Азийн цээжинд орших говь, хангай, тал хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой, эргэх дөрвөн улиралтай Монгол орондоо бид эзэн нь болон мэндэлсэн. Тиймээс эх орноо танин мэдэж, бахархаж дээдлэн, хайрлан хамгаалах зорилготойгоор сайхан Монгол орныхоо 24 байгалийн үзэсгэлэнт газрыг танилцуулж байна.
Баримт 1. Алтан-овоо, Шилийн богд
Алтан-Овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд зах Дарьганга сумын төвийн дэргэд оршдог. 1354 м өндөр шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн бөгөөд галт уулсын хүрмэн чулуу их. Амсар нь баруун хойшоо сэтэрч урссан байдаг. Харьцангуй өндөр нь 100 м боловч аль ч талаасаа 60 км-ийн алсаас сүр бараатай харагддаг галт уул юм. Алтан-Овоо уулыг бүр 1700-аад оноос нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай уул болгосон билээ. Эл уулын орчмын хүн чулуудыг 1998 онд улсын хамгаалалтад авчээ.
Баримт 2. Хамарын хийд
Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамрын хийдийг байгуулжээ. Хамрын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамрын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамрын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг.
Баримт 3. Говь гурван сайхан
Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нуруу. Гурвансайхны нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метр юм. Энэ ууланд алдарт Ёлын-Ам бий. Хожим аялал жуулчлалын үйл ажиллагааг харгалзан баруун тийш Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг нутгийг хамруулан Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрыг байгуулж 1993 онд 2 694 307 га талбайг хамруулан баталгаажуулсан. Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайхан ууланд хавар 4 дүгээр сарын сүүлчээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг.
Баримт 4. Хэрмэн цав
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Хүний хөл төдийлөн хүрээгүй, эртний үлэг гүрвэлийн өлгий нутаг, их далайн ай сав байсан ба үлэг гүрвэлийн яс, палеонтлогийн олдвороор баялаг нутаг.
Баримт 5. Хонгорын элс
Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Зөөлний нуруу, Хатан Сэврэй уулын хойд хормойгоор сунан тогтсон Хонгорын элс 180 орчим километр , 3-5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан юм. Гадаад дотоодын зочид гийчдийн сэтгэл зүрхний нэгээхэн хэсгийг өөртөө шингээн, халуун илчнээсээ харамгүй хайрладаг.
Баримт 6. Баянзаг Улаан эрэг
Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь Дэлхийд Монголын говийг анх сонсгосон заган ой, эртний үлэг гүрвэлийн өлгий, улсын хамгаалтанд орсон түүх соѐлын үл хөдлөх дурсгал. Америкийн эрдэмтэн Эндрюс энд ирээд GOBI гэдэг үгийг Дэлхийд анх таниулсан. Дэлхийн байгалийн 7 гайхамшигт нэр дэвшиж буй газар.
Баримт 7. Орхоны хүрхрээ
Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 132 км зайтай, Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ. Хүрхрээгээс баруун хойшоо Бага хүрхрээ гэж нэг боргио бий.
Баримт 8. Эрдэнэ зуу хийд, Хархорин
Эрдэнэ зуу нь манай орны хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг.
Баримт 9. Төвхөн хийд
Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын төвөөс зүүн хойш 20 гаруй км зайд Төвхөн ширээт хэмээх уулын орой болох түшлэгт суудал мэтээр тогтсон байц хайдны дундах багавтар тавцан дээр Төвхөн хийд оршдог. Анх 1648 онд l Богд Занабазар арав гаруй настай байхдаа энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон үзэж, 1651 оны үед номын бясалгал хийх чулуун туурга ханатай жижиг байшин бариулсан байна. Энэ нь одоогийн Төвхөн хийд билээ.
