Та иргэний үүргээ биелүүлж сонгуульд саналаа өгөхөөр гэрээсээ гарах гэж байна уу. Тэгвэл иргэн та санал өгөх хэсгийн хороо руу ямар бичиг баримт авч очих, саналаа өгөхдөө юуг анхаарах болон өнөөдрийн болох үйл явдлын мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.
Иргэнд зориулах мэдээлэл
Баримт 1. Сонгуулийн санал өгөх хугацаа өнөөдөр өглөөний 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Баримт 2. Иргэн та саналаа өгөхдөө иргэний үнэмлэхтэйгээ очоорой. Санал авахын өмнө таны хурууны хээг уншуулна. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар хурууны хээ тань танигдахгүй бол иргэний үнэмлэх, лавлагааг шалгуулж саналаа өгөх аж.
Баримт 3. Хэрвээ сонгогч та санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч болно.
Баримт 4. Сонгуулийн санал хураалт дуустал фэйсбүүк, твиттерт сонгуулийн сурталчилгаа явуулж болохгүй.
Баримт 5. Нийт 2 сая орчим иргэн санал өгөх эрхтэй байна. Үүнээс 85 мянга орчим иргэн гадаадад түр хугацаагаар ажиллаж, суралцаж буй. Эдгээр иргэд болон саатуулагдсан баривчлагдсан иргэдийг “түр хасав” гэж тэмдэглэгдсэн байна. “Түр хасав” тэмдэглэгээтэй иргэн цахим үнэмлэхийн хамт санал авах байранд очиж сонгуульдаа оролцох боломжтой аж.
Баримт 6. Сонгуулийн санал авах байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох гарах гарцыг бэлдэж, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан барель үсэгтэй хавтас хэвлүүлжээ.
Баримт 7. Өнөөдөр бүх нийтийн амралт бөгөөд иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Баримт 8. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Баримт 9. Архи, согтууруулах ундаа зарах түүгээр үйлчлэхийг өнөөдөр, маргааш хоёр хориглоод байна.
Баримт 10. Соёл урлаг, үзвэр спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.
Баримт 11. Өнөөдөр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Баримт 12. Цагдаагийн алба хаагчид сонгуулийн тойргуудыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр нийтийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана.
Баримт 13. Орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас ирүүлсэн судалгаагаар сонгуулийн үеэр гол мөрөн ихтэй Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгийн 83 сумын 201 иргэн газраар 30450 гаруй иргэн голын ус гаталж, сонгуульд оролцох аж.
Баримт 14. Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 18 завь, 7 бярваз, 1 сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллахаар бэлтгэл, бэлэн байдлыг хангажээ.
Баримт 15. Иргэд саналаа хэвийн өгөх нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэдийг нийтийн тээврээр найдвартай хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд амралтын өдрүүдийн гаралтын тоогоор буюу 662 автобус ажлын өдрүүдийн цагаар буюу өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл ажиллана.
Баримт 16. Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12:00, 17:00, 22.00 цагт тус, тус өгөхөөр болжээ. Харин урьдчилсан дүнг 22.00 цагаас хойш СЕХ-ны байранд дэлгэцээр шууд үзүүлэх юм байна.
Баримт 17. УИХ болон орон нутгийн сонгуулийн үйл явцыг ажиглахаар АНУ, ОХУ, Англи, Канад, Швед, ХБНГУ, Франц, Австрали зэрэг 50 гаруй улс, олон улсын байгууллагын нийлсэн 450 ажиглагч эрхээ авчээ.
Баримт 18. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээс 20 гаруй сэтгүүлч, дотоодын 51 мэдээллийн хэрэгслийн 413 сэтгүүлч сонгууль сурвалжилж байна.
Баримт 19. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгнө.
Баримт 20. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 12.30 цагаас УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн 3-р хэсгийн хороонд буюу Удирдлагын академийн байранд очиж саналаа өгөх юм байна.
Баримт 21. УИХ-ын дарга З.Энхболд 11.40 цагт 45 дугаар сургуульд саналаа өгнө.
Баримт 22. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд 496, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Баримт 23. Нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний нийт 20 гаруй мянган төрийн албан хаагч ажиллаж байна.
Баримт 24. Нийт 18309 иргэн шилжин суурьшиж тойргоо сольжээ. Тодруулбал, Архангай аймагт 1341, Баянхонгорт 2261, Увс аймагт 33300, Хөвсгөл аймагт 2285 иргэн шилжиж иржээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)