УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цаг үеийн асуудлаар VTV-д ярилцлага өгчээ. Шударгаар үнэнийг өгүүлсэн түүний хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Жил хагасын өмнө болж өрнөсөн үйл явц өнөөдөр зорьсон зорилго, үр дүн лүүгээ алхаж байна шүү дээ. Магадгүй, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан шалтгаан нь Тэмүүжин гэдэг хүнийг Хууль зүйн салбараас зайлуулах давхар хэрэгцээ ч байсан байх.
Баримт 2. Маш олон хүн “Хуулийн салбар, хуулийн салбарын эрх мэдэлтнүүд миний хүн байх ёсой” гэсэн атгаг бодолтой явдаг. Миний хүн байж намайг хамгаална, бизнес маань эрсдэлгүй байна, дургүй хүрвэл өрсөлдөгчөө ч айлгаж, намнаж болно гэдэг бодолтой байсан.
Баримт 3. Тэр бүх бодолд нь би “Хуулийн байгууллагыг хэн нэгний алх болгож аваачиж өгнө гэвэл уучлаарай, энэ хуулийн засаглал биш ээ” гэж хариулж байсан. Заримтай нь түр тар хийгээд салж ч байсан.
Баримт 4. Барын зулзагыг бага дээр нь гэдэг л болсон шүү дээ. Одоо харахад хэний ямар бүлэглэл өөрсдийн гэсэн Хууль зүйн сайдтай болох гэж чармайсан, хийсэн хулгай луйвраа хүчний байгууллагуудаар дарах гэж оролдсон бэ гэдэг нь маш тодорхой харагдаж байна л даа.
Баримт 5. Намайг сайдаас огцруулахын тулд ямар үйл ажиллагаанууд явуулсныг л эргээд саначих. Тэр үед нь ч би нэр заагаад хэлж байсан. Цагдаагийн байгууллагын удирдлагууд “Баянгол” зочид буудлын өрөөнд хуралддаг болчихсон л үе байсан шүү дээ.
Баримт 6. Ерөнхий прокурор, цагдаагийн дарга нэг фракци болоод УИХ-ын нэг гишүүнтэй нийлээд над руу боорлосон. Өнөөдөр яг тэр бүтцээрээ ЦЕГ-ын дарга руу боорлож байна. Эцсийн зорилго юув? Зүгээр л хулгай, луйвраа нуун далдлах.
Баримт 7. Ерөнхий прокуророос Хууль зүйн сайд болсон хүн сайдын суудлынхаа хариуг юугаар төлөх вэ гэдгийг олон нийт харж байгаа.
Баримт 8. Хууль зүйн сайд хүн энэ улсад хууль сахиулах, хулгай зэлгийг таслах, шударга ёсыг тогтоох, өмгөөлж хамгаалах ёстой биз дээ. Түүнээс биш ажлаа хийж байгаа байгууллагын ажил үйлийг харлуулж, хэдэн луйварчны захиалгаар удирдлагыг нь огцруулах гэж улайрч суудаг сандал ширээ биш.
Баримт 9. УИХ-ын чуулган дээр хүртэл тэр хурандаа нараа авчираад “төрийн нууц” гэдгээр халхавчилж хүнийг гэмт хэрэгт гүтгэж байсан л нөхөд шүү дээ.
Баримт 10. Гэвч хуулийн хашаа гэж нэг юм байна. Хичнээн тонгочсон ч гэсэн буцаагаад татаад оруулаад ирдэг хуулийн хашаа байна аа. Монгол Улс муу ч, сайн ч бас нэг хуультай улс.
Баримт 11. Д.Дорлигжавын гар хөл болж явсан тэр хурандаа нар өнөөдөр хүн гүтгэсэн, хууль бусаар тагнаж чагнасан хэрэгтээ шалгагдаж байна. Тэнд гэрчээр дуудагдсан, мэдээлэл нь авагдсан олон хүн байсан. Гэтэл тэр хүмүүс дээр давхцуулаад “төрийн нууц задалсан” хэргээр эрүү үүсгээд шалгаж байгаа юм байна.
Баримт 12. Хуулийн байгууллагыг хүссэнээрээ хөдөлгөнө гэж бодож байсан хүмүүс тэр гар хөлөө алдахаар бачуурч үхэх гэж байна л даа. Сүүлдээ бүр улаан цагаандаа гарч байна. Хуулийн салбарыг яагаад шинэчлэх ёстой вэ гэдгийг тэр хүмүүс дахин дахин ойлгуулж байна.