Баримт 10. Тэрхийн Цагаан нуур, Хорго
Архангай аймгийн Тариат сум. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгий өрх, хүрмэн хад, цохио ангал агуй асга хоргодох газар ирхтэй тул Хорго гэж нэрлэсэн. Амсар нь 300-400м, гүн нь 70-80 м, гадна талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм. Тэрхийн Цагаан нуур д.т. дээш 2060 метр өндөрт байдаг. Нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт 16 км, өргөн 5-6 км, гүн 6-20 м. Ганц Суман гол тэндээс эх аван урсдаг. Дундаа жижиг аралтай.
Баримт 11. Билгэ хааны онгон цогцолбор
Архангай аймгийн Хашаат сумын нутагт Хархориноос зүүн хойш 40 км-т, орших YI-YIII зууны үед цэцэглэж байсан Түрэг улсын хаан Билгэ, түүний дүү Культегины тахилгын цогцолбор хадгалагдан буй. Дэлхийн шинжлэх ухаанд “Орхоны бичээс” гэж алдаршсан бичиг түүхийн ховор нандин дурсгал болох Билгэ хааны гэрэлт хөшөө Түрлэг улсын сүүлчийн алдарт хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан билээ.
Баримт 12. Ээж хайрхан
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуйзарманы говьд байдаг. Уулын хажууд тогтсон тогооны ус хальж доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормойн хад чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй. Уулын баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран тогтсон 9 тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг. Тогоонууд дундажаар 2-3м. Ээж хайрхан ууланд мазаалай, заг, хөх ногоон зээргэнэ зэрэг бий.
Баримт 13. Увс нуур, Их нууруудын хотгор
Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хойд хагаст оршино. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг тул Юнескогийн байгалийн өвд орсон. Гадагшаа урсгалгүй.
Баримт 14. Хойд цэнхэрийн агуу /Ховд аймаг Манхан сум/
Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Хойд цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхгүйгээр хадгалан бидний ше хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан 4 хунх бий.1-р хунх. Энд 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ. 2-р хунх. Уг хунх агуйн хамгинй том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг агуулдөг юм. Хунхад арслан заан, тэмээн хяруул, аргаль, цацагт хяруул, цэн тогоруу зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ. 3-р хунх. Хоёрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд зжрлаг тэмээг нилээн том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна. 4-р хунх. Энэ хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна.
Баримт 15. Алтай Таван богд уул
Алтай Таван богд нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүрдэнэ.
Баримт 16. Цагаан гол
Алтай таван богдоос эх авсан олон мөсөн голын нэгийг өвөл зунгүй мөс хэвээр цав цагаан байдгаар нь Цагаан гол хэмээн энэ нутгийнхан нэрлэсээр иржээ. Голын урт нь хагас өртөө гаруй /20 км/ юм.
Баримт 17. Хөвсгөл нуур
Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг.
Баримт 18. Хар балгас
Төв Азийн нүүдэлчин ард түмний дунд VII-IX зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан Уйгурын хаант улсын нийслэл Ордубалык гэдэг их тотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхоны хөндийд буй. Үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг.
Баримт 19. Өглөгчийн хэрэм
Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45км-ын зайд Дайчин уулын аманд шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм хэмээдэг байна. Энэ хэрэм нь ойролцоогоор гурван км орчим бөгөөд урд талдаа хоёр хаалганы оромтой ажээ. Хэрмийн хана 3.1 метр өндөр, 2.5 метр зузаантай юм.
Уг хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн домог болгон ярьдаг байна. Судлаачид хэрмийн дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж XII–XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзэж байжээ. Харин түүхчид эндээс олдсон олдвор шавар савны хагархайнуудаар баримжаалан Хятаны үед холбогдоно гэж тогтоожээ.
Баримт 20. Ноён уулын Хүннүгийн булш
Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Түүхэнд нэрээ дуурсгасан Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрээр 100 орчим булшийг малтаж судлаж байжээ. Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон. Үүнд: Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий. Эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурьтай. 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны "Монголор" нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олжээ.
