Хөгжмийн бүтээлүүдээрээ олныг бишрүүлж чаддаг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбатыг танихгүй хүн ховор. Түүнийг Монголын хөгжмийн урлагийн ноён оргилууд гэгдэх Н.Жанцанноров, Б.Шарав нарын араас дөрөө жийн давхиж яваа чадварлаг уран бүтээлч гэгддэг билээ. Энэ цагийн монголын урлагийн тод өнгө Б.Чинбатын амьдралын түүхийг 24tsag.mn фото зургуудаар хүргэж байна.
Бага нас. МУГЖ н.Батмөнхийн отгон хүү болон мэндэлсэн Б.Чинбат нэг эгчтэй. Түүний эгч Б.Гэрэлчимэг нь дүүгийнхээ хөгжмийн авьяастайг мэдэж Хөгжим бүжгийн сургуульд аав, ээждээ хэлэлгүйгээр нууцаар бүртгүүлж урлагийн ертөнцөд хөл тавиулж байжээ.
Урт үс. ХБК-ийн оюутан Б.Чинбаа тухайн үед охидын байтугай хөвгүүдийн атаархлыг төрүүлэм өтгөн урт гэзэгтэй байсныг зурган дээрээс харж болно.
Моод дэлгэрүүлэгч. Никитоныхон үсээ ургуулдаг моодыг Хөгжим Бүжгийн коллежид дэлгэрүүлж, тус сургуулийнхан эрэгтэй, эмэгтэйгүй үсээ ургуулж байсан үе.
Ажлын гараа. Тэрээр “Никитон”-д даралтат хөгжимчин хийж байсан юм. Мөн Америкт төдийгүй дэлхийд амьд домог болсон Арета Франклины даралтат хөгжимчин байв.
Анхны хайр. Б.Чинбаагийн анхны хайр нь "Sweetymotion" хамтлагийн Ц.Сарнай. Анхны хайр нь амьдрал болж, гал голомтоо бадраав. Б.Чинбаа, Ц.Сарнай хоёр Монголын урлагийн ертөнцийн хүчирхэг нэгэн хос билээ.
Гэргий. Б.Чинбаагийн хайрыг татсан Ц.Сарнай багадаа яг л хүүхэлдэй шиг охин байв.
Амьдралын утга учир. Хөгжмийн зохиолч Б.Чинбат, Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар Ч.Мишээл гэх охинтой. 11 жил үерхсэний эцэст гэрлэж, охинтой болсон тэднийг Монгол залууст үлгэр жишээ болохуйц сайхан хос хэмээн ойр дотныхон нь үнэлдэг билээ.
Хатуу багш. “Sweetymotion”-ыг хамтлагийн продюсер Б.Чинбаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Б.Чинбаа “Sweetymotion”-ыхны хөгжилтэй, найрсаг, үнэнч найз, мөн хатуухан багш нь юм.
Нөхөрлөл. "Номин талст" хамтлагийнхан ч Б.Чинбаатай салшгүй холбоотой мөнхийн найзууд. Тэдний үйлдэл бүрээс нь үерхэл нөхөрлөлийн гал дүрэлцэж байдаг юм.
Монголын хүү. Б.Чинбатын найруулсан хөгжим АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр эгшиглэж байв. Учир нь Арета Франклин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол дээр “Country Tis’ of Thee” дуугаа дуулсан. Энэ дууны найруулгыг Монголоор овоглосон Чинбаа хийж байжээ.
Ээжийн нутаг. Б.Чинбат усанд яг л загас шиг. Тэрбээр усанд сэлэх дуртай нэгэн аж. Ээжийнхээ нутаг болох Увс аймгийн 90 жилийн ойгоор очоод энэхүү зургийг татуулжээ.
Дэлхийд танигдав. Хөгжмийн урлагт өөрийн өнгө төрхийг тодорхойлж чадсан Б.Чинбатыг дэлхийн хөгжмийн урлагт ч өндөрөөр үнэлдэг билээ. Америкт хамтран ажиллаж байсан хөгжмийн зохиолч Жон Стийл түүний тухай “Тэр бол ямар ч төрлийн хөгжмийг нэг л сонсоод найруулан тавих маш нарийн мэдрэмжтэй. Зөвхөн өөрийн гэсэн тэр зүйлийг нэмж чаддаг ийм авьяас дэлхийд цөөхөн хүнд заяадаг” хэмээн “Дэйлихералд” сонинд өгсөн ярилцлагадаа бахдан ярьсан байдаг.
Сэтгэгдэл (16)