Өнөөдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн Казах түмний баяр юм.
Ингээд тус баярын талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ.
Баримт 2. Энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж ирсэн байна.
Баримт 3. Наурыз дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж иржээ.
Баримт 4. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой.
Баримт 5. Наурыз гэдэг нь иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг аж.
Баримт 6. Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе.
Баримт 7. Гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг. Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг байж. Дараа нь “газар эх минь ивээлээ хайрла” гэж нээсэн худгийг нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүүгээ цацдаг ёс байсан аж.
Баримт 8. Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг.
Баримт 9. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утгыг илэрхийлдэг.
Баримт 10. Энэ өдөр манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлнэ.
Баримт 11. Учир нь нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө зургаан цагт мандах үе нь дундад Азийн улс орнуудын хувьд шөнийн гурван цагтай давхацдаг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж ирсэн уламжлалтай.
Баримт 12. Ард түмний дунд тархсан домгоор бол гуравдугаар сарын 21-ний шөнө ивээлт өвөө Кызыр даян дэлхийг хэсдэг гэнэ. Иймд энэ шөнийг “Кызырын шөнө” гэж нэрлэдэг аж.
Баримт 13. Кызыр гэдэг нь хүмүүст эд баялаг, аз жаргал, баяр баясгалан хайрладаг, өндөр настай өвгөн буурлын дүрээр дүрслэгдсэн гайхамшигтэй дүрс болой. Өөрөөр хэлбэл, нарны гэгээгээр илэрдэг аз жаргалыг элчийг “Кызыр” гэж ойлгож болно.
Баримт 14. Наурызын нэг онцлог нь эхний өдрийг угтахаас эхэлдэг. Казахууд үндэсний болон цэвэрхэн хувцсаа өмсч хоорондоо золгож бие биедээ баяр хүргэж мэндчилэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг.
Баримт 15. Эрчүүд хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлж золгодог. Эмэгтэйчүүд тэврэлдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мэндэлнэ. Хоёр гараараа барилцан цээж мөргүүлнэ гэдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж минь, амьдрах эх булаг болсон хоёр гар минь эсэн мэнд байг гэдгийг илэрхийлнэ.
Баримт 16. Наурызын баярт зориулж чанасан толгойг настай буюу цугларагсдын ахмад нь эхэлж зүсэх учиртай. Хонины толгойн эрүүний хуйхнаас зүсч эхлээд гэрийн эзэнд, дараа нь насны эрэмбээр нь бусад хүмүүст амсуулна.
Баримт 17. Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” хэмээх роол юм. Энэ нь “Наурыз-шөл” гэсэн үг.
Баримт 18. “Наурыз-шөл” нь амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн бүтцээс бүрдэнэ. Энэ нь: ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү зэрэг болно.
Баримт 19. Энэ бүтэц бол баяр баясгалантай байх, азтай байх, цэцэн байх, эрүүл байх, элбэг дэлбэг байх, хурдан шаламгай байх, өсч үрждэг байх, бурхнаас өршөөлтэй байх зэргийг илтгэдэг байна.
Баримт 20. Казахын ёсонд Наурызаар будаатай шөл хийдэг. Үр удам нь олон байхыг бэлэгшээсэн хэрэг юм.
Баримт 21. Казахууд Наурызыг тэмдэглэхэд “7” гэсэн тоо заавал ордог. Учир нь энэ бол долоо хоногийн нийт гарагийн тоо юм. Үүгээр гараг бүхнийг ижилхэн сайн хүмүүст ивээлтэй хэмээн үзэж, хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм.
Баримт 22. Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настай буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалах уламжлалтай. Хүндэтгэлийн энэ өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг хатуу цээрлэнэ.
Баримт 23. Эл өдөр заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээдэг явдал юм.
Баримт 24. Наурыз көжег 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл казахууд 40-ийн тоог эрхэмлэдэг. Тухайлбал, казахууд 40 настай эр хүнийг эрийн цээнд хүрсэн гэж үздэг, 40 хоргол буюу чулуугаар мэргэлдэг, хүн нас барсан хүнд долоо хоногт 40 гэрэл асааж хүндэтгэл үзүүлдэг, нас барагсдын 40 хоног дээр нь ёслол үйлдэж ном уншуулдаг гэх мэт ёс баримталдаг байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)