АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нар анхны халз мэтгэлцээнээ хийлээ. Зургаан сэдвийн хүрээнд 90 минутын турш үргэлжилсэн телевизийн халз мэтгэлцээн тун ширүүн болж өндөрлөсөн юм. Сонгуулийн сурталчилгааны том арга хэмжээ болох халз мэтгэлцээнд хэрхэн оролцохоос нэр дэвшигчдийн сонгуулийн амжилт ихээхэн хамаардаг. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний удирдагчаар сонгогдох магадлал хамгийн өндөр бүхий хоёр эрхэм мэтгэлцээний үеэр хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
1. Клинтон: Трампын санал болгоод байгаа татварын бодлого зөвхөн баячуудад тустай, нийгмийн дундаж давхаргынханд ашиггүй гэж бодож байна. Манай улсад дахин 10 сая ажлын байр шинээр бий болгох боломжтой. Зарим улс орнууд хүрээлэн буй орчин түүнээс үүсч буй эрчим хүчний чиглэлээр XXI зууны супер гүрэн болох гээд явж байна. Бид эрчим хүчээр ажилладаг панелыг үйлдвэрлэл зэргийг маш олноор бий болгох ёстой. Энэ нь өөрөө маш олон ажлын байр бий болгох төслүүд. Тийм ч учраас АНУ-ын эдийн засгийг дахин хөдөлгөөнд оруулах хөтөлбөрийг санал болгож чадна.
2. Трамп: Би нарны эрчим хүчээр ажилладаг компаниудыг мэднэ. Асар их хөрөнгө зарсан. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй. Энэ бол үнэхээр гамшиг байсан. Манай улсын гадаад өр 20 их наяд долларт хүрсэн гэдгийг дахин сануулахыг хүсч байна. Ерөнхийлөгч Барак Обама 7 жил гаруй хугацаанд энэ улсыг удирдахдаа өрийн хэмжээг хэд дахин нэмсэн.
3. Клинтон: Би Ерөнхийлөгчийн албанд өөрийгөө тохирно гэж бодож байгаа. Бүрэн бэлтгэлтэй байна.
4. Трамп: Би “Исламын улс”-ыг устгаж чадна. Ажлын байрыг нэмэгдүүлж чадна. АНУ-ын ард иргэдэд ашигтай бүхнийг хийж чадна гэж амалж байна.
6. Клинтон: Хэн ч бидэн рүү халдаж мэднэ. Оросууд, хятадууд, ираны зүгээс. АНУ-ын Засгийн газар энэ бүх асуудлыг шийдвэрлэх хүчин чадалтай гэж бодож байна.
8. Трамп: Би Клинтонтой нэг зүйл дээр санал нийлж байна. Цөмийн зэвсэг бол хүн төрөлхтөний хувьд аюул. Бид Герман, Өмнөд солонгос, бусад орнуудыг цэргээрээ хамгаалах гэж маш их хэмжээний хүчин зүтгэл гаргаж, хөрөнгө мөнгө зарцуулж байна. Америк цэргүүд тэднийг хамгаалсны төлөө яагаад тэдгээр улсууд бидэнд мөнгө төлж болохгүй гэж. Би ийм санал тавьсан. Тэдгээр улс орон өөрсдийгөө хамгаалах хүчин чадалтай гэж би бодож байна.
9. Трамп: Манай зэвсэгт хүчний шинэчлэл үнэхээр хоцорч байна. ОХУ зэвсэгт хүчний шинэчлэл, хүчирхэгжүүлэх чиглэлээр биднээс түрүүлж алхаад байна. Бид Олон улсад олигтой анхаарал хандуулж чадахгүй байна. Ялангуяа бид Умард Солонгос, Хятадын асуудлыг анхааралдаа авах ёстой. Бид Умард Солонгосын эсрэг ингэж үр дүнгүй үйл ажиллагаа явуулахын оронд яагаад тэдэнтэй илүү ойр үйл ажиллагаа явуулж болохгүй гэж.
10. Клинтон: Доналд Трамп “Исламын улс”-ыг ялах нууц төлөвлөгөө байгаа гэж ярьдаг. Нууцлаад байгаагаас үзэхэд түүнд ямар ч төлөвлөгөө байхгүй нь тодорхой байна. “Исламын улс” алан хядах бүлэглэлтэй тэмцэхийн тулд мэдээллийн технологиос гадна агаарын дайралт хийх ёстой. Бид Сирийн халиф бүлэглэлийг дарж чадаж байна. Энэ жилдээ багтаан бид Иракийн газар нутгийг хэт даврагчдын эрх мэдлээс буцаан авч чадна гэдэгтэй итгэлтэй байна.
