МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг дэвшүүлсэн. МАН-ын дарга М.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгчтэй уг асуудлаар зөвшилцих юм. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, өнөөдөртөө багтаан байнгын хороог хуралдуулах аж. Тэгвэл Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайдаар дэмжигдээд буй Ж.Эрдэнэбат гэж хэн бэ?. Түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Жаргалтулгын Эрдэнэбат бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул хүн. Сэлэнгийн хүүхэд гэсэндээ бага наснаасаа ногоо тарьж, газар тариалангийн салбарт хийгддэг бүхий л ажлуудыг хийж өссөн гэдэг.
Баримт 2. Түүний аав Жаргалтулга багш мэргэжилтэй. Мөн аймагтаа хоёр түрүүлсэн аймгийн арслан хүн байжээ. Ж.Эрдэнэбат одоо Сэлэнгэ аймгийнхаа Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажилладаг.
Баримт 3. Тэрбээр айлын хоёр дахь хүүхэд. Эцэг, эхээс дөрвүүлээ.
Баримт 4. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Удирдлагын академи, Хөдөө аж ахуйн их сургуулийг тус, тус төгсчээ. Эдийн засагч мэргэжилтэй.
Баримт 5. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
Баримт 6. Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХК -д нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж байсан. Үүнээс хойш аймгийнхаа Хянан шалгах хороонд байцаагч, Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Баримт 7. 2000 оноос хойш нутгийнхаа удирдах багт орж ажиллан Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан байна.
Баримт 8. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хэд, хэдэн чухал ажлыг амжуулж байсан талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тухайлбал, Иргэддээ үзүүлэх хүүгүй зээлийн санг байгуулжээ. Энэ сангийн зээлээр 800 хүн байнгын ажилтай болсон байна. Мөн Сэлэнгэ аймгийнхаа өнгө төрийг өөрчилж чадсан хэмээн тэрбээр ярьж байжээ.
Баримт 9. 2012 онд УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон.
Баримт 10. Өнгөрсөн жил Ардчилсан нам, Монгол Ардын намыг Засгийн газарт урьж зургаан сар ажиллуулах хугацаанд Сангийн сайдаар ажилласан.
Баримт 11. Жижиг эдийн засагтай оронд өрийн асуудлыг шийдэхийн тулд боломжийг гаргаж ирэх ёстой хэмээн тэрбээр үздэг.
Баримт 12. Монголын эдийн засгийн богино хугацаанд бус жил бүр аажим аажмаар засч, сайжруулж байж эдийн засгийг сэргээнэ хэмээн тэрбээр үздэг байна
Баримт 13. Энэ жилийн УИХ-ын сонгуулиар мөн Сэлэнгэ нутагтаа нэр дэвшин ялалт байгуулсан. Түүний гол өрсөлдөгч дуучин Г.Эрдэнэтунгалаг байв.
Баримт 14. Салбарын шагнал: Санхүү, банкны тэргүүний ажилтан.
Баримт 15. Тэрбээр сагсан бөмбөгөөс бусад бүх спортод чадварлаг нэгэн аж. Түүний спортод идэвхтэйг нь үнэлж 2005 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдэгээр шагнажээ.
Баримт 16. Хөдөө уул, хадаар явганаар аялах хоббитой. Долдугаар анги төгсөөд төрсөн сум Мандалаа нар зөв тойроод бүх үзэсгэлэнтэй газруудад очиж байжээ. Түүнээс хойш олон газраар аялжээ.
Баримт 17. Багын хоч Этка.
Баримт 18. Арван жилд хамт сурч байсан ангийнхаа охинтой тэрбээр гэр бүл болжээ. Одоо тэд нэг хүү, хоёр охины ээж, аав болсон байна.
Баримт 19. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль,
2008 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд Алтангадас одонгоор тус, тус шагнагдаж байжээ.
Баримт 20. Англи хэлтэй.
Баримт 21. Түүнийг МАН дахь нэр цэвэр, боловсролтой залуусын нэг гэдэг. Тэрбээр намынханаа С.Бямбацогт, Ж.Мөнхбат гэх залуустай өрсөлдөн Ерөнхий сайд болох эрхээ аваад байна.
Баримт 22. Ирэх жилүүдэд ачааны хүндийг тэр үүрнэ. Түүнд монголчууд ихээхэн хариуцлага хүлээлгэсэн өдрүүд үргэлжлэх нь.
Баримт 23. Түүнийг МАН-ын генсек асан У.Хүрэлсүхийн багийн хүн гэдэг. Ерөнхий сайдад дэмжигдэхэд нь У.Хүрэлсүх ихээхэн нөлөө үзүүлсэн гэж буй.
Баримт 24. Монгол улсын ирэх жилүүдийн өнгийг тодорхойлохоор ирж буй түүнийг Ерөнхий сайдад өнөөдөр томилж магадгүй байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (31)