Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр “Монгол HD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орж, улс төрчдийн багийг хуулж, үнэн нүүр царайг илчилжээ. Тэрбээр удаа дараа улс төрчдийн увиагүй үйлдэл, зохион байгуулалттай үйл ажиллагааны талаар өгүүлж байсан билээ. Тэгвэл Н.Алтанхуяг “Хар хайрцаг"-аар энэ бүхний цаана хэн байсныг болоод нам дамнасан бүлэг этгээдүүдийн хараанд чухам хэзээнээс өртсөн, өртөх болсон шалтгааны талаар ний нуугүй ярьсан байна. Түүний чухам юу өгүүлснийг 24 баримтаар хүргэе.
Баримт 1. Өнөөдөр улстөрийг чалчдаг, бие биенийгээ гүтгэдэг талбар болгоод хувиргачихлаа. Би шүүмжлэл шиг чухал юм байхгүй гэж үргэлж хэлдэг. Шүүмжлэлийг сонсохоо боливол тэгээд л өөрөө буруудна гэсэн үг. Тийм учраас шүүмжлэлүүлэхийн тулд, ард иргэдээ сонсохын тулд “11-11” төвийг бий болгосон. Манай иргэд ер нь юунд санаа зовоод байна, юуг зөв гэж үзэж байна, юуг буруу гэж үзэж байна, тэдний амьдрал тулгараад байгаа юм юу байна гэж яваад л нөгөө нүүрсний асуудал рүү чинь орчихсон шүү дээ.
Баримт 2. 10 сараас эхлээд л нүүрсний үнэ 200 мянга боллоо гэж “11-11” төв хэлсэн. Түүнээс биш би өөрөө давхиж гүйгээд байсан юм бол байхгүй. Гэхдээ иргэдийнхээ хэлсэн шүүмжилснийг сонсдог ерөнхий сайд байсан.
Баримт 3. Манай засгийн газрын зорилтууд маш тодорхой байсан. Жишээ нь 16 хувь байсан зээлийг 8 хувь болгосон, 13 аймгийн замыг хатуу хучилттай болгосон гэх мэт маш олон зүйлүүд байсан. Эдгээр саналууд хаанаас гарсан бэ гэхээр энэ бол Н.Алтанхуягаас гараагүй харин ард түмнээс ирсэн санал санаачилга.
Баримт 4. Намайг огцруулсан манай намын гишүүдийг би буруутгадаггүй. Аливаа зүйлийн зөв буруу нь цаг хугацаа өнгөрөх тусам бодитой харагддаг юм байна. Манай намын гишүүдийн намайг унагаана гэж кноп дарсныг өөрсдийнх хийсэн үйлдэл гэж боддоггүй. Үүнийг зохион байгуулсан бүлэг бүлэглэл, магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцоотой хийгдсэн зүйл.
Баримт 5. Ардчилсан намынхан тийм муу хүмүүс биш шүү. Манай намынхан чинь эрх чөлөөт байдлыг эрхэмлэдэг, хэлэх гэсэн зүйлээ хэлж чаддаг, ийм нээллтэй нам. Манай нам муу байсан бол би хэзээ ч 6 жил дарга хийж чадахгүй.
Баримт 6. Манай засгийн газрыг огцруулах болсон нь давхар дээл гэдэг зүйлийг оруулж ирснээс болсон. Би Ерөнхийлөгчид хэлж байсан. Та энэ давхар дээлээ оруулж ирж яах юм бэ бид нар ажлаа хиймээр байна гэж хэлж байсан. Дараа нь давхар дээлийн хуулийг ярьж байгаад байнгын хорооны хурал дээр би бас дургүйцлээ илэрхийлж байсан. Энэ давхар дээлийн хуулийг буцаая аа. Одоо ажлаа хийе юун давхар дээл вэ гээд буцааж байсан. Тэгэхэд их хурлын гишүүд кнопоо дарж чаддаггүй юм байна гэдгийг байнгын хорооны хурал дээр харсан. Тэнд нэг гишүүн орж ирээд кнопоо дарсан бол бид нар олонхи болох байсан юм. Тэр гишүүн орж ирээгүй. Би хожим хойно нь та яагаад орж ирээгүй юм гэхэд маш хүнд байдал надад тохиолдсон уучлаарай гэж байсан. Тодруулаад асуусан чинь нэг дүүг нь шоронд хийчихсэн байсан тэр үед бол гарчихсан байсан. Тэгээд дахиад кноп дарвал дүүг нь дахиад шоронд хийх ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан юм байна лээ.
