Залуу хүний уран зориг, хийж бүтээхийн хүсэл тэмүүлэлд хөтлөгдөн буй залуус олон. Тэдний нэг болон гялалцаж яваа хөгжмийн зохиолч СТА Б.Одбаярын талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Баттогтохын Одбаяр нь олон түмнээ Оки нэрээр танигджээ.
Баримт 2. Оки урлагийн ертөнцөд зургаан настайдаа хөл тавьсан байна. Түүний хүүхэд нас Хөгжим бүжгийн сургуульд өнгөрсөн гэхэд нэг их хилсдэхгүй.
Баримт 3. Тэрбээр их ном уншдаг хүүхэд байжээ. Түүний гэр бүлд урлагийн хүн төдийлөн олон байдаггүй ч эмээгийнх нь ах Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин н.Цогтсайхан гэж хүн байдаг аж. Тиймээс Оки ээжийнхээ мөрөөдлийг биелүүлж урлагийн хүн болсон байна.
Баримт 4. Оки Хөгжим бүжгийн коллежид суралцаж байхдаа “Нэгүн” хамтлагыг байгуулж, уран бүтээлийнхээ гараагаа эхэлсэн байна.
Баримт 5. Тухайн үед тэрбээр хамтлагийнхаа хамгийн бүдүүн буюу суурь хоолой гаргаж дуулдаг байсан гэнэ. Нэг үгээр хэлбэл Басс хоолой гаргаж дуулдаг байсан аж.
Баримт 6. “Нэгүн” хамтлаг 2007 онд анхныхаа ‘Lover” дууг гаргаж байв.
Баримт 7. Оки 2009 онд “Нэгүн” студиэ албан ёсоор байгуулсан байна.
Баримт 8. Түүний эхнэр хөгжим судлаач, төгөлдөр хуурч мэргэжилтэй нэгэн. Тийм болохоор Окигийн ажлыг хамгийн сайн ойлгодог хүмүүсийн нэг аж.
Баримт 9. Тэрбээр хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг мэдрүүлж чадсан нэгэн юм.
Баримт 10. Хөгжмийн зохиолч Оки 2012 оны 8 сарын 6-ны өдөр СТА хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан.
Баримт 11. Оки “Энэхүү эрхэм хүндтэй шагналыг авснаараа цаашид илүү их зүйлийг хийх ёстой юм байнаа гэж хамгийн түрүүнд бодогдсон” гэж баярын сэтгэгдлээ хуваалцаж байв.
Баримт 12. “Гэгээн Муза-2014” наадмаас “Сэрүүн хасын нууц” жүжгийн хөгжмийн бүтээлээрээ шилдэг хөгжмийн зохиолчын шагналыг хүртсэн юм. Энэхүү амжилт нь түүнийг "Муза" хүртсэн хамгийн залуу хөгжмийн зохиолч болгосон гэхэд болно.
Баримт 13. Энэхүү шагналаа өөрийн мэргэжлийн багш, Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шараваас хүртсэн нь басхүү нэгэн сониорхолтой үйл явдал болсон билээ.
Баримт 14. Мөн 2014 онд “Mongolian Academy Awards”-аас өөрийн ажилласан “Үргээлэг” уран сайхны киноны хөгжмөөрөө мөн л шилдэг хөгжмийн зохиолчын шагналыг хүртэж, амжилтаа бататгав. Залуу уран бүтээлчийн хувьд, энэхүү хүндтэй шагналыг Монголын нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровоос хүртсэн нь бүр ч гайхалтай, цаашид ч олон шилдэг хэмжээний бүтээл туурвих онгод хийморь хайрласан.
Баримт 15. Хөгжмийн зохиолч Оки ийнхүү 2014 онд тайз, дэлгэцийн төрөлд хоёуланд нь манлайлж, шилдэг амжилт үзүүлж байлаа.
Баримт 16. Харин 2015 онд Кино академийн дээд шагналаар шагнагдсан юм.
Баримт 17. Тэрбээр “Гоёлын даашинз”, “Татар ажиллагаа”, “Болсон явдал”, “Амьдралд тавтай морил”, “Валентины захидал”, “Худалч хүү”, “Бодлын хулгайч” зэрэг 30 гаруй киноны хөгжим дээр ажилласан байна.
Баримт 18. Харин 2008 онд “Эдип хаан”, 2013 “Сэрүүн хасын нууц” жүжгийн хөгжмийг бичжээ.
Баримт 19. Б.Одбаяр 2000 Хөгжим Бүжгийн Коллежийг дүүргэсэн.
Баримт 20. 2002-2007 Хөгжим Бүжгийн Коллежид төгөлдөр хуурч мэргэжлийг эзэмшисэн байна. Түүний багш МУГБ, проф. Ч.Тунгалаг аж.
Баримт 21. Хүн үргэлж сурч боловсрох ёстой гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог тэрбээр 2015 онд ХБК-н зохиомжийн ангид Төрийн соёрхолт, УГЗ Б.Шаравын удирдлаганд суралцан төгсчээ.
Баримт 22. Б.Одбаяр төгөлдөр хуурч мэргэжлээр суралцаж байхдаа буюу 2004-2005 ”TIME CODE” studio-д ажиллаж байсан байна.
Баримт 23. Мөн 2007-2009 NEXT STAR studio-д хөгжмийн найруулагч, продюсероор тус тус ажилласан аж.
Баримт 24. Оки зав л олдвол хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хичээдэг гэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)