Өнөөдөр дэлхийн “Хэвлэлийн эрх чөлөө”-ний өдөр. Сэтгүүл зүйн салбарынхан энэ өдрийг тэмдэглээд 24 жил болжээ. Бид хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан ахмад сэтгүүлч одоо ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилчиддаа баярын мэнд хүргэе.
24tsag.mn эл өдрийн талаар эргэн тойрон дахь мэдээллийг 24 баримтаар онцолж байна.
Баримт 1. Анх 1986 онд сониныхоо байранд халдлагад өртөж, амиа алдсан Колумбын сэтгүүлч Гильермо Каногийн дурсгалд зориулж энэ өдрийг тэмдэглэх болсон.
Баримт 2. ЮНЕСКО-гоос 1993 оноос эхлэн энэ өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан юм. Тиймээс тус байгууллаас жил бүр энэ өдөрт зориулан олон янзын арга хэмжээг зохион байгуулж, шилдэг сэтгүүлчдийг урамшуулдаг.
Баримт 3. Энэ жил ЮНЕСКО-гийн нэрэмжит шагналыг Азарбейжаны сэтгүүлч Хаджа Исмаялова хүртэхээр болжээ.
Баримт 4. Тэрбээр өндөр албан тушаалтнуудын татвараас зайлсхийсэн хэрэг, эрх мэдлээ урвуулан ашигласантай холбоотой материал бичсэнийхээ төлөө баригдаж, хоригдож байсан нэгэн юм.
Баримт 5. Алдарт сэтгүүлч Гильермо Каногийн нэрэмжит чөлөөт хэвлэлийн үйл хэрэгт хувь нэмэр оруулсны төлөө ЮНЕСКО-гийн дэлхийн шагнал гаргуудах ёслол нь энэ өдрийн гол арга хэмжээ байдаг. Шагналыг 25 мянган ам. доллар дагалддаг юм.
Баримт 6. Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Мэдээлэлтэй байх мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж байна. Харин их чуулган Финландад болж байгаа юм. Жил бүрийн чуулганаас тунхаг бичиг гаргадаг байна.
Баримт 7. 1991 онд Африкийн нэгэн жижиг улс Намибид тус тивд оршдог орнуудын сэтгүүлчид чуулж хэвлэл мэдээллийн эрх чөлөө хийгээд олон ургальч үзлийг дээдэлдэг хараат бус бие даасан хэвлэлийн тухай хэлэлцээд, улмаар тусгай тунхаг бичиг гаргажээ. Хожим Виндхукийн тунхаг хэмээн алдаршсан тэрхүү бичиг батлагдсан өдөр болох тавдугаар сарын 3-ныг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон дэлхий даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Баримт 8. 2011 онд АНУ-д анх "21-р зууны хэвлэл мэдээлэл: Шинэ хил хязгаар, шинэ саад бэрхшээл" сэдвийн хүрээнд өргөн тэмдэглэсэн.
Баримт 9. Хэвлэлийн эрх чөлөө, санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь Хүний эрхийн бүх нийтийн тунхаглалд бататгасан үндсэн эрх гэдгийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр олон улсын хамтын нийгэмлэгт жил бүр сануулж байдаг юм. Энэ эрх нь дэлхийн хүн ардын амьдралд бодитой нөлөөлж, ардчиллын үндэс болж байдаг учир, бид энэ эрхийг хамгаалах ёстой.
Баримт 10. Энэ өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь үрэгдсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын дурсгалыг хүндэтгэх боломжийг олон улсын хамтын нийгэмлэгт энэ өдөр олгодог юм.
Баримт 11. Энэ өдрийг тохиолдуулж НҮБ-аас орон, орны төр засаг, олон нийтэд хандаж илгээлт явуулахдаа ардчилал, хүний эрхийн тулгуур зарчим, гол шалгуур, үндсэн үзүүлэлт болох хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх ямар байдалтай байгаа болон цаашид яах ёстойг тодорхойлж томъёолдог.
Баримт 12. Манай улсад мэдээллийн эрх чөлөөг баталгаатай болгоход 1989 онд Улсын хэвлэлийг хянах газрыг татан буулгаж, 1992 онд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхлэн гаргах” Засгийн газрын журмыг шинэчлэн баталсан явдал чухал үүрэг гүйцэтгэсэн.
