Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр улстөрд өрнөж буй үйл явц, улс төрийн хэлмэгдүүлэлт, увайгүйтлийн талаар чангахан дуугарч дахин "тэсэлгээ" хийв. Түүний өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд хийсэн мэдээлэл нь улс төрийн хүрээнд “бөмбөг дэлбэлсэн” түүхтэй. Тэгвэл энэ удаа мөн тэрбээр хатуухан дуугарч, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээс өөр аргагүй болсон талаар мэдээлсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхий сайдын ажлаа хүлээлгэж өгөх үедээ ард түмэндээ сэрэмжлүүлж байсны дагуу улс төрийн үйл явдлууд өрнөж, нам дамнасан хуйвалдааны бүлэглэл сонгуулийн хууль тогтоомжийг өөрчилж өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгож, захиалгын УИХ-ыг бүрдүүлж, хуйвалдааныхаа төрийг бүрдүүлэх ажлыг улам эрчмжүүллээ.
Баримт 2. Үүний тод жишээ бол сонгогчдын 40 орчим хувийн саналыг алдсан АН УИХ-ын суудалд 10 хүрэхгүй хувийг эзэлж байхад, 40 гаруй хувийн дэмжлэгийг авсан МАН УИХ-ын суудлын 85 хувийг эзэлж байгаа явдал.
Баримт 3. Ийм үнэмлэхүй эрх мэдэлд хүрсэн хуйвалдааны бүлэглэл ард түмэнд амалснаасаа буцаж, өдгөө төрийн бүхий л салбарт хяналтаа тогтоохоор мэрийж байгаагийн зэрэгцээ Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, хуйвалдааны аргаар өөрсдийн болгосноор цөөнхийн ноёрхлыг он удаан жилээр хадгалж мөнхөд засаглахаар санаархаж байна.
Баримт 4. Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж дайрч давшиж, үнэнийг эрх мэдэл мөнгөөр хаана гэж бардамнаж байна.
Баримт 5. Иймд би Богд хаантны хэлснийг дахин сануулья. Аливаад цаггүй нь үгүй тусгаарлах цаг нь иржээ гэж 1911 онд Монголын цогт их язгууртан, үндэс язгуураа өмгөөлөн тэмцэгчид жигүүрлэж, эрх чөлөө тусгаар тогтнолоо авч байсан тэр цаг өнөөдөр эргэн ирж байгааг би анхааруулж байна.
Баримт 6. Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглэлийн санаархлыг тас цохиж монгол төрөө хуйвалдагчдаас тусгаарлаж, чөлөөлөх цаг нь ирсэн.
Баримт 7. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болж бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ.
Баримт 8. Яагаад ийм шийдвэр гаргасан гэхээр, улам бүр үнэгүйдэн алдагдаж байгаа Монгол ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож Монголын нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг дарангуйлал түрэмгийлэл улс төрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо.
Баримт 9. Өнөөдөр Авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг шударга зүйл гавьяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавья.
Баримт 10. Энэ 26 жилийн турш тэмцэж босгож ирсэн Ардчилал, хүний эрх эрх чөлөөний төлөөх бидний тэмцэл хоосон үг болон үлдэх бодит аюул нүүрлэж хуйвалдааны төр иргэдээ алагчилж, баялаг бүтээгчдээ дээрэмдэж, нийгмийг айдас хүйтсээр залуурдахыг эрмэлзэхдээ хуулийн байгууллагыг ашиглах боллоо.
Баримт 11. Монголын ардчилал анхны зорилго эрмэлзлэлээ дахин сэргээж, эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн чинээлэг дундаж иргэд бүхий нийгмийн төлөөх тасалдсан энэ тэмцлийг залруулах хуйвалдагчдаас эрх, эрх чөлөөгөө хамгаалах бодит хэрэгцээ шаардлага үүслээ.
Баримт 12. Монголын минь заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Хэн нь, хэн бэ гэдгийг ард түмэн тод ялган харж байгаа. Цаг нь иржээ.
Баримт 13. Монгол орноо нам дамжсан хуйвалдааны бүлэглэлээс чөлөөлөх энэ тэмцлийг өнөөдрөөс өргөн фронтоор цэгцэлье.
Баримт 14. Барьцаалагдсан, хэн нэгний дохио зангаагаар ажилладаг, өөрийн толгойгүй утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг болсон.
Баримт 15. Би дахин хэлье. Хуйвалдааны бүлэглэлд битгий давар гэж хэлцгээе.
Баримт 16. Хүнд бэрх цаг үе тулгарахад эх орон, ард түмнийхээ төлөө бүхнийг зориулж чаддаг тийм хүмүүсээс бидний монгол хэзээ ч дутагдаж байгаагүй юм.
Баримт 17. Хуйвалдаан хувааж идэх дээр энэ улс, төрийг бөхөөх гэсэн нам дамнасан бүлэглэлийн хүслийг гүйцэлдүүлж болохгүй.
Баримт 18. Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улс цаашид ч оршин тогтноно. Бид эрх орныхоо хувь заяаг өөрсдөө мэдэж, өөрсдөө удирдах ёстой.
Баримт 19. Ард түмний язгуур эрх ашиг бол Монголчууд эв нэгдэл харилцан ойлголцол, эрх чөлөөнд суурилсан үнэт зүйлс, ирээдүйд итгэх итгэл юм.
Баримт 20. Энэ итгэлийг сэргээж, хамгаалж, бэхжүүлж байж л бидний хойч үе сайн сайхан нийгэмд амьдрах болно. Энэ бол миний ард түмэн хойч үеийнхээ өмнө хүлээх үүрэг зүтгэл юм.
Баримт 21. Тэмцдэггүй ард түмэн мөхөж, урсдаггүй гол мөрөн ширгэдэг. Монголчуудаа сэрэх нэгдэх, сөрөх тэмцэх, сэргээн тогтоох цаг ирлээ.
Баримт 22. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл өмөөрөн, хамгаална. Эх болсон эх орон минь дуудаж байна. Эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Бидний монгол үүрд мандан бадраг.
Баримт 23. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр бол миний хувь улс төрчийн шийдвэр юм.
Баримт 24. АН шинэчлэгдэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ АН-ын ардчилалын гол тулгуурыг хэн мулталж нурааж хаясан бэ гэдгийг тунгаах ёстой. Тэр чиглэлээр ч манай нам ажиллаж байх шиг байна. Зөвхөн дүрэм, дарга хоёр шинэчлэгдсэнээр нам шинэчлэгдлээ гэж ойлгож болохгүй. Энэ намыг өөрийн гэсэн үзэл бодолтой, хэн нэгний утсан хүүхэлдэй болдоггүй хүмүүс удирдана гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо АН руу санаархаж шүлсээ үсэргэж буй хүмүүст хэлэхэд, өөрийн гэсэн толгой, үзэл баримтлалтай байх хэрэгтэй болохоос хэн нэгний утсан хүүхэлдэй байж болохгүй. Манай намынхан ч зөвшөөрч дэмжихгүй.
24tsag.mn
Сэтгэгдэл (72)