УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк хууль бусаар луйвардаж авсан гэх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн. Уг асуудлаар тэрбээр юу гэж ярьсаныг 24 баримтаар онцолж байна.
1.Эрдэнэт үйлдвэрийг буцааж ав гэдэг саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ үйлдвэрийг худалдаж авсан мөнгөний эх үүсвэрийг шалга гэж байгаа.
2. Сэжиг их төрүүлж байгаа нэг зүйл бий. 2012 онд нэг хүн компани байгуулсан. Тэр компани нь баримт бичигтай мөртлөө үйл ажиллагаагаа явуулаагүй. Тэр компани 2014 онд нэрээ хоёр удаа өөрчлөөд 2016 онд дахин өөрчилсөн. Тэгээд Mongolian Copper Corporation нэртэй болсон байна. Энэ компани нэг сая төгрөгийн дүрмийн сантай байж байгаад нэг өдрийн дотор 100 тэрбумаар дүрмийн сангаа нэмэгдүүлсэн.
3. Энэ компани хоёр сарын дараа их хэмжээний төлбөр Орос уу хийсэн. 200 саяыг нь Худалдаа хөгжлийн банкнаас зээлж шилжүүлсэн. Харин 200 саяыг нь өөрийн хөрөнгөөр төлсөн гэж Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон мэдэгдсэн. Энэ мөнгөний үүсвэрийг л шалгах хэрэгтэй.
4. ХХБ нэг сая төгрөгийн дүрмийн сантай-д яахаараа 200 сая ам.долларын зээл олгодог юм?
5. Ц.Эрдэнэбилэг гэдэг хүн бол Улаанбаатар банк, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга. Бүх мөнгө эндээс хийгдсэн.
6. Том зургаар нь харвал энэ бүхэн арилжааны банкны салбарын дотоод дахь луйвар.
Эрдэнэт үйлдвэр дээр 51 хувийнхаа эрх мэдлийг тогтоо гэж би хэлж байгаа. Одоо Засгийн газрын орох нүх Эрдэнэтэд байхгүй болсон.
7. Зургадугаар сарын 27-ны өдөр Сангийн сайд Б.Болорын тушаалын дагуу батлагдсан дүрмээр бүх эрх мэдлийг ТУЗ-ын даргад өгчихсөн. Ингээд эрх мэдлийг нэг хүнд шилжүүлчихсэн. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой бүх асуудлыг ТУЗ-ын дарга шийдэхээр болж байна. ТУЗ-д нь Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхоноос эхлээд мөнгө төлж Эрдэнэтийг авсан бүх хүн орсон.
8. Засгийн газрын 51 хувийг төлөөлж орсон Шинэбаатар нь долдугаар сарын 7-ны өдөр өөртөө тушаал гаргаад гүйцэтгэх захирлын нэгдүгээр орлогч болчихсон.
9. Эрдэнэт үйлдвэрт нэг хүний хаант засаглал тогтчихсон. Засгийн газраас гаргасан ажлын хэсгийг хүлээж авахаа больчихсон.
10. “Эрдэнэт”-ийн асуудалд намын харьяалал хамаагүй, дарга цэргийн харьцаа хамаагүй шүү. Би энэ асуудал дээр энэ хоёрыг мартана.
11. Эрдэнэбилэг гээд яриад байгаа. Энэ хүн дангаараа ийм юм хийж чадахгүй ээ. Өндөр хэмжээний дэмжлэгтэй байж ийм юм хийнэ. Энэ бол өндөр дээд түвшинд хийгдсэн үйл ажиллагаа. Гурван томтой ярьж байж л ийм юм болно шүү дээ.
12. Засгийн газар энэ булхай луйврыг зогсоох юм байлгүй гэж бид найдаад байгаа.
13. Миний үгнээс илүү хүчтэй мөнгө, сүлжээ гэж нэг юм байна.
14. Засгийн газраас нь зөвшөөрөл авалгүй хоёр жил хойд айлтай хэлэлцээ хийсэн гэж ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон гэж нөхөр хэлсэн дээ. Манай бүх том дарга нартай тохирчихсон байж таарна.
15. Ганцхан хүнтэй компани болгочихоод “Эрдэнэт” үйлдвэр Монголынх гэж ярьж болохгүй биз дээ.
16. Оросын тал бол их сонин санал тавьсан. Зургаадугаар сарын 1-нд “Ростех” нь Монголын Засгийн газарт санал тавихдаа хоёр сонин юм бичсэн байгаа юм. Нэгдүгээрт танай Засгийн газар 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалз. Хоёрдугаарт Mongolian Copper Corporation-д бид зарна гэсэн агуулгатай бичиг явуулсан.Одоо 49 хувийг худалдаж авсан гэх этгээдүүдтэй 51 хувийг эзэмшигч Засгийн газар яаж харьцах вэ гэдэг асуудал л үлдсэн. “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд үлдээх хувилбарыг би яриад байгаа. Энэ үйлдвэр цаашдаа ч 40 жил Монголын ард түмнийг тэжээнэ.
17. Эрх барьж байгаа нам зургаадугаар сарын 28-нд үүнийг засна гэдэг мэдэгдэл хийчихсэн шүү дээ. Одоо манай Засгийн газар тэр мэдэгдлээ ажил хэрэг болгох байлгүй.
18. 65 суудал авсан явдал чинь “Эрдэнэт”-ийн луйврыг эсэргүүцсэн илэрхийлэл байсан. Энэ нам л энэ луйврыг зогсоож өгч магадгүй гэсэн ард түмний итгэл байсан гэж би ойлгодог.
19. Үүний цаад талд “Эрдэнэт”-ийг “Эрдэнэт”-ийн мөнгөөр өөрийн болгох гэж байгаа.
20. “Эрдэнэт” гэдэг чинь Монгол хүн бүрийн амины өмч болчихсон зүйл. “Эрдэнэт”-ийн хүчээр өдий дайтай явж байна гэдэг жирийн малчин хүний тархинд нь суучихсан явж байгаа байхгүй юу.
21. Би “Эрдэнэт” үйлдвэрийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал үзэлцэнэ.
22. Зарим Засгийн газрын гишүүнтэй би айхтар муудалцаж байгаа
23. Гурван сая хүнд мафийн сүлжээ хэзээ ч бий болгож болохгүй.
24. Надад амбиц байхгүй. Би Монголын ард түмний зүрхэнд шингэсэн "Эрдэнэт" үйлдвэрийг луйварчдын гарт алдчихгүй юмсан гэсэн ганц л мөрөөдөлтэй.
24tsag.mn
Сэтгэгдэл (79)