Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэвлэлд өгсөн сүүлийн ярилцлага улс төрийн хүрээнийхэнийг нэг хэсэгтээ ярих яриатай болгож байна. Тэрбээр уг ярилцлагаараа Монголын улс төрийн бохир бүхнийг ил ярьснаас гадна намынхандаа хандан хатуу шүүмжлэлийг хэллээ. Н.Алтанхуягийн хурц, ширүүн мэдэгдэл, шүүмжлэлээр дүүрэн яриаг 24 баримтаар онцолж байна.
Монгол Улсын 27 Дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Намаа сэхээнд ортол нурааж тамласан хүн, эмчийн хувцас өмсөөд мэс засал хийж аварна гээд ороод ирнэ гэдэг юу л бол
Баримт 1. Аливаад цаггүй нь үгүй, тусгаарлах цаг нь болсон
Баримт 2. Энэ удаагийн сонгуульд Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголынхоо төлөө зүтгэх аль ч нам ялаагүй. МАН-ын Засгийн газрын дэвшүүлсэн олон асуудлууд бодлогогүй үйлдэл болж, нийгмийг бухимдууллаа. Албан тушаалын томилгоо хийж, татвар нэмж, иргэдийнхээ халаас руу гараа дүрэхээс өөр хийж байгаа ажил алга. Тэд ийм л байсан, тиймээрээ л байна.
Баримт 3. Арай ч дээ гэмээр олон хууль бус үйлдлийг явцуу эрх ашигтаа нийцүүлэн хуйвалдан хийсээр хуйвалдааны төрийг бүрдүүлж чадлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан тогтмол давтамжаар тархи угааж, хууль хүчний байгууллагуудыг ашиглан өрсөлдөгч улстөрчдийнхөө нэр хүндэд удаа дараа халдсаар, зарим нэгийг нь барьцаалж байгаад тэд зорьсондоо хүрлээ.
Баримт 4. Утсан хүүхэлдэй нараа ээлж дараалан Ерөнхий сайдаар томилоод хасна, танана, хална гэдэг үгсээр айлгаж юуч бүтээлгэлгүй алт шиг цаг хугацааг урсгасаар байна.
Баримт 5. Энэ бүлэглэл ард түмнийг айдсаар дарангуйлж, ходоодыг нь хагас хоосноор барьж, цаагуураа Монголын баялгийг гаднынхантай хувааж цөлмөөд өөрсдөө л хүчирхэгжин хөлжих ганц л зорилго бий.
Баримт 6. Харин манай намынхан өнгөрсөн сонгуульд заавал дүгнэлт хийх хэрэгтэй. Сонгуулийн үр дүн яагаад ийм гарав гэж ямар зохион байгуулалттай, ямар ямар үйлдлүүд хийгдэв гэдэгт. Тэгэхгүй бол дараа дараагийн сонгуулиуд улам л тоглоом, шоу болох аюултай.
Анхны ардчилагчдын нэг, Ардчилсан намаас хоёр дахиа сонгогдсон Ерөнхийлөгч маань, уугуул намаа эрх барих үед хэрхэн дэмжиж, хэрхэн хамтарч ажиллав...? Ардчиллын төлөө хамтдаа зүтгэж байсан нөхдөө үндэслэлгүй хэргээр шоронд явуулж, намын нөхдөө хооронд нь талцуулж, хагаралдуулан сөрөг хүчний удирдагч нартай үгсэн хуйвалдаж,ардчилагчдын шинэчлэх өөрчлөх, бүтээн байгуулах, улс шиг улс болгох чин эрмэлзлийг тасалдуулж, бүүр намаа сонгуульд ялагдуулах бүхий л нөхцөл бололцоог бий болгосныг Монголын ардчилагчид бүгд харсан.
Баримт 7. Ерөнхий сайдын сэнтийд суух ч яахав, Ерөнхий сайдын ажил үүргийг хийнэ гэдэг амаргүй л дээ. Би ажил хийнэ, ард түмнийхээ төлөө зүтгэнэ, бүтээнэ гэсээр байгаад л Ерөнхий сайдын ажлыг авч байсан. Намайг ганц нэг хүн Ерөнхий сайд болгохгүй л гэж байсан.