Баримт 13. 1998 онд батлагдсан “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” Монгол Улсын хууль хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль гаргахыг, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад цензур тавихыг хориглосноор олон нийтийн мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулж өгсөн юм” хэмээн Чөлөөт нэвтэрхий толь “Википедиа” томъёолжээ.
Баримт 14. Мэдээллийн эрх чөлөө гэдэг нь олон нийтийн мэдэх эрх, мэдээлэл хүртэх эрх, мэдээлэл олж авах эрх, мэдээллийг нээлттэй болгох, мэдээллийг ил болгох зэрэг асуудал багтдаг. Ийнхүү мэдээллийг олж авч, түгээх эрх хэвлэлийн эрх чөлөө гэсэн ойлголтод багтдаг ч энэхүү эрхийг хэтрүүлж хэрэглэхгүй байх ойлголт ч бас багтана. Сүүлийн үеийн сэтгүүлчид энэ үүргээ ухамсарладаггүй гээснээс сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр хүнд унасаар байна.
Баримт 15. Олон улсын (Press Emblem Campaign) байгууллагын судалгаагаар 2015 онд хамгийн олон буюу 110 хэвлэл, мэдээллийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. Манайд ч сэтгүүлчдийн амь нас хохирсон ,эмэгтэй сэтгүүлч баривчлагдсан,хэд хэдэн хэвлэл, мэдээллийн байгууллага, ажилтнууд торгууль хүлээснийг хэлэх ёстой.
Баримт 16. Энэ өдөр дөрөв дэх засаглалынхан редакцийн бие даасан байдал болон мэргэжлийн ёсзүйн асуудлаа хэлэлцэхийн сацуу иргэд олон нийтэд хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хааж боогдуулсан талаарх мэдээллийг хүргэхээс гадна төр засагт хэвлэлийн эрх чөлөөг хангах үүрэгтэйг сануулах нь 5-р сарын 3-ны өдрийг тэмдэглэхийн утга учир юм.
Баримт 17. Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө бол хүмүүс, нийгэм өөрсдийн бодит байдлыг харах толь юм. Үүнд хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнэ оршино.
Баримт 18. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс дэлхийн 180 орноос 54-т явна. Эхний тавд Скандинавын орнууд оржээ. Туркменистан, Хойд Солонгос, Эритрей улсууд сүүл мушгиж байна. 2013 онд Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 80 дугаар байрт жагсаж байсныг бодвол байр ахисан нь энэ юм.
Баримт 19. Төр, засгийн зүгээс хэвлэлийн эрх чөлөөг боомилох, хэвлэлийг зохицуулах аливаа байгууллага байгуулах, сэтгүүлчдийг барьж хорих, торгох, санхүүгээр боож хаах зэрэг үндсэн үзүүлэлтээр дээрх индексийг тогтоодог.
Баримт 20. Өнгөрч буй дөрвөн жилд Монголын парламент энэ чиглэлд нэг дэвшилттэй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулиас гүтгэхтэй холбоотой заалтыг хасч хэвлэлтэй холбоотой асуудлыг Зөрчлийн хуулиар зохицуулдаг болоод байна.
Баримт 21. Сэтгүүлч бусдыг гүтгэсэн бол Эрүүгийн хуулиар таван жилийн хугацаатай хорих ялаар шийтгэх хуулийн хатуу заалттай байв. Үүнийг Зөрчлийн тухай хуулинд оруулж өгснөөр ардчилсан, эрх чөлөөт оронд сэтгүүлчээ цагдан хорьдог харгис заалт үгүй болж, Зөрчлийн тухай хуулиар хоёр сая хүртэлх төгрөгийн мөнгөн торгууль хүлээхээр болсон дэвшилттэй бид энэ жилийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтаж байна.
Баримт 22. Энэ жил Монголын “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”-ээс хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Нийгэмд тустай сайн мэдээ” аяныг найман сарын хугацаанд зохион байгуулах гэж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд өөр, өөрсдийн сувгаар сайн мэдээг түгээж уралдана гэсэн үг.
Баримт 23. 2012 онд дэлхийн хэмжээнд мэргэжлийн ажил үүргээ биелүүлж байгаад 119 сэтгүүлч амиа алдсан байна. Энэ тоо баримтыг International Press Institute мэдээллэсэн юм.
Баримт 24. Хэвлэлийн эрх чөлөө бол юуны өмнө бодит байдлыг мэргэжлийн ёс зүйн үүднээс үнэнээр нь мэдээлэх үүрэгтэй сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа чөлөөтэй явуулах эрх чөлөө юм гэж УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)