Эрдэнэт үйлдвэрийн томилгооны асуудал өнөөдөр хүн бүрийн анхаарлыг татаад байгаа билээ. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшигч Засгийн газар ТУЗ-ийн гишүүдээр У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Б.Доржсэмбэд, Д.Дэмбэрэл нарыг томилоод байсан бол 49 хувийг нь эзэмшигч "Монгол зэс" корпорац Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-ын гишүүнээр томилжээ. Түүнчлэн шинээр бүрдсэн ТУЗ анхны хурлаа хийж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнг даргаараа сонгосон байна. Харин үйлдвэрийн даргын томилгоогоог одоогоор хэлэлцээгүй байгаа аж. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдээр томилогдсон эрхмүүдийн хэн нь хэн гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн нь одоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байгаа юм.
Баримт 2. Тэрбээр Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Итали улсын Бокконийн их сургуулийг тус тус төгсчээ. Мөн БНСУ, Их Британид менежмент, Малайзад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлж байжээ.
Баримт 3. Багш мэргэжилтэй тэрбээр бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй аж.
Баримт 4. “Монгол даатгал” төрийн өмчит улсын үйлдвэрийн газарт мэргэжилтэнээр ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан тэрбээр “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, Монголын ардчилсан социалист залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ. Харин 2015 оноос хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдтолоо МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн аж.
Баримт 5. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүнээр томилогджээ.
Баримт 6. Тэрбээр 1996 онд нийслэлийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэж, 2003 онд ОХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн бизнесийн ухааны магистр зэрэгтэй нэгэн аж. Мөн 2010 онд Сингапурын “Ли Куань Ю” институтэд төрийн захиргааны удирдлагын чиглэлээр мэргэшжээ.
Баримт 7. Г.Нандинжаргал Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газарт эдийн засагч, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний бодлогын хэрэгжилтийнг зохицуулах газрын дарга, “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлын багт төслийн захирлын алба хашсан байна.
Баримт 8. Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдов.
Баримт 9. Тэрээр Сангийн яаманд удаан ажиллаж байгаа бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн газрын даргаар ажиллахаасаа өмнө Нэгдсэн төсвийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Орлогын хэлтэс, Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.
Баримт 10. Б.Доржсэмбэд өмнөх Засгийн газрын үед Эгийн голын усан цахилгаан станцын төслийн удирдах хорооны гишүүнээр ажиллаж байв. Одоо “Эрдэнэт” үйлдвэрээс гадна Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр давхар ажилладаг юм байна.
Баримт 11. Дээрх нэр бүхий гурван эрхэм одоо эрхэлж буй үндсэн ажлынхаа чиг үүргийн даргуу “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар томилогдсон аж.
Баримт 12. УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлийг төрд удаан ажилласан туршлагыг нь үндэслэн “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ томилжээ.
Баримт 13. 1941 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн тэрбээр 1964 онд Эдийн засгийн дээд сургуулийг Худалдааны эдийн засаг, технологи зохион байгуулалт мэргэжлээр, 1977 онд ОХУ-ын Москва хот Нийгмийн ухааны академид улс төрийн дээд боловсрол эзэмшижээ.
Баримт 14. Д.Дэмбэрэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга, Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төр, гэгээрлийн кабинетэд эрхлэгч, лектор, Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МХЗЭ-ийн Төв хорооны эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, группын ахлагч, Завхан аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан байна.
Баримт 15. “Монгол зэс” корпорац Да.Ганболдыг ТУЗ-ийн гишүүнээр ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Баримт 16. “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлын ажлаа өгөөд удаагүй байсан Да.Ганболдод “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчид санал тавьж ТУЗ-ийн даргаар томилоод байсан ч энэхүү шийдвэрийг нь Засгийн газар хүчингүй болгосон юм.
Баримт 17. Түүний төр, хувийн хэвшилд ажилласан туршлага, Оюутолгой хэмээх томоохон төслийн удирдлагын багт ажиллаж байсан зэрэг нь ТУЗ-ийн гишүүнээр сонгох шалтгаан болсон гэх.
Баримт 18. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр Шадар сайд, нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг томоохон албан тушаал хашиж байсан юм.
Баримт 19. "Монгол зэс" корпорац “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахдаа Худалдаа хөгжлийн банкнаас санхүүжилт авсан байдаг. Тиймээс тус банкны гүйцэтгэх захирал О.Орхонг ТУЗ-ийн гишүүнээр томилжээ.
Баримт 20. О.Орхон 1993 онд ОХУ-ын Ярославль хотын есдүгээр дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөж банкны эдийн засагч, санхүүч мэргэжил эзэмшсэн нэгэн.
Баримт 21. 2003 онд Их Британийн Уэльсийн их сургуульд Банк санхүүгийн бизнесийн удирдлагын магистр цол хамгаалжээ. Түүнийг банк, санхүү, бизнесийн салбарт 17 жил ажиллаж буй туршлагатай банкир гэж салбарынхан нь үнэлдэг бөгөөд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас гадна “Ти Ди Би капитал” болон “Ти Ди Би Лизинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2014 оноос Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.
Баримт 22. Тэрээр өмнө нь Мянганы сорилтын санд санхүүгийн зөвлөх, Улаанбаатар хотын банкинд гүйцэтгэх захирал, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байжээ.
Баримт 23. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дараагийн гишүүн нь “Монголын зэс” корпорацын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар юм.
Баримт 24. Түүний тухай мэдээлэл тун ховор ажээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал олны анхаарлын төвд орсны дараа хэвлэлд ярилцлага өгснөөс нь хойш л түүнийг олон нийт таньдаг болсон гэхэд болно.
Эх сурвалж: Ардын эрх
Сэтгэгдэл (16)