Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэрэгт холбогдон зургаан сарын турш хоригдсоны эцэст хэрэг нь хэрэгсэхгүй болсон Б.Мөнгөнтуяа Монголын төрийг шүүхэд өгөөд байгаа билээ. Тэгвэл Б.Мөнгөнтуяагийн нэхэмжлэлтэй Төрийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон юм. Тэгвэл Монголын төрийн шүүхэд өгөөд буй Б.Мөнгөнтуяа тухайн үед чухам юу гэж хэлж байсан болоод ямар үндэслэлээр төрийг шүүхэд өгөх болсныг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Б.Мөнгөнтуяа өнгөрсөн тавдугаар сард Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монголын төрийг шүүхэд өгсөн байна.
Баримт 2. Тэрбээр нэхэмжлэлдээ, хилсээр зургаан сар хоригдсон, хуулийн байгууллагынхан хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай үндэслэлгүй мэдээлэл цацаж, орон даяар нэр төрийг нь гутаан доромжилсон, зургаан сарын хугацаанд ажилгүй орлогогүй байсан, СЭЗДС-д суралцаж байсан нь завсардсан, сэтгэл санааны хохирол амссан хэмээх үндэслэлүүдийг дурджээ.
Баримт 3. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Мөнгөнтуяа сэтгэл санаа, эрүүл мэндийнхээ төлбөрт 38 сая төгрөг нэхэмжилсэн байна.
Баримт 4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах” гэж заасан байдаг. Тодруулбал, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэрэг нь нотлогдохгүйгээс хэрэгсэхгүй болсон, шүүх цагаатгасан тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүсдэг гэсэн үг юм.
Баримт 5. Намайг Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж байгаа прокуроруудад үнэхээр харамсаж байна. Үнэхээр хүнийг яллаж байгаа бол бүтэн овог нэрээр минь хэлж яллах хэрэгтэй. Миний аав энд зогсож байна. Намайг Батцэнгэлийн Мөнгөнтуяа гэдэг.
Баримт 6. Энэ онц ноцтой гээд байгаа хэрэг анх 2014 оны дөрөвдүгээр сарын 28 ны нэгдэхь өдөр үүсээд намайг ажил дээр байхад нь шууд барьж хорьсон. Тухайн үед намайг 265.2 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьчихоод хохироож, нэр төрийг минь гутаачихаад энэ хэргээ хэрэгсэхгүй болгочихсон хүмүүс бол эрхэм прокурорууд та бүхэн.
Баримт 7. Гэтэл одоо намайг дахиад 163.2 166.2 гэдэг хүнд зүйл ангиар яллаж байна. Энэ зүйл ангид чинь заасанчлан улс төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн байгаа би тэр улс төрийн албан хаагч чинь биш. Төрийн албаны шалгалт ч өгч байгаагүй.
Баримт 8. Эрхэм прокуроруудаа та бүхэн миний нүд рүү харж чадахгүй байсан ч над руу хараарай. Намайг “Багануур” ХК-тай байгуулсан гэрээг танилцуулж, гэрээ хийсэн учраас яллаж байгаа гэнэ. Би хэнд ч гэрээ танилцуулаагүй, хэнтэй ч гэрээ байгуулаагүй.
Баримт 9. Үнэ нь тодорхой, хэрэгжих нь тодорхой зүйл дээр манай захирал гарын үсэг зурснаараа яллагдаж байна.
Баримт 10. Монгол Улсын төрийн өмчит компанийн өөрийнх нь гэрээний драфт, өөрсдийнх нь бичсэн, он, сар, дугаартай, таван газрын захирал нь гарын үсэг зурсан гэрээнээс болж яллагдаж байна.
Баримт 11. Би тэр гэрээний нэг ч зүйл заалтыг зөрчөөгүй. Хууль журмын дагуу бүх л үйл ажиллагаагаа явуулж байсан. Гэрээн дээр 20-30 жил “Багануур” ХК-ийг удирдаж яваа хүмүүс хувь хорогдлоо тооцолгүй гарын үсэг зурсан байхад би гэнэт гарч ирээд хорогдол гаргах зүйл дээр гарын үсэг зурсан байж таарах уу.
Баримт 12. Зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг хамаатан садангаар нь холбоод яллаж байна.