Баримт 13. “Чи миний хүмүүсийг халлаа” гээд цаас бариад орж ирсэн хүн бол Женко. Тэдэн дотор нь өнөөдөр өөрийнх нь үзэн ядаад байгаа Р.Чингис байсан, ”Энэ миний хүн” гээд зааж байсан.
Баримт 14. Би ганц л үг хэлсэн. 2012 онд бид нэг амлалт өгсөн. Цагдаагийн байгууллага аль нэг эдийн засгийн бүлэглэл, улстөрч, тэр тусмаа рецетив гэмт хэрэгтнүүдийн гар хөл байж болохгүй. Тиймээс бид энэ шинэтгэлийг дэмжих боломжтой хүмүүсээ томилно гэж.
Баримт 15. Цагдаагийн дарга хэн байхаас үл хамаараад очсон хүнийг нь худалдаж авдаг систем ажиллаж байгаа байхгүй юу. Хийх гэж байгаа шинэтгэлийн өмнө тээглээд зогсч байгаа бол хэнтэй ч гэсэн зарчмаа бариад тулахаас өөр аргагүй. Тэр нь Х.Баттулга байна уу, хэн байна хамаагүй.
Баримт 16. Д.Дорлигжав сайд ЦЕГ-ын дэд даргаар Ц.Батсүх гэдэг хүнийг томилсон. Энэ хүнийг Цагдаагийн дарга болгох, цагдаагийн удирдлагад байлгах бүх яриа хэлцлийг манайдаа рецедив гэгддэг нэр бүхий хүмүүс хийдэг юм.
Баримт 17. Цагдаагийн дарга хэн байхыг хулгайч нар шийддэг байвал цагдаа өөрөө тэдний үйл ажиллагааг хууль ёсны болгох хэрэгсэл л болж хувирна. Тийм учраас ийм хүмүүсийг дээш гаргаж хэрхэвч болохгүй гэдгийг би тухайн үед нь ч хэлж байсан.
Баримт 18. Монгол Улсад хууль байдаг бол, хуулийн өмнө хүн бүр тэгш гэдэг үнэн бол гудамжинд яваа хулгайчаа “паа пүү” гэж барьж хорьчихоод төрд байгаа хулгайчаа эх орончоор нь дуудаад сууж болохгүй л дээ.
Баримт 19. Хулгай луйвраа нуух, авлигаа аргацаахын тулд хуулийг болон хуулийн байгууллагуудыг дэвслэх гэж оролдож байгаа бол тэрнийх нь эсрэг “Боль оо” гэж хэлж чадах хэсэг нь зогсох л ёстой.
Баримт 20. Цагдаагийн даргатай холбоотой энэ талцал ч гэсэн эцсийн дүндээ хаана очиж байна гэхээр УИХ, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гурав дээр очоод “хэн нь илүү хүчтэй вэ” гэдэг хэрүүл рүү л орж байна шүү дээ.
Баримт 21. Би энэ гурван субектэд гурвууланд нь шүүмжлэлтэй ханддаг. УИХ-ын дарга УИХ-аасаа давсан эрх мэдэл эдлээд байж болохгүй шүү дээ.
Баримт 22. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг хүн өнөөдөр Үндсэн хуульд заасан эрх мэдлээсээ арав дахин илүү эрх мэдлийг өөр дээрээ овоолчихсон байна.
Баримт 23. Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхий сайдаас УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болонгуутаа “Ерөнхийлөгчид Ерөнхий сайдын хэмжээний эрх мэдэл байх ёстой юм байна” гээд бүх эрх мэдлийг өөр дээрээ овоолсон.
Баримт 24. Манай Ерөнхий сайд бол тоглоомын Ерөнхий сайд болсон. Ерөнхий сайдын түвшний эрх мэдэл тэр хүнд олгогдохгүй байна. Нэг талаас нь Ерөнхийлөгч, нөгөө талаас нь УИХ-ын дарга булааж аваад, эндээс 76 гишүүн татаж чангаагаад тэр хүний эрх мэдлийг юу ч үгүй болтол нь мэрж байна. Огт эрх мэдэлгүй гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн хэзээ ч хангалттай үр ашигтай ажиллаж чадахгүй.
24tsag.mn
Сэтгэгдэл (79)