Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдад хандан захидал бичсэн.
Тэрбээр АСЕМ-ын хурлын үеэр нийслэлчүүдийг хөдөөг зорихыг уриалсан уриалгад эгдүүцэн, ийнхүү захидал бичсэн аж.
Түүний бичсэн захидал болоод энэ асуудалтай холбоотойгоор өгүүлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Саяхан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ерөнхий сайд таны цагийн байдалд зохируулсан “лүндэн”-гийн тухай сонслоо... Чих, нүд хоёртоо итгэхээс аргагүйд хүрэв.
Баримт 2. Утга агуулга нь Монголд болох АСЕМ-ын хурлын үеэр хөдөөний түмэн нийслэл хот руу орж ирэхгүй байх, хотын иргэд болж өгвөл хотоосоо гарч явбал зүйтэй... гэсэн “лүндэн” бололтой юм...
Баримт 3. Олон жилийн төрт ёсны түүхтэй, хүлээцтэй, тэвчээртэй, Монголын ард түмэн та бүхний олон алдааг уучилж байгаа шүү!
Баримт 4. Та нарын “хөл” чинь хүний эрхийг гишгичихээд, “ам” чинь хүний эрхийг дээдэлдэг...
Баримт 5. Та энэ “лүндэн”-гээрээ хүний эрхийг хорлонтой зөрчлөө... АСЕМ-ын томчуулд Монголын ард түмэн муухай харагдана гэж айгаа юү? Ард түмнээсээ ичиж байна уу? Тэгвэл “та” монгол хүнгүй Монголд АСЕМ-ын хурлаа хий л дээ.
Баримт 6. Тарган цатгалан, өнгө зүс, хувцас хунар сайтайгаараа зөвхөн та нар л монгол хүн, Монгол амьдралын өнгө болох ёстой юу? Та нар дэлхийд битгий хэл Монголдоо, Монголоо төлөөлж “чаддаггүй” шүү дээ! Монголчууд дэлхийд гологдоогүй ард түмэн шүү!
Баримт 7. Энэ шийдвэр гаргах болсондоо алиг шалигхан олон шалтаг хэлнэ дээ. Та нар замын түгжрэл, хэт бөөгнөрөл эмх замбараагүй байдал гээд л их юм ярина.
Баримт 8. Гэмт хэрэг, аливаа ёс бусад өртөж, эрхээ эвдүүлээгүй ард түмэн, гэртээ хоригдох, нийслэлдээ ирэх эрхээ хасуулах, зайлан дүрвэх тушаал эдлэх ёсон байхгүй.
Баримт 9. Агуу дээдэс, бурхад мориллоо ч ард түмэн амьдралаараа амьдарч, хэвийн эрхэт амьдрал орчиж л байх учиртай... Монголчууд эзэрхийлэн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж байсан болохоос... Элэгсэг, төрт ёсны зочиндоо сүүдэр ч хүргэж байгаагүй ард түмэн... хүргэх ч үгүй! Төрт ёсны хичээлийг дэлхийд заасан ард түмэн шүү! Та нар тэнэглэх зав яасан их юм бэ?
Баримт 10. Улсуудын далбааг алсын хаяагаар нь цухуйлгасан, угаасан хувцас хатааж байгаа юм шиг тайзтай хурал хийлээ...
Баримт 11. Мах буузны үнэрээс бага эрхтэй ард түмэн байх нь, бид чинь...
Баримт 12. Төрийн дээдсүүд аливаа шийдвэрийг хоорондоо зөвлөж, зөвшиж шийддэг байх гэж төсөөлье! Өөрсдөөрөө тоглуулах эрхийг ард түмэн та нарт өгчихсөн. Гэхдээ хугацаатай! Харин хүний эрхээрээ хэзээ ч тоглуулахгүй шүү... Эрхэм Ерөнхий сайд аа!
Баримт 13. Түүнийг Ерөнхий сайдад хандан захидал бичсний дараа цахим ертөнцөд хүмүүс захидлын талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлж байв. Зарим нь Б.Лхагвасүрэнг "Авсандаа орох болоогүй юм байхдаа" гэж хүртэл бичжээ.
Баримт 14. Би Монголын ард түмний төлөө бол дуугарахаа болихгүй. Үхэн үхтэлээ, ёстой л нөгөө авсандаа орохгүй яасан юм гэдэг шиг тэр яасан гэдэг өдрөө хүртэл дуугарах л болно гэж бодож байгаа. Би тийм сэтгэлийн өртэй юм, Монголын ард түмэнд.
Баримт 15. Түүний захидлын хариуг засгийн удирдлагууд өгөөгүй аж.
Баримт 16. Хүмүүс өөрийн бодолдоо яасан айхтар туйлын үнэмшилтэй болчихоо вэ. Өөрийн бодолдоо хэтэрхий үнэмшинэ гэдэг бол алдаа. Өөрийн бодол гэдэг чинь хэдийгээр өөрт зөв юм шиг боловч бусдын зөв байх нь бол цөөхөн тохиолдолд болно ш дээ.
Баримт 17. Уламжлалгүй шинэчлэлийн тухай л их ярьдаг болж. Монгол уламжлалгүй болсон нь харагдаж байгаа юм л даа.
Баримт 18. Ер нь манай улсад оюуны хоосролын их дажин явж байна даа. Юмыг нэг нухацтай уншаад буруу зөвийг хэлэхийн өмнө боддог, бодсоныхоо эцсийн гаргалгааг нь бичдэг тийм байдалд сурах ёстой л доо.
Баримт 19. Би бол төр төр гээд зүхээд байхад дургүй. Төр гэдэг чинь хоосон чанар л даа. Бодит чанар нь бол төрийн түшээд. Би чадахгүй улс мэдэхгүй ажлаа хийгээд байгаагаас энэ бүхэн үүсэж байгаа юм.
Баримт 20. Төртэйгөө харьцаж байгаа ард түмний харьцаа, яриа хөөрөө ч гэсэн маш жудаггүй боллоо л доо. Энэ чинь төр, ард түмэн хоёрын дундах том эвдрэл.
Баримт 21. Төр, төрийн түшээд хоёрыг жаахан ялгаж салгаж зүхэж баймаар юм. Юм л бол төрөө зүхээд байж болохгүй.
Баримт 22. Үнэхээр бид ирээдүйд ч гологдож эхэллээ. Их түүхэндээ ч нулимуулж эхэллээ. Ийм байж болохгүй л дээ.
Баримт 23. Намгүй болгох хэрэгтэй. Одоо удахгүй сонгууль болох гэж байна. Зорго зоргоороо хашгичаад, хэнийгээ үгүйсгэж, хэнийгээ магтдаг юм, нэг их дураараа улс. Дур зоргоороо байхад бас хэмжээ байдаг юм шүү.
Баримт 24. Ер нь хүн гэдэг амьтан агуу их хүн байж чаддаг, адгийн новш байж чаддаг. Харин мөрөөрөө амьдарна гэдгийг л чаддаггүй болчихсон юм шиг байгаа юм. Би тэгж бодоод энэ сэдвээр нэг шүлэг бичсэн.
24tsag.mn
Сэтгэгдэл (32)