Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын 100 хоногийн хүрээнд танхимын сайд нарынхаа хамт сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийсэн билээ. Тэрбээр энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, гадны хөрөнгө оруулалт болон ам.долларын ханшийн өсөлтийн хүрээнд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх асуудалд ямар байр суурьтай буйгаагаа илэрхийлсэн 24 онцлох эшлэлийг хүргэж байна.
Баримт 1. Манай Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд эрхийнхээ хэмжээнд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгосон.
Баримт 2. Худалдаж авсан эх үүсвэр нь хууль ёсных уу гэдгийг тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад хандсан.
Баримт 3. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Ямар нэг зүйлийг нь худалдан борлуулаагүй.
Баримт 4. “Эрдэнэт”-ийн гүйцэтгэх захирлыг томилохдоо ажлын туршлага, мэргэжил гэх мэтчилэн шалгуур тавьж байна.
Баримт 5. Цөөхүүлээ л улсын зовлон юм уу даа. Энд тэнд явахаараа ярилцахаар хамаатан садан болдог. Томилогдож байгаа болгон 100 хувь таалагддаггүй. Ямар ч сайн хүн байсан тодорхой хэмжээгээр шүүмжлүүлнэ.
Баримт 6. Засгийн газрын хувьд хэрэгжүүлж байгаа ажил түүнээс гарч байгаа үр дүнг л шаардана. Эдийн засгийн хүндрэлийг бий болгоход нөлөөлсөн зарим хүнийг өөрчлөхөөс өөр арга байхгүй.
Баримт 7. Сайн нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн. Маш их хэмжээний мөнгийг зах зээл рүү оруулсан. Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай гээд хэрэгжсэн. Энэ бүхэнд мөнгө хэвлэсэн нь валютын ханшийг өсгөсөн.
Баримт 8. Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Одоо валютын орох урсгалаа нэмэгдүүлэх хэрэгтэй.
Баримт 9. “Сайн” хөтөлбөрийг Монголбанкнаас мөнгө хэвлүүлээд хэрэгжүүлж болно. Надад эх орноо гэсэн, эдийн засгаа гэсэн сэтгэл байгаа учраас тэгж чадаагүй. Би Монголынхоо нэг иргэн, нэг аж ахуй нэгжийн төлөө Засгийн газар дуугардаг байх болно.
Баримт 10. Тавантолгой, түүний төмөр зам, цахилгаан станц, Гацуурт төслийг эхлүүлэх, Оюутолгойн төслийн хоёрдугаар ээлжийг эрчимжүүлэх талаар тусгасан. Ирэх оны хавар 5-6 том төсөл эхлүүлж, 2018-2019 онд 60-аад арга хэмжээг явуулж байж гадаадын хөрөнгө оруулалтыг огцом нэмэгдүүлнэ.
Баримт 11. Төмөр зам болон Тавантолгойн ордыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Бүх зүйл маргааш сайхан болно би гэж хэлэхгүй. Төмөр зам бол орлого олох бололцоотой салбар. Орлогоо олоод, зээлээ төлөх бүрэн боломж бий.
Баримт 12. Төр бизнесийн үйл ажиллагаа руу хэтэрхий хутгалдах хэрэггүй. Ингэвэл өөрөө төрийнхөө үндсэн чиг үүргээсээ гажина. 70 орчим төсөл хөтөлбөр хэрэгжвэл Монгол Улсын хэрэглээг 20 дахин нэмэгдүүлнэ.
Баримт 13. Эхний ээлжинд бид ойрын 10 жилдээ эрчим хүчнийхээ хэрэглээг хангах бололцооны 4-5 үйлдвэрүүдээ байгуулах хэрэгтэй.
Баримт 14. Найман хувийн зээл өмнөх хувилбараараа хэрэгжвэл Монголын эдийн засаг даахгүй. Одоо найман хувийн зээл огт зогсчихоогүй байна. Зээлийн сангийн эргэн төлөлтөөр орлогоор санхүүжиж байгаа.
Баримт 15. Зээлийн эх үүсвэрийн асуудлаар хэд хэдэн улс орон, банк санхүүгийн байгууллагууд хандсан. Нааштай шийдвэрүүд гарч байгаа тул найман хувийн зээл үргэлжилнэ. Гэхдээ өмнөх хэлбэрээр биш.
Баримт 16. Монголын нийт үндэсний үйлдвэрлэгч нарын өр төлбөрийн асуудал хүнд байдалд орсон.
Баримт 17. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаад байгаа мөртлөө захирал нь маш өндөр цалинтай. Бид төрийн өмчит компаниудын захирлуудынх нь цалинг 30-60 хувиар бууруулчихаад байна.
Баримт 18. Цаашдаа үр ашиггүй үйл ажиллагаа явуулж төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогыг хэрэгжүүлнэ.
Баримт 19. Бүх салбарын уулзалтууд дээр гадны банк оруулж ирүүлэх санаа яригдсан. Гэхдээ бид энэ асуудлыг бодож үзэх хэрэгтэй.
Баримт 20. Эрхзүйн орчноо бүрдүүлж байж гадны банк оруулах ёстой. Энэ чиглэлд ажлын хэсэг гарсан байгаа.
Баримт 21. Анх ажил авахад хүүхэд бүрт өгөх мөнгө байгаагүй.
Баримт 22. Монгол Улсын нийт иргэдийн тоо 3.1 сая гаруйд хүрсэн байна. Монголын үрс цаашид маш олон болох болтугай.
Баримт 23. Бид эдийн засгийг маш богино хугацаанд хүндхэн нөхцөл байдлаас гаргах ёстой. Хурдтай ажиллах нь энэ Засгийн газрын зорилго юм. Бид өмнө нь үүссэн алдаануудыг засахаар ажиллаж байна.
Баримт 24. Цаашид бид олон улсын зах зээлд унасан нэр хүндээ сэргээнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (24)