2016 оны УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Нам, эвсэл, бие даагчид УИХ-ын гишүүнд горилогчдын нэрсийн жагсаалт хэдийнэ олон нийтэд ил болж, ард түмэн дэнслээд эхэлжээ. Энэ удаагийн сонгуульд 2012 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж, улмаар УИХ-ын гишүүн болсон 76 эрхмээс 67 нь дахин нэр дэвшиж байгаа юм. Тэгвэл гишүүн болохоос татгалзсан эрхмүүдийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Л.Цог:
Баримт 1. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймгаас сонгогдон Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон билээ.
Баримт 2. МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс УИХ-ын дэд даргаар сонгогдон ажилласан тэрбээр энэ удаад нэрээ дэвшүүлсэнгүй.
Баримт 3. Тэрбээр “Шударга ёс” эвслээсээ гарч УИХ-ын дэд даргын үүргээ өгснөөр барахгүй Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элссэн. Энэ нь ч түүнийг энэ удаагийн сонгуульд өнжих шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй юм.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:
Баримт 4. 2004 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр дараалан гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй Р.Амаржаргал энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй.
Баримт 5. Бие даан өрсөлдөөд ялалт байгуулж байсан энэ эрхэм өөрийн тойрог болох 61-р тойргийг намын нөхөр М.Батчимэгт өгснөөр энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөргүй болов.
Баримт 6. Тэрээр 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл”-өө УИХ-ын дарга З.Энхболдод гаргасан. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хэлэлцээд 65 гишүүнээс 34 гишүүн нь эсэргүүцсэн учир Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллахаар болсон билээ.
УИХ-ын гишүүн Су.Батболд:
Баримт 7. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин Төв аймгаас сонгогдсон Су.Батболд энэ удаад нэр дэвшихгүй аж.
Баримт 8. Тэрбээр 2000 онд анх УИХ-д сонгогдсоноосоо хойш тасралтгүй Парламентад сууж байгаа нэгэн юм.
Баримт 9. Су.Батболдыг ямар шалтгаанаар нэрээ татсан нь тодорхойгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:
Баримт 10. Тэрбээр УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон туршлагатай улс төрчдийн нэг юм.
Баримт 11. Ц.Баярсайхан нь 2004-2006 онд Монгол Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байсан билээ.
Баримт 12. Харин энэ удаагийн сонгуульд тэрбээр нэг аймгийн Засаг даргад тойргоо алдсан гэх албан бус мэдээлэл байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж:
Баримт 13. Тэрбээр гурван ч удаагийн сонгуулиар Говь-Алтайчуудын итгэлийг дааж, төрд төлөөлж суусан нэгэн.
Баримт 14. Тэрбээр 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байв. Мөн 2008-2012 онд дахин сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. Ингээд 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар дахин энэ үүргийг хүлээн авсан билээ.
Баримт 15. Ц.Дашдорж энэ удаагийн УИХ-ын сонгуульд өөрийн хүсэлтээр нэрээ татжээ.
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
Баримт 16. Тэрбээр зургаан удаагийн сонгуулиар Ховдчуудын итгэлийг хүлээсэн туршлагатай улс төрчдийн нэг.
Баримт 17. Анхны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон 76 эрхмийн нэг тэрбээр энэ удаагийн сонгуульд залуучуудад боломж олгон нэр дэвшихээс татгалзлаа.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
Баримт 18. МАН-ын Бага хурлаар Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нэрээ татав.
Баримт 19. Тэрээр С.Баярын удирдах МАН-ын сонгуулийн сурталчилгааны багт ажиллах болсон тул нэрээ татжээ.
УИХ-ын гишүүн С.Оюун:
Баримт 20. Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны дүү С.Оюун энэ удаагийн УИХ-ын сонгуульд хүч үзэхгүй. Харин түүнийг НҮБ-д орж ажиллахаар болсон тул ийнхүү нэрээ татсан гэх мэдээлэл ч бий.
Баримт 21. Тэрээр анх 1998 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш гурван удаагийн сонгуульд нэр дэвшин гишүүнээр ажилласан. Энэ удаагийн сонгуульд түүний удирддаг ИЗНН-ыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан. Харин ИЗНН шүүхэд нэхэмжлэл гаргаж, өнгөрсөн сарын 31-нд СЕХ ИЗНН-ыг бүртгэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
Баримт 22. Тэрбээр 2008 оны сонгуулиас хойш хоёр ч удаа Дорноговиос намдаа суудал авч ирсэн гавьяатай нэгэн.
Баримт 23. Бас одоогийн УИХ-ын гишүүдээс хамгийн азтайд тооцогдох хүмүүсийн нэг. Учир нь, 2012 онд АТГ-ынханд баригдсан Ц.Анандбазарын нэр дэвших эрх түүнд шилжсэн юм. Азаар нэр дэвшиж цаашлаад АН-аас нэр дэвшигч амьдаа Я.Батсуурийгаа ялж УИХ-д сонгогдсон билээ.
Баримт 24. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх нар мөн нэр дэвшсэнгүй. Улс төрийн хүрээнд сайд Д.Дорлигжавыг Орхон аймагт, У.Хүрэлсүхийг төрсөн нутаг Хэнтийд өрсөлдүүлнэ гэх яриа хэдэнтээ гарч байсан ч тэд нэр дэвшисэнгүй.
24tsag.mn
Сэтгэгдэл (22)