Баримт 21. Тайхар чулуу
Архангай аймгийн Ихтамир сумын нутагт Цэцэрлэг хотоос 22 километрт Хойд Тамир голын захад байдаг. Тайхар чулууны өндөр нь 18 метр бөгөөд боржин чулуунаас бүтсэн цохио юм. Тамирын гол хойд эргийнхээ боржин хошууг олон сая жилийн турш эвдэн элээсээр дундуур нь тасалж энэ цохиог үүсгэжээ.
Тайхар чулуунд Түрэг, Уйгар, Монгол, Түвд, Манж, Хятад зэрэг эрт эдүгээгийн олон улс үндэстний хэлээр бичсэн YII-XYII зууны үеийн 150 гаруй бичээс байдаг боловч он жил өнгөрөх тусам улам бүдгэрч баларч байна. Бичээсийн 70 орчим нь Монгол үсгээр бичсэн байдаг ба XY-XYII зууны үеийн Монголын төрийн зүтгэлтэн Ойрадын Хуухай Даюу, Халхын Цогт хунтайжийн нэрс уншигддаг байна. Мөн 1722 онд Дайчин улсын Энх-Амгалангийн ямар нэгэн бичиг зарлигийг Равдангаар хүргүүлсэн тухай бичээс бий. Тайхар чулуунд бичиг сийлж үлдээсэн хүн нэрээ бичдэг байсны дээр алдар цол, хэний харъяат болохоо тэмдэглэсэн байдаг. Энэ нь орчин үед хүртэл өвлөгдөж “ ...МУИС-ийн тэр энэ анги ..” гэх мэтээр нэр хаягаа үлдээсээр л байгаа бөгөөд энэ нь урьд өмнөх цаг үед бичигдэн үлдсэн бичээсүүд бүдэгрэн алга болоход ихээхэн нөлөөлж байгаа билээ.
Тайхар чулуу үүссэн домгоос үзвэл Хангайн гол нурууг баруун тийш давж Заг Байдрагийн гол хүрэх замд нэг уужим хөндий урууддаг байв. Энэ хөндийгөөр аварга могой явж, Эгийн давааны өмнөх гурван ангархай харанхуй хавцал дундуур дайрч Хангайн гол нурууг арлан явсаар Их тамир уруудан Тайхар чулуу байдгийн доор нэг их нүхэнд орчихсон гэнэ. Үүнийг мэдсэн нутгийн нэртэй, бяртай бөх Тайхар гэгч хүн том цохио авчирч таглан олон амьтныг аварсан гэдэг.
Баримт 22. Бага газрын чулуу
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд бий. Эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, д.т.д 1768 метр өндөр, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.
Баримт 23. Бурхан Халдун уул болон Чингис хааны түүхэн дурсгалт газар нутгууд
Эзэн Чингэсийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж,хайрлан хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул юм.Монголын эртний сурвалж бичиг “Монголын нууц товчоон”-д өгүүлсэнээр Их эзэн Чингэс хаан хойч үедээ эрхэмлэн захиж гэрээсэлсэн нь:
... Өндөр дээд Бурхан Халдун чамайг
Өглөө бүр мялааж байя,
Өдөр бүр тахиж байя,
Үрийн үрд үүрд тахиж
Үе тутам үргэлж шүтье... хэмээжээ.
Энэхүү шүтэлгэт Бурхан Халдун уул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэрлэн голын эхний баруун гар талын цутгал болох Богдын голын эхэнд далайн түвшнээс дээш 2361.5 м өндөрт өргөгдөн оршино. Бурхан Халдун уул Улаанбаатар хотоос шулуунаар 186 (279) км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 (86) км зайд оршдог.Уг уулын төрийн тахилгыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байхаар болсон билээ.
Баримт 24. Хар зүрхний хөх нуур
Эзэн Чингэсийн Монголын их гүрний хаан ширээнд заларсан ”Хар Зүрхний Хөх” нуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Бага Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд байдаг. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар юм.
Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товцоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх усны нэрүүд гардаг.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)