УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар цензургүй ярьсан юм. Түүний чухам юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Хүмүүс томилгооны асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ нь зүй ёсны хэрэг. Миний хувьд ч шүүмжлэхээр томилгоонууд байна.
Баримт 2. УИХ-ын гишүүдийн 40-өөд нь шинэ хүмүүс байгаа. Тэдний шинийн зовлонг өнөөдөр мэдэрч байна.
Баримт 3. Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдсон Бадамсүрэн зориг зүрх шаардсан ажилд томилогдлоо. Том дарга нартай санал зөрж асуудалд хандах нь оньсого. Эрдэнэтийн хувьчлалын талаар шударга ёсны, улс эх орны эрх ашгийн үүднээс харьцаж чадах зэрэг асуудал их гарна.
Баримт 4. Намайг Эрдэнэт үйлдвэрийн талаар яриад эхлэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж над руу дайраад эхэлсэн.
Баримт 5. Эрдэнэт үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ажилтай танилцахад нэг л сэтгэгдэл төрсөн. Өнөөдөр төр засгийн хянан шалгах чадвар үнэхээр мууджээ.
Баримт 6. Эрдэнэтийн талаар ярихаар намайг намнах санаархал их байх шиг байна. Би хэзээ ч худалдагдахгүй.
Баримт 7. Монголд эрх мэдэлтэнүүдийг хамарсан олигарх тогтолцоо өнгөрсөн дөрвөн жилд биежсэн байна.
Баримт 8. Миний яриад байгаа бүлэглэлд УИХ, Засгийн газар, Монголбанк, Хууль хяналтын байгууллага нь татагдах орсон байна. Тэд нь хүссэн шийдвэрийг нь гаргаж өгдөг болжээ.
Баримт 9. 2014 онд Худалдаа хөгжлийн банканд 500 сая долларын үнэт заасны батлалгаа гаргаж өгсөн. Ер нь захиалга өгч шийдвэр гаргуулдаг явдал газар авсан байна.
Баримт 10. Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал бол Монголд гарч байгаагүй луйвар.
Баримт 11. Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоёр өнөөдөр эзэн нэгтэй болчихоод байна. Тиймээс ч 5 жилийн дараах гэрээний мөнгийн урьвчилж төлөх гэрээ хийсэн байгаа юм.
Баримт 12. Аль ч засаг гарсан шийдвэрээ шууд гаргуулж байдаг цөөхөн хэдэн хүн байж байдаг тогтолцоонд шилжих гээд байна. Гарын 10 хуруунд багтах хэдэн хүн л монголын хамаг баялагийг цөлмөөд улс төр, эдийн засаг, бизнесийн бүх хяналт тогтоогоод Монголын бүх төрийн салаа мөчрийг эзэгнэж, өөрийн хүнийг тавиад улсаа хулгайлаад байвал энэ улс цааш яаж хөгжих юм.
Баримт 13. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаатай концесийн гэрээ байгуулж ажиллуулах болчихоод тэр хугацаанд барих замыг дараа жил нь улсын мөнгөөр хийхээр өөрчлүүлж чадаж байна шүү дээ. Эрх мэдэлтэнгүүд.
Баримт 14. Худалдаа хөгжлийн банкны барьсан 14 давхар байшингийн 3000 метр мкв талбайг улсад 28 тэрбум төгрөгөөр шахсан. Тэгэхэд 40 мянган мкв талбайтай Дотоод хэргийн их сургуулийн барилгыг 35 тэрбум төгрөгөөр бариад ашиглалтад орууллаа. Ийм л байна.
Баримт 15. Би нам дотроо ганцаараа шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд би өөрөө нэр дэвшинэ гээд дэвшдэг зүйл байхгүй. Би Эрдэнэтийн асуудлаар намын дарга болон бусад зарим нөхөдтэйгээ тийм ч таатай биш байгаа.
Баримт 16. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол надад байхгүй.
Баримт 17. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн магтаад байдаг хүмүүс улсын мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан. Би хэзээ ч баримтгүй зүйл ярьдаггүй.
Баримт 18. Миний өмчлөлийн байр зуслан дээр байдаг. Би одоо амьдардаг байрныхаа сарын зардалыг нь төлөөд хүний байранд амьдардаг.
Баримт 19. Хилийн цэргийн хилийн цагдаа болгох саналыг би гаргаагүй. Харин хилийн цэргийг зэвсэгт хүчин рүү оруулж уусгах явдал их байдаг. Тиймээс ч би энэ хуулийг боловсруулсан ч оруулж чадаагүй юм.
Баримт 20. Далай лам өөрөө хүрч ирээгүй шүү дээ. Хятадын тал Х богдын асуудлыг л эсэргүүцдэг. Тиймээс ч өнөөдрийн урд хөршийн гаргаж байгаа шийдвэрүүд үүнтэй холбоотой. Х богдоор нэг даргын хүүхэд тодорчихвол яанаа. Тэгэхгүй гэх баталгаа алга.
Баримт 21. Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болчихоод л Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг хугацаа нь болоогүй байхад шахсаар байгаа л хөөгөөд явуулсан. Тухайн үед би захиалгат шүүгч, захиалгат прокурор гарлаа гэдгийг хэлж байсан. Энэ нь сайн юманд хүргэхгүй гэдгийг хэлж байсан. Өнөөдөр хууль, шүүх, прокурор нь нэг хүний эрх мэдэлд орчихлоо. Бүх зүйл сүлжээнд атгуулах тал руугаа явж байна.
Баримт 22. Н.Алтанхуягийн Засгийн газар унагахад чуулганы хуралдааны үеэр эрх баригчдын тодорхой хэдэн хүн зугтаж алга болж байсан. Тухайн үед би Н.Алтанхуягт өөр рүү чинь ямар нэгэн юм явуулна даа гэдгийг хэлж байсан ч түүнийг Н.Алтанхуяг тоогоогүй. Би Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед үүний цаана юутай ч зүйрлахгүй то эрх ашиг явлаа даа гэдгийг харж байсан. Хэрэг эрхлэх газрын дарга нь Ерөнхий сайдаа түлхэж унагаагаад өөрөө Ерөнхий сайд болж байсан шүү дээ.
Баримт 23. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан бол Эрдэнэтийн 49 хувь дээр шогтохгүй байсан. Би Н.Алтанхуягийн мэднэ. Эрдэнэтийн 49 хувийг Н.Алтанхуяг хийхгүй, Ч.Сайханбилэг хийх байсан учраас л Засгийн газрыг нь унагасан гэх зураг өнөөдөр харагдаж байна.
Баримт 24. Би Н.Алтанхуягийг өмөөрөх ямар ч шаардлага байхгүй. Үнэнийг л хэлж байна. Нэгдүгээр зэргийн эрх мэдэлтэй хүмүүсийн хийж байгаа ажил шүү дээ өнөөдрийн бүх зүйл. Уг нь Н.Алтанхуяг Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад их хувь нэмэр оруулсан. Ч.Сайханбилэгийг улс төрд хөтөлж оруулсан хүн бол Н.Алтанхуяг. Би энэ талаар нь түүнийг өрөвддөг юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (47)