Д.Сүхбаатарын талбайн нэр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн албан ёстоор сэргэж, төв талбайг Сүхбаатарын талбай гэж нэрийдэхээр болсон. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 79 дүгээр тогтоолоор Жанжин Д. Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөн Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай хэмээн нэрлэсэн ч ийнхүү НИТХ-ын тогтоолоор дахин Сүхбаатарын талбай боллоо. Тэгвэл их жанжин Д.Сүхбаатарын амьдралын түүхээс 24 баримтыг хүргэе.
1. Жанжин Д.Сүхбаатар 119 жилийн өмнө буюу 1893 оны энэ өдөр эцэг “цагаан дээлт” Дамдин, эх Ханджавын ганц хүү болон одоогийн Амгаланд мэндэлсэн тухай эх сурвалжид тэмдэглэжээ.
2. Түүний зургийг ардын зураач Л.Намхайцэрэн 10-аад настай байх үед нь зурж байсан гэнэ. 12 настайдаа бичиг үсэг сурсан тэрбээр 1907 онд С.Жамьяан зайсанд шавь орж монгол бичиг, тоо зааласан байна.
3. 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн тэрбээр Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлдэх сургуулийг 1912 онд нээхэд суралцаж, 1913 онд анхны төгсөгч болоод пулемёт сумангийн дарга болсон.
4. Түүний үйл хэргийг, түүх намтрыг олонд таниулах үйл хэргийг гэр бүл, үүсгэн байгуулагч намын гишүүдээс гадна жолооч О.Баатар идэвхтэй өрнүүлдэг. Тэрбээр өчигдөр жанжины мэндэлсний ойд зориулж үзэсгэлэн гаргажээ. Түүний үзэсгэлэнд буй 500 гаруй үзмэрийн оргил нь “Монголын үнэн” сонины анхны дугаарын эх хувь юм.
5. Д.Сүхбаатар олон нийтийн хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. “Монголын үнэн" сонинг санаачилж байсан бөгөөд сэтгүүлч, эрхлэгчээр ажиллаж байсан аж. Өдгөө О.Баатарт хадгалагдаж буй дээрх сонины анхны дугаар 1920 онд Эрхүү хотноо хэвлэгдсэн байна.
6. Тэрбээр сонины үсэг өрөгчөөр ажиллаж байхдаа бичиг үсэг мэддэг байсан тул улс орны гадаад, дотоодод болж байгаа хэрэг явдлыг сониноос олж мэддэг байжээ. Тийм ч учраас хэвлэлийн нөлөө, үр ашиг их гэдгийг мэдэрсэн биз ээ.
7. Жинхэнэ нэр нь Сүхээ байсан гэнэ. Тийм ч учраас “Сүх хүү” хэмээн ном, зохиолд тэмдэглэн үлдээжээ. Гавьяа байгуулсан түүнийг “Гоймон баатар” гэж өргөмжлөн хочилсоор яваандаа сүүлийн Баатар гэх нэртэй нь холбогдож СҮХБААТАР гэдэг болжээ.
8. Д.Сүхбаатар улс орны үйл хэрэгт өндөр албан тушаал хашиж явсан нь цөөнгүй. Тухайлбал, Цэргийн яамны тэргүүн сайд, Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, Засгийн газрын төлөөлөгч байгаад хамгийн сүүлд нас нөгчихдөө Бүх цэргийн жанжин байсан аж.
9. 1921 оны 11 дүгээр сард Зөвлөлт Орос улсад очиж хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулан, гарын үсэг зурж, Владимр Ильич Ленинтэй уулзан гар барьж, зураг татуулсан байдаг.
10. Жанжин Сүх эцэг эхээсээ ганцаараа мэндэлжээ. Янжмаатай 1910 онд гэрлэж Галсан гэдэг нэг хүүтэй болсон. С.Галсан хоёр охин, нэг хүүтэй. Тэднийг С.Наран, С.Амгалан хүүг нь С.Сүхболд гэдэг.
11. Тэд бүгд эцгээрээ биш Сүхбаатар өвөөгөөрөө овоглодог байна. Одоо тэдний хүүхдүүд үр хүүхэдтэй болж, өнөр өт- гөн болсон. Тэр ч бүү хэл гэргий Нэмэндэйн Янжмааг хүртэл Сүхбаатараар овоглож байв. 1946 онд жанжины мэндэлсэн өдөрт зориулсан цомогт оруулахын тулд намын хурлаас ингэж шийджээ.
