Энэ жилийн УИХ-ын сонгууль өмнөх жилүүдийнхээс өвөрмөц, содон нэр дэвшигчтэйгээрээ онцлог болох нь. 2016 оны сонгуульд ах, дүү, худ, базууд гээд төрөл садангийн хүмүүс өөр өөр намаас нэр дэвшиж, хоорондоо өрсөлдөхөөр болжээ. Тэгвэл төрөл садангийн холбоотой нэр дэвшигчдийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Л.Гүндалай, Л.Аззаяа
Баримт 1. УИХ-ын гишүүн асан, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай Баянзүрх дүүргийн 51 дүгээр тойрогт нэр дэвшиж байна.
Баримт 2. Харин түүний эхнэр Л.Аззаяа энэ удаагийн сонгуульд "Ард түмний хайрлая нам"-аас Орхон аймагт нэр дэвшиж байгаа юм.
Баримт 3. Л.Аззаяа нь Чингис хаан трейвэл ХХК-ийн захирал бөгөөд 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөл хүртэж явсан нэгэн билээ.
М.Энхболд, Я.Содбаатар
Баримт 4. МАН-ын дарга М.Энхболд Төв аймгийн 28 дугаар тойргоос нэр дэвшинэ.
Баримт 5. Харин түүний хамаатан УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн 19 дүгээр тойргоос нэр дэвшиж байгаа юм.
Б.Саранчимэг, Б.Наранхүү
Баримт 6. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн гэх тодотголтой Б.Саранчимэг энэ удаагийн сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа билээ.
Баримт 7. Б.Саранчимэг нь 2012 оноос НИТХ-ын тэргүүлэгчээр ажилласан нэгэн юм.
Баримт 8. Харин түүний дүү “Мон-Уран”-ын Б.Наранхүү АН-аас Дундговь аймагт нэр дэвшиж байна.
Баримт 9. Б.Наранхүүгийн хувьд “Мон-Уран”-ы гэх тодотголоос гадна манлай уяач Э.Эрдэнэчулуунаас авсан шарга азаргаараа олонд танигдсан нэгэн.
Д.Батцогт, С.Бямбацогт
Баримт 10. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нарыг нэг айлын баз хүргэчүүд гэдгийг мэдэхгүй хүн тун ховор.
Баримт 11. Хоёр хүргэн нь УИХ-ын гишүүн азтай хадмуудтай гэж ярих хүмүүс ч цөөнгүй. Тэд хоёулаа Ховдынх бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуулиар Ховдод ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон.
Баримт 12. Энэ удаагийн сонгуулиар базууд Ховд аймгийн 35 дугаар тойрогт АН, МАН-өөс өрсөлдөх юм.
Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу
Баримт 13. Н.Шинэнсамбуугийн хөвгүүд энэ удаагийн сонгуульд мөн нэр дэвшихээр өчигдөр үнэмлэхээ гардаж авав.
Баримт 14. УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Завхан аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ.
Баримт 15. Тэрбээр "Тусгаар тогтнол эв нэгдэл" эвсэл ТТЭНН-ын Удирдах зөвлөлийн гишүүн юм.
Баримт 16. Харин дүү Ш.Батсамбуу ахтайгаа нэр тойрогт хүч үзэх бөгөөд ахынхаа хуучин нам болох МАН-аас нэр дэвших мандат өвөртөлсөн нэгэн.
Баримт 17. Ш.Батсамбуу нь Цэцэнс Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашдаг байна.
С.Ганбаатар, С.Гантуяа
Баримт 18. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа.
Баримт 19. Түүний дүү С.Гантуяа нь мөн энэ удаагийн сонгуульд хүч үзэхээр болсон.
Баримт 20. Тэрээр ахынхаа хамтаар Оюутолгойн эсрэг тэмцэлд нэгдэж, тус компанийн эсрэг шүүхдэлцэж байсан нэгэн.
Б.Хүдэр-Ян, Б.Энхбайгаль
Баримт 21. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү, охин хоёр мөн энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаа. Б.Хүдэр-Ян Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Хэнтий аймагт Б.Гарамгайбаатартай “үзэлцэх”-ээр болжээ.
Баримт 22. Харин дүү Б.Энхбайгаль нь Төв аймгийн 28 дугаар тойргоос АН-аас нэр дэвшиж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлын албыг хашиж явсан нэгэн билээ.
Н.Энхбаярын эхнэр О.Цолмон
Баримт 23. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон энэ удаагийн сонгуульд хүч үзнэ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа билээ.
Баримт 24. О.Цолмон нь МАН-ын “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, АН-ын Ш.Түвдэндорж нарын хүмүүстэй хүч үзэх юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (38)