Энэ жилийн сонгуульд сонин содон нэр дэвшигчдээр дүүрэн байгаа. Олны нэрлэж заншсанаар гудамжны жагсагчид ч эх орончид болохоор сонгуульд өрсөлдөх эрхээ өвөртөлжээ. Эрх баригчдын хэлсэн үг, хийсэн үйлдлийг эсэргүүцэн жагсан, өлсөж хүртэл явсан тэмцэгчид “дайсантайгаа” нэг танхимд сууж ижилсэхээр сонгуульд өрсөлдөх нь. Тэгвэл гудамжны жагсагчид хэмээн олонд танигдсан нэр дэвшигчдийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Тэрбээр “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт нэр дэвшихээр болжээ.
Баримт 2. Эх Орончдын Нэгдсэн Нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намууд хамтран “Эх орончдын нэгдсэн эвсэл” байгуулан сонгуульд оролцохоор бүртгүүлсэн билээ.
Баримт 3. Нам, эвсэл нэр дэвшигчдээ тодруулах хүртэл аль намаас дэвших нь тодорхойгүй явсан С.Ганбаатар гишүүн ийнхүү эвслээс өрсөлдөхөөр болов.
Баримт 4. Түүний өрсөлдөгчөөр АН-аас УИХ-ын гишүүн М.Сономпил, МАН-аас ГЕГ-ын дарга асан Б.Баттөмөр, МАХН-аас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Тусгаар тогтнол, эв нэгдлийн эвслээс Хөдөлмөрийн баатар, жүдоч Х.Цагаанбаатар нар тодроод байгаа юм.
Баримт 5. С.Ганбаатар 2007 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Баримт 6. Гудамжны тэмцлээс их улстөрд данслагдах болсон цөөн гишүүдийн нэг бол С.Ганбаатар. Түүнийг төрийн түшээ гэхээсээ илүүтэй “Үйлдвэрчин” гэдгээр нь ард олон нэрийддэг.
Баримт 7. Өнгөрсөн жил С.Ганбаатарын дээд боловсрол эзэмшисэн асуудал олонд нийтэд сөхөгдөж багагүй хэл амны бай болсон. Үүгээр ч зогсохгүй ХҮН-д элсэн дарга болсон болоогүй гэх дуулиан ч түүний улс төрийн хэмжүүрийг шалгасан үйл явдал болсон.
Баримт 8. Ж.Батзандан: УИХ-ын 22 дугаар тойрог болох Баянзүрх Налайх дүүрэг хамгийн олон сонгогчтой, өрсөлдөгчтэй. Үхлийн гэгдэх Баянзүрх Налайх дүүрэгт АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэр дэвшиж байгаа.
Баримт 9. Эрхэм гишүүн өмнөх сонгуулиар энэ дүүргээс сонгогдсон. Гэхдээ тойрогтоо юм хийсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Харин түүнийг тойрогтоо хэр ажилласан гэдгийг энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс харж болох нь.
Баримт 10. Тэрбээр Иргэний хөдөлгөөн гэгчийг байгуулж, гудамжинд жагсч, уриа лоозон барьж суусаар Төрийн ордонд орж ирсэн нэгэн.
Баримт 11. Ж.Батзандантай хамт АН-аас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Сангийн сайд Б.Болор, УИХ-ын гишүүн Д.Арвин, Р.Булгамаа нар тус дүүрэгт нэр дэвших бол Монгол Ардын нам УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал асан Б.Саранчимэг, БЗД-ийн засаг дарга асан Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Ч.Төмөрчулуун, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарыг нэр дэвшүүлсэн юм.
Баримт 12. О.Магнай: Сонгинохайран дүүргийн 76 дугаар тойрогт АН-ынхан ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг тохоон томилжээ.
Баримт 13. Тэрбээр 2012 оны сонгуульд мөн л Сонгинохайрханд нэр дэвшиж, өвдөг шороодсон.
Баримт 14. Гэвч АН О.Магнайг сул орхиогүй, Шударга Өрсөлдөөний Газрын даргаар томилсон.
Баримт 15. О.Магнай ШӨХТГ-ын дарга болонгуутаа ямар ч УИХ-ын гишүүнээс илүү сонсогдохоор дуулиантай ажилласан. Тиймээс ч энэ удаагийн сонгуульд дахин даагыг нь нэхүүлэхээр Сонгинохайрханд нэр дэвшүүлж байгаа аж.
Баримт 16. М.Ичинноров: Хүний эрхийн хуульч гэдгээрээ олонд танигдсан тэрбээр энэ удаагийн сонгуульд Сүхбаатарт дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа юм.
Баримт 17. Тэрээр 2009 онд нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр зорьж байсан ч Чингэлтэй дүүргийн тойргийн хорооноос нэрээ хасуулсан. Тухайн үедээ М.Ичинноров “Хэрвээ би нэр дэвшсэн бол ялагч нь байх байлаа” гэж мэдэгдэж байсан билээ.
Баримт 18. М.Ичинноров мөн л гудамжны тэмцэгч бөгөөд С.Ганбаатартайгаа адил "төөрч будилсан" нэгэн. Тэрбээр АН-аа МАН-аар сольсон ч дэвшээд унасан. Энэ удаа МАН-аа ч орхиож бие дааж байгаа юм.
Баримт 19. Г.Баасан: Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн тэрбээр Баянзүрх, Налайх дүүрэгт бие даан нэр дэвшиж байна.
Баримт 20. Тэрбээр улс төрчдийн эсрэг ширүүхэн дуугарч олон ч удаа жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарлаж явсан нэгэн.
Баримт 21. Манай монголчууд сүүлийн үед юм л бол жагсаж, цуглах гээд байдаг болчихсон. Харин энэхүү орчин үеийн жагсдаг тэмцлийн төгс нэгэн хэлбэрийг ард түмэнд “сурталчилсан” хүмүүсийн нэг бол Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан юм.
Баримт 22. Тэрбээр нэг хэсэг хаана, юу болохгүй байна тэнд гүйж очиж лекц уншин, өөрийн гэсэн “фэнүүдээ” дагуулан жагсаал цуглаан зохион байгуулаад байсан.
Баримт 23. Г.Баасан 2013 оны хоёрдугаар сараас Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа.
Баримт 24. 2016 оны сонгуульд жагсаал цуглаан зохион байгуулж олонд танигдсан эрхмүүд нэр дэвшиж, төр түшилцэхээр болж байгаа нь гудамжны жагсагчид эх орончид мөн үү гэх асуултыг хөврүүлж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (32)