Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн архивын нууц дүрс бичлэгүүд өнгөрсөн нэгдүгээр сард алдагдаж, цахим ертөнцөөр багагүй шуугиан дэгдээсэн. Энэ хэрэг явдлын дараа тус нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг “Херо энтертайнмент” студийн захирал Б.Баатар мэдээлэл хийж, зохион байгуулалттайгаар маш том бүлэглэлийн хийсэн хэрэг. Энэ бол цэвэр улс төрийн зорилготой явагдсан ажиллагаа боллоо. Тиймээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагынханд хандаж байна хэмээн мэдэгдэл хийж байсан.
Тэгвэл сүүлийн үед энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарах болсон бол үүнийг Херо энтертайнментийнхэн үгүйсгэв. Мөн дээрх хэрэгтэй холбоотойгоор тус нэвтрүүлгийг түр хугацаагаар түтгэлзүүлэх болсон талаар хөтлөгч П.Анужин мэдээлсэн юм. Харин энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн тус студынхэн мэдээлэл хийж, П.Анужингийн яриаг эрс үгүйсгэсэн билээ. Тэдний байр суурийг 24VS24 буландаа онцолж байна.
П.Анужин: “Монгол тулгатны 100 эрхэм”- ийг гаргахгүй
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн продюсер, санаачлагч, хөтлөгч П.Анужин тус нэвтрүүлгийн тусгай дугаарт бэлтгэсэн “нууц” дүрс бичлэг алдагдсан талаараа ярьсан бөгөөд түр хугацаанд дээрх нэвтрүүлэг гарахгүй байх талаар ч ярив.
Тэрбээр “Энэ нэвтрүүлэгийг санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлж байна. Дүрс бичлэг алдагдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.
Гэтэл тус газраас хэргийн тухайд том бүлэглэл үйлдсэн хэрэг биш гэж сэтгүүлчдэд мэдээлсэн. Тиймээс энэ дүрс бичлэг алдагдсан хэргийг нэг мөр шийдэгдэх хүртэлх хугацаанд Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээ түр түдгэлзүүлж байна” гэв.
Мөн нэвтрүүлгийг санаачлагч гэх П.Анужин нэвтрүүлгийнхээ оюуны өмчийн гэрчилгээгээ сэтгүүлчдэд үзүүлж, баримтжуулаад амжсан юм.
|
Б.Батзориг: “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг үзэгчдэд хэвийн хүрсээр байх болно
“Херо энтертайнмент”ийн ерөнхий найруулагч Б.Батзориг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн ярьсан зүйлсийг үгүйсгэж “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг цаашид үзэгчдэд хэвийн хүрсээр байх болно гэж мэдэгдлээ.
“Херо энтертайнмент” студийн уран бүтээлчид “Нэг хүний саналаар энэ олон хүний ажлыг үгүй хийж болохгүй. Тус нэвтрүүлгийн албан ёсны өмчлөгч нь Б.Баатар, П.Анужин нар учир уг нэвтрүүлгийг гаргах эсэхийг дан ганц хүний саналаар шийдвэрлэх боломжгүй.
Тиймээс уран бүтээлч, нэвтрүүлгийн багийнхны саналаар цаашид хэвийн үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Цаашид тус нэвтрүүлгийг “Дэлхийн Монголчууд” хэмээх нэрээр үргэлжлүүлнэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр дуулгалаа. |
24tsag.mn
Сэтгэгдэл (17)