Ардчилсан намын Их хурал өчигдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийж, оройн 18 цагт завсарласан. Харин өнөөдөр хуралдаан үргэлжлэх бөгөөд Ардчилсан намын Үндсэн дүрэм, журмын нэмэлт, өөрчлөлтийг батална. Мөн Ардчилсан намын Хяналтын Ерөнхий Хороо /Үндсэн Дүрмийн Хороо/, Дотоод Сонгуулийн Хороог байгуулах юм. Тэгвэл өчигдөр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийн намын Их хурал дээр хэлсэн үг гишүүдийнх талархалыг хүлээж, олны анхаарлыг татсан байна. Түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Өнөөдөр та бүхний хүч дэмжлэгээр Монгол Улс, ардчилал өдий дайтай явж байгаа учир та бүхэнд баярын мэнд хүргэе.
Баримт 2. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялагдаагүй. Харин манай намыг ялагдуулчихсан. Ардчилсан намыг зохион байгуулалттай сүүлийн гурав, дөрвөн жилийн үйл ажиллагааны үр дүнд ялагдуулсан.
Баримт 3. Нэгдүгээрт “Шинэчлэл”-ийн засгийн газрыг огцруулж Ардчилсан нам засаглаж чаддаггүй гэдгийг харуулахыг оролдсон.
Баримт 4. Шинэчлэлийн засгийн газрын огцруулсан Ардчилсан намын гишүүдийг би ерөөсөө буруутгадаггүй.
Баримт 5. Хоёрдугаарт МАНАН-ийн Засгийн газрыг байгуулсан явдал. Монголын ард түмэн ардчилалд итгэл хүлээлгэж байхад ийм зүйл хийсэн.
Баримт 6. Ардчилсан намыг Улаанбаатар байгаа хэдэн дарга, УИХ-ын гишүүнээр төсөөлөхөө болих хэрэгтэй. Ардчилсан нам бол ард түмнээс үүдэлтэй, мянга мянган гишүүнээс тэдний дэмжигчдээс бүрддэг нам гэдгийг бид мартах учиргүй.
Баримт 7. Манай намыхан дарга болохоороо чих нь дүлийрч, нүд нь юм харахаа больж байна. Энэ бол бидний алдаа.
Баримт 8. Ардчилсан намыг ялагдуулах гэж УИХ-ын долоон гишүүнийг хуралд оруулахгүй гээд найман гишүүнийг барьцаагаар эсрэг кноп даруулж Засгийн газрыг унагаасан. Үүнийг дахин ийм алдаа гаргахгүйн тулд хэлж байгаа юм.
Баримт 9. Мөн Ардчиллынхан дандаа өөр хоорондоо хэрэлдэж байдаг гэсэн дүр зураг, PR-ийг цацсан. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь Тавантолгойн асуудлаар хэрэлдэж байна гэдэг мессэжийг цацсан явдал.
Баримт 10. Ардчилсан намын ялагдлын шалтгаан, буруу бүхнийг жирийн гишүүд, дэмжигчдээс бус саарал ордонд байгаа энэ хүмүүсээс хайх ёстой.
Баримт 11. Энэ хүмүүс өөрсдөө буруугаа хэлэх ёстой. Би ч өөрөө энэ хүмүүсийн нэг нь.
Баримт 12. 2012 онд Ардчилсан намд ард түмэн итгэл хүлээлгэхэд бид үнэхээр их эрч хүчтэй ажилласан. Хагас бүтэн сайныг ч тоохгүй ажилласан байдаг. Ард түмнийхээ үгийг сонсох “11-11” төвийг байгуулж, зам харгуйгаа барьсан. Ардчилсан нам үүнийг хийж чадсан.
Баримт 13. Та бүхэн 1 жил 6 сарын хугацаанд “Монгол хүн 2020” хөтөлбөрийг босгосон. Өнөөдрийн Монгол Ардын нам шиг ялчихаад яах билээ гэж ангайж суугаагүй. Засаг аваад хийх ажил тодорхой болгосон. Маш богино хугацаанд маш их юмыг хийж чадсан.
Баримт 14. Монголын ард түмний өгсөн итгэлийг, Ардчилсан намынханы урам зоригийг хэдхэн хүн нураасан.
Баримт 15. 2012 онд манай намыг олонх болох үед намайг Ерөнхий сайд болгохгүй, намын даргын ажлаа өг гэж шаардаж байсан. Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажил нь Ардчилсан намын хийсэн ажил гэж харагдах ёстой гэдгийг би үргэлж хэлдэг байсан юм.
Баримт 16. Аль ч нам гарсан хэдхэн хүн хождог нам дамнасан бүлэглэл тогтолцоо бий болгохын тулд намайг шахаж гаргасан. Тэдгээр хүмүүс хууль хяналтын тогтолцоонд хонгил бий болгосон. Энэ нь прокуророосоо эхлээд Ерөнхийлөгч хүртлэх тэр хонгилыг хэлж байгаа юм.
Баримт 17. Үгэнд нь орохгүй гэсэн бүхний амыг барьдаг зүйлийг Ц.Элбэгдорж, Монгол Ардын намтай хамтарч хийж байна.
Баримт 18. Би та нарт үнэнээ хэлчихье. Бид хүн шиг амьдарч, улс шиг хөгжье гэж хэлж байсан ч хэдхэн хүнээс болоод хийж эхэлсэн ажлаа дуусгаж чадаагүй.
Баримт 19. Бид 1990 онд ганцхан хүний эрх ашиг, хязгааргүй тачааллыг хангахын төлөө Ардчилсан хөдөлгөөнд яваагүй. Та бүхэн ч яваагүй.
Баримт 20. Ардчилсан нам бол Ардын намаас тохой өндөр шүү дээ гэдгийг ард түмэн хэлдэг. Ардчилсан нам хийж чаддаг гэдгийг бүгд харсан.
Баримт 21. Хууль хяналтын салбарын шинэчлэл олигтой явсангүй. Харин хууль хяналтын байгууллага дээр хонгилын тогтолцоо үүсгэж, хүмүүсийг хэлмэгдүүлдэг тогтолцоог л бий болгосон.
Баримт 22. Хууль хяналтын байгууллагуудад шударга хүмүүс байгаа учраас л тэднээс айж, тусдаа хонгил үүсгэсэн. Энэ нь мөрдөн байцаагчаасаа эхэлж, Ц.Элбэгдорж хүртэл явдаг байх. Тэд өөрийн гэсэн мөрдөн байцаагч, прокурор, шүүгчтэй болохоор захиалга өгч, зохиомол хэрэг үүсгэж, шалгаж, дарамталдаг.
Баримт 23. Үүнийг Ц.Элбэгдорж Монгол Ардын намтай хамтарч хийдэг. Өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд Ардчилсан намынхан л болохгүй байна, бүтэхгүй байна гээд ард нь хараад сууж байна.
Баримт 24. Манай нам ганц хоёр хүнээс хамаардаггүй нам болох ёстой. Гишүүдээсээ намын даргаа сонгох ёстой. Гүйцэтгэх зөвлөлийн 20 хэдэн гишүүнээс чинь эхлээд шоронд хийгээд байна. Нэг нэгнээ ээлжээр дарамтлуулаад төмсөгдүүлээд байсаар байх юм уу. Бид нэг байж чадвал Ардчилсан нам хүчтэй байна. Хамтарья, нэгдье, ялъя, дийлье.
24tsag.mn
Сэтгэгдэл (41)