12. Хүүхэд, үр хойч нь өнөөдөр ч түүнийг “Өндөр өвөө” хэмээн дурсан ярьдаг байна.
13. Жанжин их өндөр хүн байсныг судлаачид хэлдэг. Тэрбээр хоёр метр орчим өндөртэй байсан аж.
14. Тэрбээр цөөн үгээр хэлсэн утга төгс илтгэл нь өнөөдөр ч үнэн мөнөө алдаагүй байна. “Манай цөөн ядуулаг Монгол улс, энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхийн дээр эрдэмтэн хүний биеийг олж төрсөн нь гайхамшиг зохиол, эхийн хэвлийгээс гарч нялх нялзрайгаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх, асралд дэгжиж өдрийг түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно, хэдий мэргэн, мунхаг адилгүй хүчирхэг, буурай өөр боловч аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг өвсбээн /аяндаа/ тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна. Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж, гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ” гэжээ.
15. Жанжин Д.Сүхбаатар Зөвлөлт улсад тусламж гуйхаар явахдаа ТӨМӨР, хувьсгалт нууц бүлгэмийн гишүүд хоорондоо харилцахдаа ЭЭЖ гэдэг нэрээр нууцлан ярилцдаг байж. Бүгд ийм нууц нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан гэдэг.
16. Сэцэн хан аймгийн Ёст бээж Доржжавын хошууны бүх хүний нэр, овог, нас, өрх ам, малын тоог тодорхойлсон бүртгэлийг 1922 онд гарчээ. Үүнд “Сайд жанжин Сүхбаатар - Ургийн овог: Хайс, нас: 28, Өрх гурав. Лам Дэндэв, хар Эрэнчин, хөвгүүн Төмөр, эх Ханджав, ноёхон Янжин, Мандал, хүүхэн Долгор, Оюун” гэж ам бүлийг дурдсан байна. Эдгээр есөн ам адуу 11, үхэр 10, хонь 10-н хөрөнгөтэй болохыг бүртгэлд тэмдэглэсэн аж.
17. “Сүхбаатар” уран сайхны киноны хэсэгт жанжин нэг оростой заамдалцан авдаг хэсэг нь бодитой болж байсан гэдгийг гэргий Янжмаа нь ярьж байжээ. Тэрбээр ширүүн зан ч гаргаж чаддаг хүн байсан гэнэ.
18. Амь өрсөн амаргүй тэмцэж явсан түүнийг Богд хааны зарлигаар тав, дөрөв, гурав, хоёрдугаар зэргийн жинсүүдийг олгожээ. Мөн нэгээс гурван тогосны отго, Зоригт баатар цол шагнасан байна.
19. Гэсэн ч Д.Сүхбаатар өөрөө "Би ардын засгийн төлөө амь өрсөн зүтгэсэн, гавьяа шагнал горилохгүй” хэмээн хэлдэг байсныг хамтран зүтгэгчид нь дурсамж, дурдатгалдаа үлдээсэн байдаг.
20. Д.Сүхбаатар хувьсгалт нууц бүлгийг санаачлан байгуулагчийн нэг байв. 1920 оны зургадугаар сарын 25-нд хоёр бүлгийн хамтарсан хурал болж, тус хоёр бүлгийг нэг хувьсгалт байгууллага болгон нэгтгэж “Монгол Ардын Нам” гэж нэрлэхээр тогтжээ. Энэ хуралд Д.Сүхбаатар: “Манай намын нөхөд эв санаа нэгтэй, сахилга бат сайтай, нийтийн төлөө үнэнчээр зүтгэхдээ амь бие үл хайхрах, өөрсдийн нууцыг бусдад задруулахгүй гэж нэг намд багтсан нэгэн тангаргатан болох бидэнд хатуугаар сахиж явах нэг тангараг заавал байх хэрэгтэй” гэжээ.
21. Тэрхүү тангараг нь тус хувьсгалт байгууллагын дагаж мөрдөх мөрийн хөтөлбөр “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг” болсон юм.
22. Д.Сүхбаатар 1923 оны хоёрдугаар сарын 22-нд цэл залуу 30 настайдаа зуурдаар таалал төгсчээ.
23. Д.Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө “Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ!”, “Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!” гэж гэрээсэлжээ.
24. Жанжин Д.Сүхбаатарын бунханд байсан шарил 1.6 м өндөртэй байжээ. Энэ нь өөр хүний шарил байж болзошгүй гэж судлаач доктор, профессор О.Пүрэв таамаглал дэвшүүлжээ. Д.Сүхбаатар хоёр метр өндөртэй байсан гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)