УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон асуудал олны анхаарлыг татсаар байна.
Түүний туслах бүсгүйчүүдийг саатуулж, байцаалт авсан нь уг асуудлыг улам хурцатгасан билээ.
Тэгвэл улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээгдээд буй барьвчилгааны талаар болон Х.Баттулгыг тойрон өрнөж буй үйл явдлын талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан 2015 оны 11 сард Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг цагдан хорьж баривчилсан нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тойрсон дуулианы эхлэл болов.
Баримт 2. Түүнийг бусадтай нийлж их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэн цагдан хорьсон бөгөөд “Самсунг СТ”- ХХК-ийн захирал Ли Жон Гёлыг мөн баривчилсан юм.
Баримт 3. Мөн эл хэрэгт холбогдуулан Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг сэжигтнээр татсан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, 1661.1-т заасан мөнгө угаах, 272.2-т заасан албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцсон аж.
Баримт 4. Х.Баттулгыг сайдаар ажиллаж байх үед туслахаар нь ажиллаж байсан Г.Түвшинжаргалыг энэ сарын 16-нд гэрээс нь баривчилж, саатуулав.
Баримт 5. Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.
Баримт 6. Мөн тухайн өдөр Х.Баттулгын туслах “Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг баривчилсан ч тухайн өдрөө мэдүүлэг аваад сулалсан байна.
Баримт 7. Тэднийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ.
Баримт 8. Г.Түвшинжаргалыг цаашид үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд өнгөрсөн баасан гаригт болов.
Баримт 9. Шүүхээс Г.Түвшинжаргалыг Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын 32 га газрыг 3200 га болгон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэн үргэлжлүүлэн 14 хоног хорих шийдвэр гаргасан билээ.
Баримт 10. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Х.Баттулга, түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нар хүрэлцэн ирсэн.
Баримт 11. Х.Баттулга энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. Тэрбээр “Тавантолгойг олон жилийн хугацаатай гадныханд зарах гэж байсан булхайг нь илчиллээ хэмээн миний эргэн тойрон дахь хүмүүсийг баривчилж, шалгаж байна. Анх эрчүүдийг нь хэрэгт тулган баривчилж байсан бол одоо эмэгтэйчүүд рүү дайрах боллоо” хэмээн мэдээлсэн.
Баримт 12. Мөн тэрбээр Б.Батзаяаг “Шинэ төмөр” замын хэргээр таван сарын турш баривчилж тамалсан. Гэвч юу ч гараагүй гэдгийг ч хатуухан хэлсэн бөгөөд Г.Түвшинжаргалд мөнгө угаах, захиран зарцуулах эрх байхгүй. Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ хэмээсэн нь олны анхаарлыг татсан юм.
Баримт 13. Х.Баттулга “Тавантолгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна” гэж үзэж байгаа аж.
Баримт 14. Мөн тэрээр удахгүй “Нүүрсний бүлэг”-тэй тэмцэж, булхайг нь илчилнэ гэдгээ ч мэдэгдсэн юм. Түүний хэлсэн “Нүүрсний бүлэг”-т Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын С.Баярцогт, Сү.Батболд, Ц.Нямдорж, С.Баяр тэргүүтэй хүмүүс багтдаг аж.
Баримт 15. Тэгвэл Х.Баттулгын тойрсон баривчилгааг улстөржүүлж харах хүмүүс олон байна. Тухайлбал Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар Г.Түвшинжаргалын баривчлах болсон шалтгааныг төмөр замын асуудалтай холбон тайлбарласан.
Баримт 16. Тиймээс ч эл хэрэгт “МСS” холбогдож, ЦЕГ-ын удирдлага хүртэл оролцсон нь улс төрийн зорилготой гэж хардахад хүргэв.
Баримт 17. Гэвч ЦЕГ дээрх мэдээллийг үгүйсгэж, ЦЕГ болон Р.Чингисийн нэр төрд халдсан болохыг мэдээлж, дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг анхааруулсан.
Баримт 18. Дээрх асуудлуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баттулга Хуульзүйн сайд Д.Дорлигжавт хүсэлт явуулав. Тэрбээр "Өөрийг нь улс төрөөс шахан гаргах зорилгоор үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, түүний хамтран ажиллагчид ялангуяа эмэгтэйчүүдийг баривчлан саатуулахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа”-г дурдаж энэ бүхнийг таслан зогсооход хүчин чармайлт гаргахыг Хуульзүйн сайдаас хүсчээ.
Баримт 19. Харин Хуульзүйн сайд Д.Дорлигжав Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарт албан бичиг илгээжээ.
Баримт 20. Л.Түвшинжаргалын бага хүүхэд нь бор хоолонд ороод удаагүй, эхийнхээ сүүг хөхөж байгаа хөхүүл хүүхэд аж. Гэтэл хуулийн байгууллагынхан хүүг ээжтэй нь уулзуулж хөхүүлэхгүй байсан УИХ-ын гишүүн Г.Уянга хорих ангид очиж байдалтай танилцсан юм.
Баримт 21. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ээж, хүү хоёрыг уулзуулахгүй байгаа гэв. Тиймээс Г.Уянга газар дээрээс нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав руу ярьж, эх хүүхэд хоёрыг уулзуулж, хүүхдийг хооллохыг хүссэн. Харин хууль зүйн сайд Л.Түвшинжаргал бага насны хүүхэдтэй гэдгийг мэдээгүй бөгөөд ЦЕГ-ын дарга Чингис 4 настай хүүхэдтэй гэж мэдэлсэн гэдгийг хэлсэн нь олны анхаарлыг дахин татав.
Баримт 22. УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн 148.4-т заасан онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэдгийг өчигдөр ЦЕГ-аас мэдээлэв.
Баримт 23. Түүнчлэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Л.Түвшинжаргалыг суллахгүй, харин ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтийг энэ сарын 21-нд өмгөөлөгч нь гаргасны дагуу өчигдөр зөвшөөрлийг нь хүлээж авсан. Тиймээс ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар болсон” гэдгийг мэдээлсэн.
Баримт 24. Тэгвэл өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат Хууль зүйн сайд Д.Дорлигжавт хандан албан бичиг илгээв. Ийнхүү нэгэн гишүүний туслах баривчлагдсан асуудал өдгөө улс төрчдийн болоод олны нийтийн анхаарлын төвд орсон гол сэдэв болоод байна.
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл (86)