2016 оны сонгууль болж, УИХ, НИТХ-д МАН үнэмлэхүй ялалт байгуулж, төр засгийн эрхийг барихаар болсон. Тиймээс ч эхнээсээ Монгол Улсыг удирдах хүмүүсийн нэрс тодорч ажлаа хүлээж аваад байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат, УИХ-ын даргаар М.Энхболд ажиллана. Харин НИТХ-ын даргаар Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргаар С.Батболд нар ажиллахаар боллоо. Тэд ирэх дөрвөн жилд Засгийн газар, УИХ болон нийслэлийн багаа удирдаж ажиллах юм. Тэгвэл ирэх дөрвөн жилд улс орныг авч явах, хөгжлийг тодорхойлох эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
Баримт 1. Монгол Улсын 29 дахь Ерөнхий сайдаар томилогдохоор зэхэж буй Ж.Эрдэнэбат нь Сэлэнгэ нутгаас хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон нэгэн юм.
Баримт 2. МАН-ын шилдэг, залуу улстөрчдийн нэг. Нам дотроо нэр цэвэр, шударга нэгэн гэгддэг.
Баримт 3. Өнгөрсөн удаад Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Сангийн сайдаар найман сар гаруй хугацаанд ажилласан.
Баримт 4. Ж.Эрдэнэбат 1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК-д нягтлан бодогч, 1997-2000 онд Сэлэнгэ аймгийн хянан шалгах хороонд байцаагчаар ажиллажээ.
Баримт 5. 2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан байна.
Баримт 6. 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2016 оны УИХ-ын сонгуульд мөн сэлэнгэчүүдийг төлөөлөх үүрэг хариуцлага аваад байгаа юм.
Баримт 7. Арван жилд хамт сурч байсан ангийнхаа охинтой тэрбээр гэр бүл болжээ. Одоо тэд нэг хүү, хоёр охины ээж, аав болсон байна.
Баримт 8. МАН-ын бага хурлаас түүнийг дэмжсэн учраас өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний нэрийг өргөн мэдүүлж, Ерөнхий сайдаар албан ёсоор томилох учиртай.
УИХ-ын дарга М.Энхболд
Баримт 9. УИХ-ын даргаар сонгогдсон тэрбээр УИХ-д олонхи болсон МАН-ын дарга.
Баримт 10. М.Энхболд 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.
Баримт 11. 1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр.
Баримт 12. 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2007 оны арванхоёрдугаар сараас 2012 оны наймдугаар сар хүртэл Шадар сайдаар ажилласан нэгэн.
Баримт 13. Мөн 2008 оноос хойш УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажилласан бол 2013 оноос МАН-ын даргын албыг хаших болсон.
Баримт 14. 2010 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны ММСУХ ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Баримт 15. 1999 онд "Алтангадас" одон, 2005 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"гоор тус тус шагнагдсан.
Баримт 16. Тэрээр энэ удаагийн сонгуульд МАН-ын багаа удирдан орж, ялалт байгуулсан гавьяатай.
НИТХ-ын дарга Ц.Сандуй
Баримт 17. Ц.Сандуйн аав н.Цэндсүрэнг Хотын намын хорооны намын Хянан шалгах комиссын дарга байсан гэдгээр нь олон хүн мэддэг. Тэрбээр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт мэндэлсэн.
Баримт 18. Ц.Сандуй 1988 онд Улаанбаатар хотын 31 дүгээр дунд сургуулийг төгссөн, Москва хотын Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй төгсчээ.
Баримт 19. 1997 онд Нийслэлийн газрын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж эхлэн төлбөрийн байцаагч, хэлтсийн дарга, дэд дарга, даргын албан тушаалд дэвшин 15 жил ажилласан байна. 2012 оноос нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. Мөн 2012 оноос нийслэлийн МАН-ын хороон даргаар ажиллаж байна. Төрийн захиргааны тэргүүний ажилтан, алтан гадас одонтой.
Баримт 20. Тэрээр 2008-2012 онд Г.Мөнхбаяр хотын даргаар ажиллаж байх үед нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан. 2012 оны сонгуульд нийслэлийн МАН ялагдал хүлээснээр Г.Мөнхбаяр албаа хүлээлгэн өгсний дараа Ц.Сандуй орыг нь залгасан юм.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд
Баримт 21. С.Батболд 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990 онд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль ХАА-н инженер мэргэжлээр, 1995 онд Төрийн захиргаа, удирдлага хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер мэргэжлээр тус тус төгссөн.
Баримт 22. Англи, орос хэлтэй. Мөн Техникийн ухааны магистр зэрэгтэй.
Баримт 23. Тэрбээр 1990-1993 онд Төв аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны зөвлөлд инженер, 1993-1995 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст ерөнхий инженер, 1995-1997 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга, 1997-1998 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга, 1998-2000 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар тус тус ажиллаж байв.
Баримт 24. МАН-ын залуу, лидер улстөрчдийн нэг гэх нь бий. Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (20)