Улсын их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд эр бяр, уран мэхээ уралдуулан байж аварга болсон Ч.Санжаадамбын тухай 24 баримтыг хүргэж байна. Түүнийг аварга болохыг монголчууд маш олон жил хүлээсэн дээ. Энэ жил аварга цол хүртсэн нь бөхийн хорхойтнуудын олон жилийн ганг тайллаа хэмээн ард түмэн ярьж байна.
Баримт 1. Чимэдрэгзэнгийн Санжаадамба 1985 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн.
Баримт 2. Аварга Ч.Санжаадамбын аавын талд улсын баяр наадамд 17 удаа шөвгөрсөн улсын арслан Уламбаярын Мижиддорж байдаг бол ээжийнх нь талаас нутаг орондоо шаггүй барилддаг хүмүүс байжээ.
Баримт 3. Тэрбээр багаасаа барилдах дуртай хүүхэд байсан гэдэг. 16 настайдаа бөх болохоор Хашаат сумаас нийслэлийг бараадан ирж байжээ. Түүний бөхийн анхны багш нь алдарт З.Дүвчин гуай юм.
Баримт 4. Анхны түрүүгээ 2002 онд Хашаат сумандаа авчээ. Тухайн жил болсон "Залуучуудын чуулга уулзалт"-ын бөхийн барилдаанд анх барилдаж түрүүлсэн байна.
Баримт 5. Тэрбээр 2006 оны Дорноговь аймгийн наадамд 5 давж Аймгийн начин цол хүртсэн байдаг. Булган аймгийн Гурванбулаг сумын наадамд очиж барилдаад Э.Чулуундорж гэдэг сумын зааныг даван түрүүлж сумын заан цол хүртсэнээ тэрбээр дурсан ярьж байжээ.
Баримт 4. Харин 2008 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Цэргийн арслан цол хүртсэн байна.
Баримт 5. Мөн 2008 оны Булган аймгийн наадамд 6 давсан. 2010 оны Бүх цэргийн наадамд түрүүлж Хурц чимэг хүртсэн.2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн байдаг.
Баримт 6. 2011 оны улсын баяр наадамд 7 давж Улсын заан цол хүртсэн. Чухам энэ цаг үеэр монголчуудын хайртай бөх болсон юм.
Баримт 7. 2013 оны улсын баяр наадамд 5 давж Өсөх идэр чимэг тус, тус хүртсэн.
Баримт 8. 2011 оны 11 сард Монгол бөх Гиннессийн номд бүртгүүлэхэд зориулсан 6002 бөхийн барилдаанд 13 давж түрүүлсэн.
Баримт 9. 2012 оны 11 сарын 14-нд Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн барилдаанд түрүүлж, 2012 оны 11 сарын 26-нд улс тунхагласны 88 жилийн ойд барилдаанд үзүүрлэсэн.
Баримт 10. 2014 оны улсын баяр наадамд 7 даван заан цолоо баталж саруул сайжрах чимэг хүртсэн байна.
Баримт 11. 2015 оны улсын баяр наадамд 7 даван дахин заан цолоо баталж чимэг хүртэв.
Баримт 12. Харин өчигдөр 10 даван түрүүлэн Арслан ба Аварга цолуудыг давхар хүртээд байна. Түүнийг аварга цол авахыг монголчууд 10 жил хүлээсэн билээ.
Баримт 13. Түүний өндөр 185 см бол 140 кг жинтэй аж.
Баримт 14. Тэрбээр гурван ах, нэг эгчтэй айлын отгон хүү. Анх түүнийг барилдаж байхад "Энэ эрхийн мангар яаж бөх барилдах юм" гэж шүүмжилдэг байсан гэдэг.
Баримт 15. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээнд харъяалагддаг.
Баримт 16. Түүнийг Өвөрмонголд алдартай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрбээр Өвөрмонголын бөхийн барилдаанд олон удаа түрүүлж байв. Хасар бөхийн барилдаанд нь түрүүлж Аudo Q7 автомашинаар шагнуулжээ. Харин энэ машинаа тэнд нь зарчихаад ирсэн гэдэг.
Баримт 17. Мөн өнгөрсөн жил ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт болсон хүчит бөхийн барилдаанд манай улсын нэр бүхий хэдэн бөхчүүд зодоглоход Ч.Санжаадамба түрүүлж 500 грамм алтан гулдмайгаар шагнуулсан байдаг.
Баримт 18. Архангай аймгийн Хашаат сумаас төрсөн хоёр дахь том цолтон.
Баримт 19. Анх “Хатант Интернэшнл” компанийн нэр дээр барилдаж байсан бол одоо Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо, "Ажнай" корпорацийн бөхөөр цоллуулж байна.
Баримт 20. Тэрбээр эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Солонго нь сэтгүүлч мэргэжилтэй. Хосууд анх хөлсний байранд амьдралаа эхлүүлсэн гэдэг.
Баримт 21. Заалны барилдаанд олон удаа түрүүлсэн болохоор нь түүнийг "Заалны баавгай" хэмээн хочилдог байна.
Баримт 22. Аварга болсон агшинд хэлсэн үг: Энэ жилийн хувьд архангайчуудын хувьд сайхан наадам боллоо. Улсын начин цолтон дөрөв төрж, арслан, аваргатай боллоо. 1024 бөх барилдсан түүхт ойн жил Архангайн хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн нь бас нэгэн ховор амжилтын түүхийг бичлээ. Миний хувьд 15 жил улсын наадамд барилдаж, аварга хэмээх сайхан цолонд хүрлээ. Цаашдаа улам сайн барилдаж, та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээх болно. Нийт монголчууд та бүхэндээ баяр наадмын мэндийг хүргэж байна.
Баримт 23. Идэх дуртай хоол нь мах. Ямар сайндаа л өөрийгөө хэлд орохоосоо өмнө маханд орсон хэмээн хошигнодог.
Баримт 24. Улсын арслан Р.Пүрэвдагваар арав даван түрүүлсэн тэрбээр өнөөдөр түрүү бөхийн бай "Ланд 200 авто" машинаар шагнуулаад байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (13)