн хувь заяа хамаарна.
Баримт 5. Н.Алтанхуягийн Засгийн газар одоогийн Ж.Эрдэнэбатын Засгийн газар шиг элдвээр гоншигонож, олон таван юм яриад байлгүй шууд ажилдаа орсон. Ардчилсан Нам цаг үргэлж ачааны хүндийг үүрч ирсэн байдаг.
Баримт 6. Ардчилсан намд өгсөн Монголын ард түмний итгэлийг хэдхэн хүн үгүй хийсэн.
Баримт 7. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялагдаагүй. Харин манай намыг ялагдуулчихсан. Ардчилсан намыг зохион байгуулалттай сүүлийн гурав, дөрвөн жилийн үйл ажиллагааны үр дүнд ялагдуулсан.
Баримт 8. Аль ч нам гарсан хэдхэн хүн хождог нам дамнасан бүлэглэл тогтолцоо бий болгохын тулд намайг шахаж гаргасан. Тэдгээр хүмүүс хууль хяналтын тогтолцоонд хонгил бий болгосон. Энэ нь прокуророосоо эхлээд Ерөнхийлөгч хүртэлх тэр хонгилыг хэлж байгаа юм.
Баримт 9. Бид 1990 онд ганцхан хүний эрх ашиг, хязгааргүй тачаалыг хангахын төлөө Ардчилсан хөдөлгөөнд яваагүй. Та бүхэн ч яваагүй.
Баримт 10. Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү гэдгийг ард түмэн хэлдэг. Ардчилсан нам хийж чаддаг гэдгийг бүгд харсан.
Баримт 11. “Ардчилсан нам шинэчлэлээ хийж эхэлж байна. Зургадугаар Их хурлаараа дараагийн шинэ үеэ эхлүүлж байна гэж дүгнэж байна.
Баримт 12. АН-ынхаа гишүүдийн бүртгэлийг цахимаар хийж, хариуцлагатай болох, нээлттэй ил тод зарчимд шилжих, итгэл даадаг нам болж төлөвших ёстой гэсэн үндсэн зарчмын асуудлыг шинэчлэлийн хөтөлбөрөөрөө батлаж байна.
Баримт 13. Ардчилсан намын шинэтгэлийн хөтөлбөр бол АН-ын шинэчлэлийн гол тулгуур зарчим гэж үзэж байгаа.
Баримт 14. АН ирээдүйнхээ чиг хандлага, зохион байгуулалтаа яаж хийх вэ гэдэг нь тулгамдсан асуудал. Энэ бол тодорхой хугацаанд үргэлжлэх үйл явц. Тиймээс АН-ын шинэчлэл 2017 онд үргэлжилнэ гэж онцолж хэлсэн юм.
Баримт 15. Ардчилсан нам нээлттэй нам болох хамгийн анхны алхмаа хийж байна. Энэ нь юу вэ гэхээр, намынхаа даргыг нийт гишүүдээсээ сонгох, бүтэц зохион байгуулалтаа шинээр хийх юм. Намын даргаа нийт гишүүдээсээ сонгоно гэдэг нь бид фракцгүй намтай болж байгаагийн хамгийн тод жишээ.
Баримт 16. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдээсээ сонгогдсон намын дарга хэн нэгний нөлөөлөлд автахгүйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлэх, намаа тогтвортой удирдах боломж бүрдэнэ.
Баримт 17. Нэг хүнийг тойрсон эрх ашгийн нэгдэл битгий байгаасай гэж хүсч байна. Үүн дээр манай намынхан бүгд санал нэг байгаа. Цаашдаа энэ нам дотор бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хэсэг бүлгээрээ нэгдэж тухайн асуудлаа лоббидож болно. Энэ бол аль ч улс төрийн намд байдаг зүйл.
Баримт 18. Ардчилсан намыг нэг толгойтой болгохын тулд яаж нэг нам болгох вэ гэдгээ шийдэх ёстой.
Баримт 19. Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачлагыг бид гаргаж чаддаг. Түүнийхээ хэлэлцүүлгийг нам дотроо хийхгүй бол болохгүй байна. Ардчилсан намд шинэ салхи хэрэгтэй. Тогтмол ус үмхийрдэг. Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй.
Баримт 20. Намын бүртгэлийг цахимжуулж нээлттэй, оролцоотой, цахим ардчилсан нам болох хэрэгтэй. Энэ удаагийн их хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно.
Баримт 21. 2016 оны 12 дугаар сарын 6-ний өдөр зургадугаар Их хурлаа хийж байгаа нь их учир жанцантай. 2000 онд таван нам нэгдээд АН-ыг байгуулж байсан. Энэ өдрийг сонгохдоо 1206 оныг бэлгэдэж сонгосон.
Баримт 22. Өнөөдрийн Их хурлаар дүрмээ өөрчлөөд АН нээлттэй нам болно. Цахим нам, хариуцлагатай, бодлогын нам болгоно. Тиймээс олон нийттэйгээ ойрхон ажиллана. Дүрмийн өөрчлөлт хийгдсэнээр бүх гишүүд намаар дамжиж төрийн үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэнэ. Иргэд, төр хоёрыг холбох үүргийг манай нам биелүүлнэ
Баримт 23. Намын эв нэгдлийг хангах дүрмийн өөрчлөлтийг бий болгохоор ажиллаж байна. Энэ удаагийн өөрчлөлт маш том өөрчлөлт байх болно. Цаашид намын дүрмийн өөрчлөлтийн хүрээнд бид намаа шилэн нам болгох, АН төрийн болон дотоод сунгаагаа шударга явуулдаг тогтолцоог бий болгохыг зорьж байна.
Баримт 24. Монголын ардчилал болоод АН хоёр нэг шугам дээр давхцах ёстой гэж боддог. Сүүлийн жилүүдэд АН маань ардчилсан зарчмаасаа буюу үнэт зүйлээсээ хазайх тохиолдол цөөнгүй байлаа. Одоо харин АН-ыг өөрийнх нь үнэт зүйл, зарчим, үзэл бодол дээр эргүүлэн авч ирэх нь намын дүрмийн шинэчлэлийн энэ хурлын зорилго зорилт байх болно.
24tsag.mn
Сэтгэгдэл (19)