Баримт 7. Монголын төр ингэж ард түмнээс сонгогдож ирсэн УИХ-ын гишүүний кноп дарах эрхэнд халдаж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл кнопыг нь барьцаалж байна. Өнгөрсөн жилд 2 буруу юм болсон. Нэгдүгээрт өөртөө муу харагдсан, өрсөлдөж мэдэхүйц, үнэнээ шулуухан хэлдэг, эсвэл өөрийнх нь бүлэглэлийн төлөө үйлчилдэггүй ийм хүмүүсийг золигт гаргах үйл ажиллагаа.
Баримт 8. Үүний хамгийн тод жишээ нь Л.Гансүх. Яагаад гэвэл гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад нь төрийн байгууллага зарлаад байдаг. Хүнийг гэм буруугүй байхад нь гэм буруутай гэж цоллодог, олон нийтийн дунд гутаан доромжилдог ийм муухай технологи болж тогтлоо.
Баримт 9. Хоёрдугаарт барьцаанд авдаг асуудал. Би сүүлийн үед УИХ-д хэлсэн хэн ч тоогоогүй. Учир нь ихэнхийг нь барьцаанд авчихсан юм билээ. Хүний амьдралд жижиг сажиг янз бүрийн юм байна. Харин үүгээрээ барьцаанд ордог юм байна лээ.
Баримт 10. Монгол Улсын их хурлын гишүүн ард түмнээс сонгогдчихоод кнопоо өөрөө мэдэж дарж чадахгүй болчихоор чинь монголын төрийг хэн удирдаж байгаа юм гэж маш олон удаа асуусан. Ингэж Монгол Улсын төрийн тогтолцоог унагааж байгаа юм.
Баримт 11. Би энийг бүлэглэл гэж хэлээд байгаа юм. Цөөхөн хүний гарт тоглоом болж байна. Хүн харахад 76 хүн байгаа мөртлөө тэнд ямар ч 76 байхгүй. Тэд кнопоо дарж чадахгүй байна шүү дээ. Хэлснийх нь дагуу дарна. Одоо ч МАН-ынхны дунд энэ дүр зураг байгаа байх.
Баримт 12. Та нар ер нь ерөнхий сайд болохоор л жаргалын оронд оччихдог гэж бодож байна уу. Тийм юм байхгүй шүү дээ. Тэнд ажил хийх гэсэн хүн бол бүр их зовдог. Ажил хийх гэсэн хүн маш их эсэргүүцэлтэй тулгардаг. Гэхдээ би ерөөсөө бэрхшээгээгүй.
Баримт 13. Би Монгол Улсын ерөнхий сайдын ажлыг маш их дуртай, шуналтайгаар хийсэн. Яагаад гэхээр надад хийх маш их хүсэл эрмэлзлэл, зориг байсан. Ер нь улс орноо хөгжүүлнэ гэдэг бол хүмүүс өөрсдөө хийх урам зоригтой болох юм байна лээ. Би олон нийтийн эрх ашгийн төлөө ярьдаг. Иргэд маань хүн шиг амьдарч, улс маань улс шиг хөгжих ёстой. Би ийм л итгэл үнэмшилтэй хүн.
Баримт 14. Би хэд хэдэн асуудал дээр санал нийлэхгүй. Гэхдээ би юмыг зогсоодог хүн биш шүү. Оюутолгойн шийдээгүй гурав дөрвөн асуудал үлдсэн. Хорин хэдийг нь шийдчихсэн. Харин үлдсэн гурав, дөрөвхөн асуудалд Оюутолгойн талаас 2 тэрбум ам.долларын хэтрэлтийг Монгол Улс шууд хүлээн зөвшөөр гэдгийн хэлсэн. Тиймээс шийдээгүй.
Баримт 15. Бид нар Монгол Улсын хэмжээнд гадаадаас 1,5 тэрбум ам.доллар босгосон. Энэ чинь оюутолгойн хэтрэлтээс бага мөнгө байгаа биз. Тэгэхээр би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ажлын хэсэг гаргаад энэ яг 2 тэрбум ам.долларын хэтрэлт юунаас болсон талаар ярилцая гэсэн. Сүүлдээ би зөвшөөрөөгүй. Тэгээд Ч.Сайханбилэг гарч ирээд зөвшөөрчихнө лээ. Үүнийг би буруу гэж боддог. Би байсан цагт энийг хэзээ ч хийхгүй байсан.
