Төрийн ордны их танхимаас хонгил руу чирэгдэж, гартаа гавтай ачигдсан анхны хүн Л.Наранбаатар боллоо. Эдийн засгийн форумыг хааж, индэрт үг хэлж байсан УИХ-ын дарга руу оймс шиддэг энэ залуу хэн бэ? Ингээд дуулианы эзэн Л.Наранбаатарын тухай 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Дархан хотод төрсөн тэрбээр энэ жил 37 настай.
Баримт 2. Тэрбээр есөн хүүхэдтэй айлын зургаа дахь хүү. Гэрээсээ ганцаараа их сургууль төгсөж, дээд боловсрол эзэмшсэн.
Баримт 3. Аав нь экскаваторчин, Улсын мэргэн харваач Лүнтэг юм.
Баримт 4. ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн Эдийн засаг, менежментийн ангийг төгссөн.
Баримт 5. Эрдэс баялагийн эдийн засагч мэргэжилтэй.
Баримт 6. Шарын голын уурхайд экскаваторчны туслах, мастераар ажиллаж байсан.
Баримт 7. КТМС-ийн магистрт сурч байсан ч төлбөрөө дийлэлгүй орхиж байсан.
Баримт 8. 2003 онд “Айвенхоу майнз”-ын “Оюутолгой” төсөлд өрөмдлөгийн туслах ажилчнаар орж, Өмнөговьд жил хүрэхгүй хугацаанд ажилласан байна.
Баримт 9. “Монголын алт” компанид эдийн засагчаар ажилд орж удирдах зөвлөлийн гишүүн нь хүртэл дэвшжээ.
Баримт 10. Тэрбээр 2008 онд “Монголын алт” компаниас гарч, техник эдийн засгийн үндэслэл буюу ТЭЗҮ хийдэг “Гложекс” компаниа байгуулсан байна.
Баримт 11. Түүний “Гложекс” компани уул уурхайн тэсрэлтийн жилүүдэд маш их амжилт олж, чадварлаг 100 гаруй монгол инженер, эдийн засагчдыг нэгтгэсэн томоохон групп болон өссөн байна.
Баримт 12. Glogex компани нь mining.mn сайт ажиллуулж нүүрсний чиглэлээр сүүлийн хэдэн жил дагнан гадны хөрөнгө оруулагчдыг татах “Coal Mongolia”, “Invest Mongolia”, “Metals Mongolia” арга хэмжээг зохион байгуулж иржээ.
Баримт 13. "Гложекс”-оо өндийж эхэлмэгц Л.Наранбаатар АН-д гишүүнээр элсэн идэвхтэй ажиллах болсон байна.
Баримт 14. Тэрбээр 2013 онд Дархан-Уул аймгийн АН-ын хорооны даргаар сонгогдсон удаатай.
Баримт 15. Дарханы АН-ын тэмцэлд тэрбээр ялагдаж Н.Мөнхдаш, түүний ах Н.Мягмардаш нарт албан тушаалаа өгсөн байдаг. Өөрийг нь Дашууд дарамталж байгаа бичлэгийг хэвлэлийнхэнд сонсгож байсан нь тухайн үедээ багахан дуулиан тарьж байлаа.
Баримт 16. Л.Наранбаатар Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийг байгуулан тэмцэж байсан боловч сүүлдээ АН-ын дарга З.Энхболдыг огцруулах тэмцэл болж хувирсан юм.
Баримт 17. З.Энхболд Дашуудыг АН-ын хорооны удирдлага гэж үздэг бөгөөд УИХ-ын 2016 оны сонгуульд Дарханы тойрогт нэр дэвших Л.Наранбаатарын горьдлогыг үл хэрэгсдэг аж. Энэ бол яагаад З.Энхболд руу оймсоо чулуудсаныг нь тайлах улс төрийн шалтгаан.
Баримт 18. Л.Наранбаатарыг 2016 оны сонгуульд Дархан-Уул аймагт горилж байгаа гэх албан бус мэдээлэл байгаа юм.
Баримт 19. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд намын даргынхаа үйл ажиллагааг эсэргүүцэж хэд, хэдэн удаа жагсаал цуглаан хийн бужигнуулж явсан удаатай.
Баримт 20. Англи хэлтэй.
Баримт 21.Үндэсний сурын харваагаар 28 жил хичээллэж байгаа.
Баримт 22. Л.Наранбаатарыг зарим нь “MCS”-ийн гар хөл гэж байхад зарим нь М.Энхсайханы “бууны нохой” гэж хочилдог.
Баримт 23. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидсэн хэмээн 20 мянган төгрөгөөр торгоод сулласан байдаг. Түүний гаргасан үйлдэл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хүрээнд болсон тул өөр хариуцлага хүлээлгээгүй аж.
Баримт 24. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболд руу оймс шидсэн талаараа “Ийм ялзарсан улс төрчдийг ард түмэн хуучирсан оймс шиг солих цаг болсон. Тиймээс оймсоо шидсэн. Гутлыг эхнэр минь цэргийн баяраар бэлэглэсэн. Тийм үнэ цэнэтэй зүйлийг тийм хүн рүү шидэхгүй" гэсэн юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (25)