2016 оны эхний гурван сарын байдлаар нийт 59 хүүхэд Улаанбурхан өвчнөөр эндээд байна. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан. 2012 онд манай улсад мөн л энэ өвчлөл тархаж улс даяар улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтын аян өрнүүлж байсан. Гэвч энэ онд дахин хурдацтайгаар тархаж эхэллээ. Уг нь ХӨСҮТ-өөс 2015 он гэхэд энэ өвчнийг бүрэн устана гэж ам гараад байсан ч ийн дэгдэж эхэллээ. Ингээд эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаад буй улаанбурхан өвчний талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Энэ оны эхний гурван сарын дотор уг өвчнөөр 59 хүүхэд эндээд байна. ЭМС-ын яам болон Шадар сайд Ц.Оюунбаатарын мэдээлж буйгаар дээрх эндсэн хүүхдүүд нь бүгд архаг, суурь өвчтэй байсан гэнэ.
Баримт 2. 2016 он гарсаар улсын хэмжээнд 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Халдварт өвчин судлалын төвд улаанбурхан өвчний улмаас 13515 өвчтөн эмчлэгдэж үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгджээ. Ийм ачаалал, ийм хүндрэл өмнө нь байгаагүй гэнэ.
Баримт 3. Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусийн гаралтай цочмог халдварт өвчин юм.
Баримт 4. IX зууны үед Арабын эмч Rhazes улаанбурханы эмнэлзүйн тухай бичиж Morbilli гэж нэрлэж байсан.
Баримт 5. XVIIзууны үед Английн эрдэмтэн Т.Сиденгам , францын эмч Мортон нар улаанбурханы тухай бичиж байсан.
Баримт 6. XVIIIзууны үед Италын эрдэмтэн Р.Борсиери улаанбурхан өвчнийг биеэ даасан өвчин гэж тэмдэглэж байсан байна.
Баримт 7. Дундад зууны үед улаанбурхан өвчнийг хүүхдийн хамгийн аюултай өвчин гэж тооцож байсан ба Орос оронд энэ өвчний улмаас 4 хүүхэд тутмын нэг нь нас барж байсан.
Баримт 8. 1900-1910 онд зөвхөн Европд нэг сая орчим хүүхэд эндэж байсан. Иймээс хүүхдийн тахал гэж нэрлэж байсан.
Баримт 9. XXзууны эхэнд улаанбурхан өвчнийг вирусийн гаралтай болохыг тогтоосон бөгөөд 1954 онд Америкийн эрдэмтэн Эндюрс, Пиблс нар улаан бурханы вирусийг анх ялган авсан.
Баримт 10. 1967 онд Оросын эрдэмтэн А.А Смородинцевын удирдсан эрдэмтэд Улаан бурханы вакциныг гаргаж авсан.
Баримт 11. Орчин үед Улаан бурхан өвчнийг судалсан түүхийг 3 үе болгон авч үзэж байна.
Баримт 12. Өвчний нууц үеийн сүүлчээс эхлэн улайралтын үе, тууралтын эхний үеүүдэд халдвартай. Өвчин хүндэрсэн үед тууралтын 10 хүртэл хоног халдвартай гэж үздэг.
Баримт 13. Халдвар дамжих зам агаар дуслын зам. Ханиах, найтаах, ярих үед цэр нус шүлсний хамт гадаад орчинд цацагдаж тархана. Халдварлалтын индекс 95-100% байдаг. Ихэвчлэн 1-5 насны хүүхдүүд өвчилнө. 3 хүртэлх сартай хүүхэд эхээсээ бэлэн дархлаа авсан тул өвдөхгүй. Өвчлөл хүйтэн, сэрүүний улиралд ихэсдэг. Өвдсөний дараа тогтвортой дархлаа тогтоно.
Баримт 14. 2012 оноос өмнөх гурван жилд манай улсад улаанбурхан өвчин бүртгэгдээгүй. Харин ижил вакцин тарьдаг БНХАУ, ОХУ-д уг өвчин бүртгэгдсээр байсан.
Баримт 15. Өөрөөр хэлбэл, Хүүхэд бүрт уг өвчний эсрэг вакцин тарих болсноор улаанбурхан сүүлийн жилүүдэд огт гараагүй байсан. Гэвч 2015 он буюу энэ жил улаанбурханы дэгдэлт газар авах шинжтэй байгааг эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулж байсан.
Баримт 16. Өвчний нууц хугацаа: 9-11 хоног, хамгийн богино нь 7 хоног урт нь 21-28 хоног хүртэл уртсаж болдог. Эмнэл зүй үе шатаар нь улайх үрэвслийн үе шат 3-4 хоног үргэлжилдэг. Энэ үед 38-40 С хүртэл халуурч хоол унданд дургүй болох, цочромтгой болохоос гадна улаан бурхны гурвал шинж гарна. Хамар битүүрч, хоолой өвдөж, өндөр халуурч, аман дотор болон чихний араас улаан тууралч гарч эхэлнэ.
Баримт 17. ХӨСҮТ-ийн зүгээс “Манай улсын ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсэд хамаарах бөгөөд энэ бүс нутагт 2015 он гэхэд улаанбурхан өвчнийг бүрэн устгах зорилго тавин ажиллаж байгаа” гэдгээ онцолж байсан.
Баримт 18. Энэ өвчин ОХУ, Хятад, Казакстан зэрэг улсад нэлээд дэгдээд байгаа. Харин манай улсад гарсан өвчин нь БНХАУ-аас оюутан, бизнес эрхэлдэг иргэдээр дамжин орж гэсэн гэх судалгаа байна.
Баримт 19. Хятадад Улаанбурхан өвчний 2000 гаруй тохиолдол илэрсэн. Эдгээрийн вирус нь манай улсад бүртгэгдсэн вирустэй ижил төрлийнх байгааг албаныхан хэлж байна.
Баримт 20. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд вакцины талаар буруу ойлголттой болсноор вакцинд хамрагдах хүүхдийн тоо буурсан. Үүнээс болж вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тухайн өвчнөөр өвчилж байгаа аж. Гэхдээ энэ өвчнөөр хүн нэг л удаа өвчилдөг.
Баримт 21. 2015 оноос хойш 6 сартайгаас 6 хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулсан байна. Мөн хоёрдугаар шатны нэмэлт дархлаажуулалтад 948 сая 300 мянган төгрөгийг шийдвэрлүүлж, 627500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийг НҮБ-ын хүүхдийн санд захиалсанаар вакцин наашаа ачигджээ
Баримт 22. Өвчнөөс сэргийлэхийн тулд дархлагаа дэмжиж, вакцинд хамрагдах нь хамгийн шалгарсан арга аж.
Баримт 23. Улаанбурханы вирус үржиж байх үед нянгийн халдвар авснаас дунд чихний үрэвсэл, уушгины хатгаа, сахуулай /ларингит/ суулгат халдвар, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй байдаг.
Баримт 24. Улаанбурхан өвчин агаар дуслаар маш хурдан халдварладаг өвчин учраас бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар хамаагүй явуулахгүй, хүйтэн зүйл уулгаж, даарч хөрүүлэхгүй байлгаж, хөнгөн чанарын шингэц сайтай хоол хүнс хэрэглүүлэх шаарлагатай.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)