Монголчууд долоо хоногийн дараа буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт эрх барих дээд байгууллагын төлөөлөл, аймаг нийслэлийн ИТХ-ын гишүүдээ сонгоно. Энэхүү сонголт нь бидний цаашдын ирээдүй хөгжлийг тодорхойлох учиртай. Тиймээс ч ард түмэн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, нэр дэвшигчид ухуулах сурталчилгаагаа энэ өдрүүдэд хийж байгаа юм. Тэгвэл сонгуулийн саналыг хэрхэн авах, санал авах ажиллагаа хэрхэн явагдах талаарх 24баримтыг хүргэж байна.
Баримт 1. Сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
Баримт 2. Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд шаардагдах тооны бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмж бүхий байрыг санал авах өдрөөс долоо хоногийн өмнө тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ.
Баримт 3. Санал авах байранд нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч байрлахыг хориглоно.
Баримт 4. Хэсэгт саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.
Баримт 5. Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчдын тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.
Баримт 6. Санал авах байрыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас өөрчилж болох бөгөөд энэ тухай нэн даруй сонгогчид мэдээлнэ.
Баримт 7. Санал авах өдрийн 07.00 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан санал тоолох төхөөрөмж, санал авах бүх хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж, лацадсны дараа хэсгийн хорооны дарга сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо, хүлээн авсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо, саналын хуудасны индекс дугаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа гаргасан сонгогчдын саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийх зэргээр мэдээлэл хийнэ.
Баримт 8. Дээрх мэдээллийг нэг бүрчлэн тусгасан тэмдэглэл хөтөлж хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга болон бүх гишүүн гарын үсэг зурна.
Баримт 9. Хэсгийн хороо заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал хураалтыг эхлүүлэх ба ингэхдээ иргэний үнэмлэхийг нь сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрд саналын хуудас олгоно.
Баримт 10. Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.
Баримт 11. Санал авах ажиллагаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон сонгуулийн ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.
Баримт 12. Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.
Баримт 13. Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
Баримт 14. Сонгуулийн тухай хуулийн 43.1, 43.2, 43.4, 43.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, гишүүнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, энэ хуулийн 43.7-д заасныг зөрчсөн нэр дэвшигч болон иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.
Баримт 15. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч өөрийн сонгуулийн ажиглагч /цаашид “ажиглагч” гэх/-ийг томилж ажиллуулна.
Баримт 16. Ажиглагч нь санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.
Баримт 17. Харин заасан хугацаа өнгөрсөн бол ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахгүй.
Баримт 18. Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянах бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах, саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах, санал тоолох ажлыг ажиглах, бие даан нэр дэвшигчийн дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягттай танилцах эрхтэй.
Баримт 19. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарьтай танилцах, санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах эрх эдэлнэ.
Баримт 20. Мөн санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх, санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах, хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах, ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх эрхтэй.
Баримт 21. Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн төлөөллийн тус бүр нэг ажиглагч хэсэгт санал хураалт дууссаны дараа санал тэмдэглэсэн тухайн хэсэг дэх саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг цахим хэлбэрээр хуулбарлан авч болно.
Баримт 22. Ажиглагч энэ хуулийн 44.4-т заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал, хуурамч мэдээлэл нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж сонгуулийн хороодын ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хороо түүний ажиглагчийн эрхийг хүчингүй болгож, үнэмлэхийг нь хураан авна.
Баримт 23. Ажиглагч энэ хуулийн 44.6-д заасны дагуу эрхээ хасуулсан бол түүнийг санал болгосон нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь орны хүнийг томилох эрхгүй бөгөөд ийм хүсэлт гаргавал сонгуулийн хороод хүлээн авахаас татгалзана.
Баримт 24. Сонгуулийг ажиглахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална. Дотоод, гадаадын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн явцыг ажиглах, сурвалжлахтай холбогдсон харилцааг энэ хуулийн 44.8-д заасан журмаар зохицуулна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)