Баримт 13. Тэр гэрч, шинжээч нар гээд байгаа хүмүүс энд түмний шившиг болоод л зогссон. Бүх нотлох баримтаа авчирч байгаад намайг улайлгахгүй яасан юм бэ. Яагаад гэвэл өөрсдөө улайх учраас баримтаа авч ирэхгүй байсан хэрэг шүү дээ.
Баримт 14. "Багануур" ХК-ны Санхүүгийн хэлтсийн дарга Ч.Очирлхамын өөрийнх нь гаргасан график байсан шүү дээ. Түүн дээр нэг тн нүүрсийг 25078 төгрөг гэж баталсан байсан. Харин манай компани 27500 төгрөгөөр худалдаж авсан. Ийм байхад яаж алдагдал хүлээх юм.
Баримт 15. Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо гэж хүний хэлснээр хоёр компани хоёулаа л буруу юм байна лээ ш дээ. Миний гаргасан дүгнэлт бол зүгээр л тайлан би өөрийгөө шалгах гэж л АТГ-ын комиссар н.Нарантуяагийн дүгнэлттэй тулгаж үзсэн юм гээд зогсож байгаа хүний тайлангаар бусдыг яллаж болдог юм уу
Баримт 16. Намайг 6 сар суулгасандаа ичээд байсан юм шиг байгаа юм. Тиймээс л янз бүрийн зүйл заалт гаргаж ирж яллаж байна.
Баримт 17. “Оюу-Эрдэм" аудитынхан бид АТГ-ын бэлтгэж өгсөн асуултад хариулсан, гаргаж өгсөн баримтыг нь шалгасан гээд байгаа юм. Гэтэл гаргаж өгсөн баримт нь тодорхой биш. Анх АТГ надаас 7 хайрцаг баримт хурааж авчихаад одоо болтол гаргаж ирэхгүй, хэнд ч үзүүлэхгүй нуучихсан.
Баримт 18. Шинжээчийн дүгнэлт чинь миний эрхийг маш ихээр зөрчсөн шүү. Шинжээчийн дүгнэлт чинь худлаа шүү дээ, зохиомол учраас ярьж чадахгүй олны өмнө шившиг болсон шүү дээ.
Баримт 19. Та хоёр /Прокурор/ компанийн ашгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас асуугаад байсан. Тэр хүн яаж хувийн компанийн ашиг орлогыг мэдэх юм бэ. Зүй нь бол та бүхэн надаас асуух учиртай. Би наад санхүүгийн тайлан чинь хийсэн юм. Би гаргасан юм. Гэтэл надаас асуугаагүй. Яагаад гэвэл та бүхэн ойлгоогүй, асууж байгаа зүйлээ ч мэдэхгүй байсан байх.
Баримт 20. Хүн эдийн засгийн мэдлэггүй байж болно. Тайлан баланс уншдаггүй байж болно. Гэхдээ яллаж байгаа хүмүүсээ, тэдний хэргийг ойлгож байх ёстой. Өссөн дүн гэдгээ ч мэддэггүй. Ичмээр. Тийм юм мэдэхгүй. Ичиж үхмээр. н.Батжаргал прокурор ярьж байгаа юмаа ойлгохгүй. Ингэж ярьж байгаа хүн, хүн яллаад байж байна. Энэ чинь одоо тэгээд шударга явдал юм уу.
Баримт 21. Би тэр шинжээч нараас ичиж байна. Би ямар ч баримтгүй тайлан баланс хийгээгүй. Тийм ч учраас өнөөдөр энд тэр нотлох баримтыг авчраагүй. Үнэхээр зургаан сар хорьсондоо ичээд байгаа юм бол надаас уучлалт гуй.
Баримт 22. Мэргэжлийн ёс зүйгээ мэдэхгүй шинжээч нараас ичиж байна. Бусад мэргэжил нэгт нөхдөө битгий ингэж доромжлоосой.
Баримт 23. Би үнэн зөвөөр хийчихээд үнэн зөвөөр шүүлгэж чадахгүй шүүгдэж 7.5 жил сонсоод байж байгаадаа итгэхгүй байна.
Баримт 24. Та нар залуу хүнийг яаж байгаа юм бэ. Битгий ингэж худлаа яриагаар ялла. Би энд хэрэг хийсэн гээд шүүлгүүлээд зогсож байх ёстой хүн биш. Би эрхээ зөрчүүлсэн, хилс хэрэгт орсон.
24tsag.mn
Сэтгэгдэл (20)