11. Трамп: Хилари Клинтон "Исламын улс"-ыг ялах тухайгаа ярьдаг. Тэр нь хэзээ ч хэрэгждэггүй. Хэдийгээр холбоотнууд манай улсад чухал ч бид хэдэн тэрбум доллар үр дүнгүй зарцуулж байна. Ойрхи Дорнодод үүсээд буй дайн дажин, зэвсэгт мөргөлдөөн Обамагийн засаг захиргаа болон Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны гадаад бодлогын хүчинд үүссэн. Буруу бодлогын улмаас "Исламын улс" алан хядах бүлэглэл бий болсон. Обама, Хиллари нар Ирак Афганистнаас цэргээ татаагүй бол энэ бүлэглэл үүсэхгүй байсан. Газрын тосны зах зээлд хяналт тавьсан бол “Исламын улс” ийнхүү хүчээ авахгүй байсан гэлээ.
12. Трамп: Хиллари Клинтон олон сайхан зүйл ярьж байна. Гэтэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу хийсэн бэ гэдгийг би асуухыг хүсч байна. Миний хувьд Хиллари Клинтон Ерөнхийлөгчийн албанд тохирох, тогтвортой зан авиртай хүн биш. Миний бодлоор дараагийн ерөнхийлөгч бол худалдааны гэрээ хэлэлцээрүүдийг дахин авч үзэж, зөвшилцөх, бизнес хийх чадвартай байх байсан.
13. Клинтон: АНУ-ын Засгийн газар дэлхийн 100 гаруй улс оронтой яриа хэлэлцээ хийж, улс төрийн хоригдлуудыг суллах, төсөл хөтөлбөрүүдээ шийдвэрлэх чиглэлээр гарамгай ажиллаж чадсан.
14. Трамп: Хиллариг туршлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэр нь муу, тааруухан туршлага. Иран улсад 400 сая доллар төлөхийг амжилттай дипломат бодлого гэж хэлэхгүй.
15. Клинтон: Энэ хүн өмнө нь эмэгтэйчүүдийг гахай гэх мэт маш муухай үгээр доромжилж байсан. Эмэгтэй хүн эрчүүдтэй адилхан цалин авах ёсгүй гэж энэ хүн ярьж байсан. Тэгсэн хэрнээ гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулдаг, гоо бүсгүйчүүдэд дуртай.
16. Трамп: Хиллари Клинтон үр дүнгүй, үр ашиггүй дипломат үйл ажиллагаанд хэдэн зуун сая доллар зарцуулсан гэдгийг бид зөвшөөрөх ёстой. Тэр сонгуулийн үйл ажиллагаанд бараг 200 сая доллар зарцуулсан гэсэн мэдээ гарч байсан.
17. Клинтон: Би эх орныхоо ардчиллыг дэмждэг. Мэдээж хэрэг зарим нь ялна, зарим нь ялагдана.
18. Трамп: Манай үндэстэн асуудалд орсон гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээж хэрэг бид хэрэг зөрчилд орсон тэр хүмүүсийг асуудлаас гаргах ёстой. Хэрвээ тэр сонгуульд ялвал би түүнийг дэмжих болно.
19. Клинтон: Ирээдүйд тулгуурласан шинэ ажлын байр бий болгох эдийн засаг бидэнд хэрэгтэй. Үүний тулд жижиг дунд бизнесийг дэмжих хэрэгтэй. Миний боловсруулж буй эдийн засгийн төлөвлөгөөгөөр шинээр 10 сая ажлын байр бий болно.
20. Трамп: Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд АНУ-д ажлын байрыг нэмэгдүүлнэ. Мөн Америкийн корпорацуудад ногдуулж буй татварын хэмжээг бууруулна. АНУ ажлын байраа Хятад, Мексик зэрэг улс оронд алдаж байна. Түүнчлэн гаднын компаниуд АНУ-ын зах зээлд үйл ажиллагаагаа явуулахын тулд бизнес эрхлэгчдэд боломжийн санал дэвшүүлэх хэрэгтэй. Ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд гаднын компаниудыг эргэн татна гэлээ.
21. Трамп: Транс-Номхон далайн түншлэл худалдааны гэрээг дахин байгуулна. Учир нь тус гэрээ Америкчуудын ажлын байрыг үгүй хийж байна.
22. Трамп: Хиллари Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байхдаа хувийн мэйл хаягаа албаны хэрэгцээндээ ашигласан нь санаатай хийсэн үйлдэл.
23. Клинтон: “Би өөрийгөө өмөөрөхгүй. Алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ бол алдаа. Санаатай хийсэн үйлдэл биш. Трамп ярьж байгаа шигээ баян биш ч байж мэднэ. Тэр буяны үйлст тийм ч их мөнгө зарцуулдаггүй ч байж мэднэ. Магадгүй тэр Уолл-стритийн банкируудад өртэй. Эсвэл тэр татвараа төлөөгүй ч байж мэднэ. Америкчууд үүнийг мэдэх эрхтэй. Трамп татвар төлөлтийн тайлангаа олон нийтэд ил болгох ёстой.
24. Трамп: Хэрэв Хиллари Клинтон хувийн мэйл хаягаа ашиглан бичсэн 33 мянган мэйлээ олон нийтэд ил болгосон тохиолдолд би татварын тайлангаа зарлахад бэлэн байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)