Баримт 8. Өөрийн толгойгүй Ерөнхий сайдад эрх мэдэл дутахаас яахав. Гүйцэтгэх засаглал шийдвэр гаргах, түүнийгээ хамгаалах эрх мэдэлгүй бол бид хөгжил гэдэг үгийг мартах хэрэгтэй.
Баримт 9. Хувь хүнийх нь хувьд би өнөөдрийн Ерөнхий сайд болон танхимынх нь гишүүдийн зовлонг дээд зэргээр ойлгож байна. Хүсээгүй шийдвэр, хүсээгүй даалгавар, дээр нь зохион байгуулалттай, давтамжтайгаар ирэх элдэв гүтгэлэг дайралт бол их хэцүү.
Баримт 10. Анхны ардчилагчдын нэг, Ардчилсан намаас хоёр дахиа сонгогдсон Ерөнхийлөгч маань, уугуул намаа эрх барих үед хэрхэн дэмжиж, хэрхэн хамтарч ажиллав...? Ардчиллын төлөө хамтдаа зүтгэж байсан нөхдөө үндэслэлгүй хэргээр шоронд явуулж, намын нөхдөө хооронд нь талцуулж, хагаралдуулан сөрөг хүчний удирдагч нартай үгсэн хуйвалдаж,ардчилагчдын шинэчлэх өөрчлөх, бүтээн байгуулах, улс шиг улс болгох чин эрмэлзлийг тасалдуулж, бүүр намаа сонгуульд ялагдуулах бүхий л нөхцөл бололцоог бий болгосныг Монголын ардчилагчид бүгд харсан.
Баримт 11. Ардчилсан намын нэр хүндийг шалд нь унагаж, засаглаж чаддаггүй нам, хоорондоо хэл амаа ололцдоггүй нам гэдэг ойлголтыг нийгэмд хоногшуулан сонгуульд ялагдуулах олон эрээ цээргүй хуйвалдаан явсныг бүгд мэдэж байгаа.
Баримт 12. Намаа сэхээнд ортол нурааж тамласан хүн, эмчийн хувцас өмсөөд мэс засал хийж аварна гээд ороод ирнэ гэдэг юу л бол.
Баримт 13. Бид хаана, юун дээр ямар хүчин зүйлээс болж, яагаад ялагдав гэдгээ тодорхой, ил тод ярьж, зөв оношилж байж шинэчлэл бодит болно. Харин шинэчлэл нэрээр үйлдсэн гэмээ нууж, хаалгаар биш хаяа тооноор эрх мэдэл, явцуу жижиг эрх ашгийн төлөө шунаж орж ирэх гэж оролдож байгаа хүмүүсийг намын гишүүд сайтар танина.
Баримт 14. Эх оронч үзэлтэй, өөрийн толгойтой, би энэ үгийг давтан хэлмээр байна, өөрийн толгойтой хүн чухал шүү. Зарчимч, боловсролтой, шударга өрсөлдөх чадвар бүхий залуусыг бид дэмжих хэрэгтэй.
Баримт 15. Ардчилсан намд гурван үеийн төлөөлөл анх удаа бий болж байна. Гурван үеийн хэлхээ буюу залуус нь зүтгэж, дунд үе нь ачаа үүрч, ахмад нь туршлага заан зөв чиглүүлж байж улс орноо хөгжил дэвшилд хүргэж чадна.
Баримт 16. Одоо өнгөрсөн хойно нь юугаа зөвлөх юм бэ. Бүлгийн гишүүний хувьд санал бодолоо зөндөө хэлсэн. Зөвлөх үед нь зөндөө зөвлөсөн. Үг авдаггүй шүү дээ. Уйгагүй хэлж байсан. Та бүхэн санаж байгаа. Эрх мэдлийн тэнцвэрийг хуучин гольдролд нь оруулья гэж хууль санаачилсан. Энхболд шүүгээндээ цоожлоод таг. Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэж хэлсэн. Бас жижиг 76 болгож бүүр болохгүй гэж хоолойгоо сөөтөл хэлсэн. Сонгуулийн өмнө бүртгэлийн байгууллагаараа оролдож болохгүй, эмзэг шүү гэж хэлж зөвлөсөн маань цөөдөөгүй.