Баримт 16. Хоёр дахь нь болохоор Тавантолгой дээр Ч.Сайханбилэг ажлын хэсгийн дарга нь болоод явсан юм. Тавантолгойг хөдөлгөх ёстой байхгүй юу. Эрдэнэс Тавантолгой, Хятадын Шинхуа компаниуд нийлээд Тавантолгойг хөгжүүлье гээд Ч.Сайханбилэг Я.Батсуурь хоёр ажлын хэсэг гаргаад 2014 оны 6 сар хүртэл маш идэвхитэй ажилласан. Тэгээд хөрөнгө оруулалтынхаа дүр зургийг гаргаад ерөнхийдөө тогтчихсон байсан. Тэгээд бас зогсоочихсон. Я.Батсуурь надад хэлэхдээ хэл ам хийгээд зарим хүмүүс зогсоочихсон юм гэж байсан.
Баримт 17. Би суудал боддог хүн биш ээ. Би монгол хүн болж төрснийх энэ үнэ цэнэтэй зүйлээ авч үлдэхийг боддог. Би юмаа худалдаж иддэг хүн биш.
Баримт 18. Би бас их тэвчээртэй хүн. Намайг ажлаа өг гэж шахаж байсан тэгэхээр нь би ажлаа хийж дуусчихаад өгөе гэж хэлж байсан. Би өөрөөрөө л байдаг хүн. Ч.Сайханбилэг бол миний баруун гар байсан. Даанч монголын минь итгэлийг алдлаа.
Баримт 19. Бид нар хэн нэгний шуналыг гүйцээх гэж амьдарч байгаа юмуу, Монгол орноо улс шиг хөгжүүлээд, хүн ардаа хүн шиг амьдруулая гэж бодож байгаа юм уу. Миний сонголт бол 2 дахь нь. Хэн нэгний төлөө юм уу, хэн нэгний хүсэл шуналыг хангахын төлөө би төрөөгүй. Эсвэл би нэг хэсэг бүлэглэлийн, хэдэн мөнгөтэй хүмүүсийн, бусдыгаа дээрлэхдэг, дээрэлхэхдээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг би ийм юмыг дэмжих гэж төрөөгүй. Тийм учраас би өөрийнхөө зарчим дээр л үлдсэн.
Баримт 20. Монголчууд цөөхүүлэхнээ юм чинь хэл амаа ололцоод зөв явах ёстой гэж би боддог. Хэл амаа олоод яв гэдэг нь ард түмний эрх ашгийг огоороод тэднийхээ байгаа баялгийг худалдаж идээд яв гэсэн үг биш. Би энэ байр суурин дээрээ үхэн үхтлээ байна. Энэ байр сууриныхаа төлөө үхэн үхтлээ тэмцэнэ.
Баримт 21. Ингэж хэлсний төлөө олон хүн золигт гарч байгаа. Надад хувь хүнийхээ талд нэг эмзэглэл байгаа. Би идэж уучихсан бол намайг шалгаж болно. Ер нь юмыг ил тод болгохгүй бол энэ хуулийн байгууллага чинь хонгил болчихсон. Би бол ерөнхийлөгч гээд байгаа юм л даа. Ерөнхийлөгч бол хэлнэ биз.
Баримт 22. Төр, түмний төлөө би өөрийн хүмүүсээ золиослохоор шийдсэн. Хамгийн гол нь миний хавь ойрын хүмүүс намайг ойлгож дэмжсэнд би баярлаж байгаа юм. Хэрвээ тэд нар ойлгоогүй бол би бас болих л байсан. Тэд нар маань одоо бол буцах юм байхгүй ээ. Одоо монголын нийгмийг өөрчлөе өө. Энэ хэтэрлээ.
Баримт 23. Би эд нарт нэг юм хэлэе. Та нар асуух юм байвал олон нийтийн өмнө суулгаж байгаад асуугаач. Та нар хулгай хийж байгаа юм шиг тэнд байгаа нэг эмэгтэйг шоронд хийгээд, тэнд байгаа нэг ээжийг шоронд хийчихээд гутаан доромжлоод байдаг байхгүй юу.
Баримт 24. Манай эхнэрийг арван хэд хоногийн өмнө хилээр гаргахыг хориглосноос хойш нэг ч удаа дуудаж асуухгүй байгаа. Энэ хэрэг хийсэн хүний тухай биш зүгээр л Н.Алтанхуягаар оролдоод байгаа байхгүй юу. Монголын төрд ажиллаж байсан Ерөнхий сайд хүний хувьд хэлэх юм гэж байна хэлэхгүй юм гэж байна. Би хэлэхгүй юмаа бол хэлэхгүй байгаа шүү. Гэхдээ надад дахиад хэлэх юм маш их байгаа.
24tsag.mn
Сэтгэгдэл (74)