Баримт 17. Нам бодлоготой байж, бодлогынхоо төлөө ажиллах ёстой. Харин намыг бодлого, чиглэлгүй болгосон хүмүүс огцорсон ч багадана. Их мөнгө амлаж, илүү бужигнуулснаар биш итгэл үнэмшил, зорилго зүтгэл, нэгдэл нягтрал, үзэл санаа намыг буцааж тэнхрүүлнэ.
Баримт 18. Ер нь Ардчилсан нам маань МАНАН гэдэг бүлэглэлээс салж байж нам шинжээ хадгалж, улс орноо урагшлуулж чадна. Богд хаан манжаас тусгаарлах шийдвэр гаргахдаа “Аливаад цаггүй нь үгүй, тусгаарлах цаг нь иржээ” гэж хэлж байсан шиг хуйвалдааны зохион байгуулалттай, явцуу эрх ашгаар нэгдсэн нам дамжсан бүлэглэлийг задлаж, Ардчилсан нам МАНАН-гаас тусгаарлах цаг нь ирсэн.
Баримт 19. Тэгэхдээ 2012-2016 оны манай намын зовлон одоогийн эрх барьж байгаа МАН-ын зовлон болж хувираад байна. Учир нь нам дамнасан цөөхөн бүлэглэл зорилгынхоо талд нь л хүрсэн. Үлдсэнийг нь эрх баригч МАН-ыг зөрчилдүүлж, хямралдуулах замаар олж авах нь тодорхой болж байх шиг байна. Эхнээсээ манай нам дээр хийж хорлосон танил аргууд нь одоо эрх баригч намын бодлого шийдвэрүүд дээр тодроод ирлээ.
Баримт 20. Иргэдээ орон сууцтай, ажлын байртай, компаниудаа үйлдвэртэй, улс орноо баталгаатай дэд бүтэцтэй болгож, нийт эдийн засагтаа урт хугацааны үр ашиг өгөх өмч хөрөнгө болгож үлдээсэн гэсэн үг.
Баримт 21. Урд нь орд газруудаа урьдчилж зараад, сонгуулийн амлалтаа биелүүлж, мөнгөө бэлнээр тараагаад гадагшаа урсгадаг байсан бол одоо урт хугацааны үр өгөөжтэй бодит хөрөнгө болж үлдсэнтэй хэн ч маргахгүй.
Баримт 22. Хүний хөгжил, хүнд зориулагдсан эдийн засгийн хөгжлийн загвар хоёр хосолж байж улс орныг үсрэнгүй хөгжилд хөтлөнө. Суурь бодлого буюу хүний хөгжил, хүнд зориулагдсан бодлого хоёроо орхигдуулаад байгаа төсөвтөө багтааж хөгжил дэвшил эрэлхийлэх нь цаг үрсэн үйлдэл буюу суурьгүй байшин барих гэж оролдохтой адил.
Баримт 23. Өнөөгийн эрх баригчдад ямар ч бодлого алга. Яг яах гээд ард түмнээ айлгаад байгаа юм. Мандуулна, хөгжүүлнэ гээд байснаа хийхгүй юм уу. Эсвэл бүх зүйлийг сөнөсөн дампуурсан гэж итгүүлээд улсаа хувьчилж авах гээд байгаа юм уу. Монгол хүнээ дэмжсэн, эдийн засгийг агшаасан биш тэлсэн бодлого хэрэгжүүлж байж энэ улс орныг өнөөгийн чөтгөрийн тойргоос гаргаж чадна.
Баримт 24. Улс орноо гэх сэтгэл гаргахын оронд буцаад албан тушаалаа наймаалцаж, хүнд суртал, хуучинсаг хахир арга барилаараа ажиллаж, сурсан зангаараа ухраах талаар л хэлэлцээд сууж байна. Аль нэг төрийн өмчийг үнэгүйдүүлж, завшиж авахын тулд тэр байгууллагаас том гэмт хэрэгтэн төрүүлж шоронд хийдэг. Тэгээд төр бол муу менежер гэж хашгирч байгаад хувьчилж авдаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (22)